Дэлхийн аваргын цомыг дахиад өргөнө гэсэн зорилготойгоор Бразильд ирсэн испаничуудаас 2010 оны ДАШТ-ий хариугаа нидерландчууд хорсолтойгоор авсны дараа ч Испанийг түрүүлж юу магад гэсэн бодолтой хүмүүс байгаа бололтой. Бооцоо тавьдаг томоохон сайтуудад Испанийн нэр дээгүүр бичигдсээр байна.
5-1 гэсэн гутамшигт ялагдлын дараа ч Испани сэргэж чадна хэмээн багийн гол тоглогч Фернандо Торрес FIFA-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Ф.Торрес “Нидерландын төлөвлөгөөний эсрэг шийдэл бидэнд байсангүй. Бид тэдний хамгаалагчдад хэтэрхий их орон зай тавьж өгч, тэд бидний ард тоглосоор дууслаа. Тэдэнд хариу цохилт хийх боломж олон гарсан. Хэдэн гоол алдсан нь чухал биш. Ямар ч байсан бид уучилж боломгүй алдаа гаргалаа. Маш энгийнээр бол тэд биднээс илүү байлаа” гэжээ. “Гэхдээ бид бол Испанийн тоглогч. Бид хэнийг ч ялж чадна. Ийм л хандлагатайгаар Чилитэй тоглоно доо” гэж Ф.Торрес өөртөө итгэлтэйгээр хэлэхээ мартсангүй. Түүний хамтран зүтгэгч, төвийн хагас хамгаалагч Серхио Рамос ч “Бид ийм нөхцөл байдлаас гарч ирж чаддаг туршлагатай баг. Бид зөвхөн өөрсдөдөө харамсаад сууж байж чадахгүй. Дараагийн багаа хэрхэн ялах тухай бодох хэрэгтэй байна” гэжээ. Тэрээр баг нь ярих зүйлгүй муу тоглосныг хүлээн зөвшөөрөөд энэ нь Голландын хоёр дахь гоолоос л испаничууд сэтгэлээр унаад эхэлсэнтэй холбон тайлбарлажээ. “Эсрэг баг тэргүүлж эхэлсэн мөчөөс ч бидний санаа бодол нэг л сөрөг болоод эхэлсэн. Бодож болохгүй зүйлийг бодоод эхлэхээр эцсийн оноондоо нөлөөлж байгаа юм” хэмээн ялагдлаа тайлбарлажээ.
Ер нь, Испанийн багийн тоглогч бүр өөрсдийн гэм буруугаа дор бүрнээ ухамсарлаж, хаалгач Икер Касильяс гэхэд “Намайг л буруутга, хамаг бурууг өөртөө хүлээнэ” хэмээн мэдэгдээд байна.
Харин багийн дасгалжуулагч Висенте дел Боскегийн хувьд түүнийг буруутгахыг хүсэхгүй байна. “Учир нь, энэ бол багийн тоглолт. Багийн ялалт, ялагдал гэдэг ганцхан тоглогчоос хамаардаггүй юм” гэж тэр хэлж байна.” Ялалтыг уухайлан хүлээн авдаг шигээ ялагдлыг ч хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй гэж тэр хэлээд 2010 оны дэлхийн аварга баг яаж 5-1-ээр хожигдоход хүрэв гэдэгт анализ хийхдээ “Бид хоёр дахь гоол оруулах боломж байсан ч эхний хагас тэнцээгээр өндөрлөхөд байдал эвгүйтэж, хоёр дахь хагасаас тэд маш хүчтэй болоод орж ирсэн. Тэд хэдий хүчтэй байсан ч манайхан бүгд тэмцсэн. Хүн бүр шүү” хэмээн онцлоод тамирчид нь хангалттай сайн байгаагүйд биеийн хүчний бэлтгэл огт хамаагүй. Харин цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгал бага зэрэг нөлөөлсөн.Түүнээс гадна Роббен, Ван Персид зориулсан төлөвлөгөө бидэнд дутлаа хэмээн дүгнэжээ.
Одоо Испани Чилийн эсрэг тоглох ёстой юм.