УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн нарын санаачилснаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу дархан аварга цолтон хоёроор нэмэгдсэн. Шинэ хуулиар дархан аварга болсон аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнөөдөр цол тэмдгээ гардахаар болсон гэнэ.
Шинэ хуулинд улсын далай аварга цол байхгүй болж “Баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох”-оор заасан билээ.
Энэ дагуу улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ аварга, гарьд Б.Гантогтох арслан цолтой болж байгаа бөгөөд өнөөдөр А.Сүхбат, Г.Өсөхбаяр нартай хамт цол тэмдгээ гардах сурагтай байна.
А.Сүхбат аварга наадмаас өмнө дархан аварга цолоо авбал энэ жилийн наадамд зодоглоно гэж ам гарсан. Тиймээс түүний дархан аварга цолтойгоор наадмын дэвжээнээ дэвэхийг наадамчин олон харах нь бололтой.