Монгол орны хамгийн том тэгш тал болох Мэнэнгийн тал Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутаг хамардаг. Хэдхэн жилийн өмнө энд зээрийн сүргээс өөр эзэнгүй байлаа. Харин өнөөдөр бүтээн байгуулалт өрнөж, их ажил ундарч, Мэнэнгийн тал амь орж байна. Баялаг арвинтай энэ талаас газрын тос олборлож, экспортолсоор Монгол Улсын эдийн засагт тэргүүлэгч салбарын хэмжээнд хүрчээ. Манай улсын газрын тосны баталгаат нөөц 332.6 сая тонн. Тодруулбал, газрын тосны нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 36 дугаарт бичигддэг гэсэн үг. Энэхүү нөөцийн дийлэнх нь буюу 90 хувь нь Дорнод аймагт байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд улсын төсөвт жилдээ 370 тэрбум төгрөг төвлөрүүлдэг бол түүний араас газрын тосны салбар хурдтайгаар нэхэж явна. Өнгөрсөн жил газрын тосны салбар улсын төсөвт 300 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Энэ тоо цаашдаа өссөөр байх нь. 2017 он гэхэд газрын тосны салбар дангаараа “Эрдэнэт” үйлдвэрийн улсын төсөвт оруулдаг хэмжээтэй дүйхүйц орлого бүрдүүлдэг болох таатай мэдээг Газрын тосны газрын дэд дарга Ц.Амраа хэлэв.
Жил бүр болдог орон нутгийн уулзалтаар эрчимтэй хөгжиж буй газрын тосны салбарынхаа талаар төрийн болон төрийн бус байгууллага, компаниудын төлөөлөл ярилцсан юм. Дорнод аймгийн төв Чойбалсанд болсон уулзалт өргөн хүрээ хамарч, үр дүнтэй болсон хэмээн Газрын тосны газрынхан дүгнэн хэлж байв. УИХ-аар хэлэлцүүлэгт ороод эхэлсэн Газрын тосны тухай хуулийн төслийг энэ үеэр нэлээд тойрч ярилцсан. Тухайлбал, төлбөрийн хэмжээ, хуваарилалт, орон нутгийг дэмжих заалтууд анхаарлын төвд байсан юм. Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх мөнгөний хэмжээг 30 хувь болгох санал хуулийн төсөлд тусгагдсан талаар ч хөндөв. Дорнод аймгийн удирдлагууд орон нутгийн хөгжлийн санд мөнгө оруулдаг байхыг хуулиар зохицуулах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн.
С.Ганбат: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК орон нутгийн хөгжлийн санд оруулах
ёстой орлогоо өгнө гэсэн
Дорнод аймгийн Засаг даргаас зарим зүйлийг тодрууллаа.
-Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь газрын тосны хайгуулын талбай байгаа вэ. Үүний хэдэн хувиас нь газрын тос олборлож байгаа вэ?
-Дорнод аймгийн газар нутгийн 30 хувьд хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Нийт зургаан талбайд дөрвөн компани ажиллаж байна. Өнгөрсөн оноос хайгуул судалгааны үр дүнд Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа талбайн ихэнх хувийг буцааж олгох юм. Өөрөөр хэлбэл, 19, 21 дүгээр талбайн 90 гаруй хувийг буцааж орон нутагт нь шилжүүлнэ. Зургаан компани 19, 21 дүгээр талбайд олборлолт явуулж, 17, 18, 20 дугаар талбайд хайгуул хийж байна.
-Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэж байгаа. Хуульд оруулж байгаа өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Орон нутагтай холбоотой лицензийн төлбөрийн 10, нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг төлөх зэрэг нь хуулийн төсөлд хэвээр байгаа юм билээ. Орон нутгийн захиргааны эрх, үүргийн талаас оруулсан зүйл заалтууд хасагдсан байсан. Бид Дорноговь аймаг руу саналаа явуулж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт мөн санал өгсөн.
-Компаниуд орон нутгийг хэр харж үзэж, тусалж дэмжиж байгаа вэ?
