Рио Де Жанейрогийн 2016 оны олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд буюу дэлхийн жүдо турын анхны зогсоол нь Будапешт хот байлаа. Будапештэд болж буй жүдо бөхийн гран при тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг болон эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг гэсэн долоон жингийн барилдаан болсноос манай бөхчүүд гараагаа амжилттай тавьж, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Г.Отгонцэцэг анхны хүрэл медаль хүртлээ. Харин 57 кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа барилдаж шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Эрчүүдийн 60 кг жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин шагналт байрт шалгарсан бол 73кг жинд олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Г.Одбаяр нар хүрэл медалийн төлөө барилдаж, Х.Цагаанбаатар ялснаар хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү энэ сараас 2016 оны олимпын эрхийн төлөө оноо цуглуулах тэмцээн эхэлж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор гран при тэмцээнд түрүүлсэн жүдоч 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль авбал 120 оноо чансаандаа нэмэх учиртай. Тиймээс манай тамирчдын хувьд алдах эрхгүй тэмцээнүүд үргэлжилж байна. Олимпын эрхийн оноо цуглуулах дараагийн тэмцээн нь ирэх сарын 3-6-нд хооронд болох Чингис хаан” гран при юм.