-Газрын тостой холбоотой татвар улсын төсөвт төвлөрдөг. Усны төлбөр нь орон нутагт төвлөрөөд нэг жил л болж байна. Газрын тосны тухай хууль гарснаар шинэ боломжууд нээгдэх байх. Засгийн газартай бүтээгдэхүүн хуваадаг компаниудын байгуулсан гэрээнд талбай болгоноос олборлосон тосны тодорхой хувийг аймгийн хөгжлийн санд оруулахыг тусгасан. Харамсалтай нь, компаниуд энэ үүргээ биелүүлдэггүй. Өмнөх жилүүдэд аймгийн хөгжлийн санд оруулсан мөнгө байгаагүй. Засаг даргаар томилогдоод энэ талаар нэлээд сайн хөөцөлдөж, Газрын тосны газартай хамтарч ажиллаж байгаа. Нэлээд ахицтай яваа. Компаниуд аймгийн хөгжлийн санд оруулах хөрөнгөө гэрээний дагуу оруулна гэсэн. Гэхдээ одоогоор “Эм Пи Ай” ХХК 7000 ам.доллар оруулсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд компаниуд ажиллаж байгаа. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Матад сумын усан хангамжийн асуудлыг шийдэж, гүний худаг, сайн чанарын шүүлтүүр тавьж өгсөн.
-Компаниудыг үүргээ гүйцэтгэх шаардлагыг хуулиар зохицуулах боломжтой юу?
-Хуульд тусгаад өгвөл сайн. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулиар зохицуулсан зүйл байхгүй. Тиймээс компаниуд орон нутгаа үл тоох байдал гаргадаг. Гэхдээ сүүлийн үед бид асуудлыг олон талаас нь тавиад байхаар хуулиар зохицуулахаар болсон. Ерөнхийдөө байдал дээрдэж байгаа. Газрын тосны газар ч мөн нэлээд анхаарал хандуулж байгаа. Бид компаниудтай уулзаж, тодорхой шатанд асуудлыг тавьсан. ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод ажиллах үеэр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай уулзахад 2012, 2013, 2014 онд аймгийн хөгжлийн санд оруулах мөнгөө төлнө гэж мэдэгдсэн.
Өдгөө 90 жилийн ойтойгоо золгож буй Дорнод аймгийн Политехникийн коллеж улсын хэмжээнд газрын тосны салбарт ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй ганц сургууль. Хөдөө аж ахуй, төмөр зам, уул уурхай, газрын тосны салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг энэ сургуульд жилээс жилд элсэгчдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Төгсөгчдийн 70-80 хувь нь шууд ажлын байртай болдог учир уул уурхайн томоохон компаниуд ажилтнуудаа бэлтгэхэд тус сургуульд ханддаг болжээ. Жилээлбэл, “Оюу толгой”, “Бороо гоулд” ,”Петрочайна Дачин Тамсаг” компани гол захиалагч нь. “Оюу толгой” компани 100 гаруй ажилтнаа саяхан тус сургуульд бэлтгэж авсан байна. 2009 оноос Дорнод аймгийн Политехникийн коллеж ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажилтан бэлтгэж эхэлсэн нь өнөөдөр эрэлттэй ангиудын нэг болжээ.
Зүүн бүсэд хөдөө аж ахуй, уул уурхай, газрын тос зэрэг салбарт хөгжиж байгаа учир боловсон хүчний хүрэлцээ, чадвар хөндөгдөж эхэлсэн байна. Газрын тосны салбарын 40 оюутан Хятадын Дачин хотод дадлага хийгээд иржээ. Багш нараа ч мөн Дачин хотод сургалтад хамруулж, сургалтын гарын авлагуудаа хятад хэлнээс орчуулан бэлтгэж, ашиглаж буй аж. Газрын тосны чиглэлийн гурван төрлийн мэргэжлийн хүмүүс тус сургууль бэлтгэж байна. Эдгээр сургалтаа улам сайжруулахаар Уул уурхайн яам, Газрын тосны газар нэг тэрбум төгрөг төсөвлүүлж, шийдүүлж өгсөн гэлээ.
Цаашлаад Дорнод аймгийн Политехникийн коллежоо өргөтгөж, эко хотхонтой болохоор ажиллаж байна. Сургуулиа өргөтгөхдөө шинээр нэмж барилга байшин барих бус байгаа боломжоо ашиглаж буйгаа удирдлагууд нь дуулгав. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд үндсэн элсэгчдээс гадна насанд хүрсэн, тэр ч бүү хэл дээд боловсролтой хүмүүс газрын тос, уул уурхайн чиглэлээр суралцах болсон. Эко хотхон байгуулахад нэг тэрбум төгрөг улсын төсөвт суулгаж өгсөн байна. 1923 онд байгуулагдсан тус сургууль 50 гаруй багш, 800 орчим суралцагчтай. Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх Эко хотхонтой болохоор 6000 гаруй ам.метр талбайг тохижуулах ажлаа өөрсдөө хийж байгаагаа Политехникийн коллежийн удирдлагууд хэлж байсан юм.