“Мессиг зөвхөн буугаар л зогсоож чадна” хэмээн Бразилийн багийн ахлагч Тиаго Сильва хошигносон нь “Плакар” сонинд гарчээ. Аргентин, Бразиль хоёрыг энэ удаагийн ДАШТ-ий финалд үлдэж магадгүй гэсэн таамгийг хөлбөмбөг сонирхогчид их ярьж байгаа. Хэдийгээр Бразилийг энэ тоглолтод ялах байх гэсэн таамаг түлхүү явж байгаа ч Бразилийн баг тоглогчид өөрсдөө бол Мессигээс битүүхэндээ эмээж л байгаа бололтой. Үнэндээ хөлбөмбөгийн мэргэжилтнүүд ч Мессигээс их зүйл хүсэн хүлээж, тэр л байгаа учраас Аргентин дэлхийн аварга болж магадгүй гэлцэх. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй хөлбөмбөгчдөөс хамгийн шилдэг, хамгийн нэр хүндтэй бас хамгийн өндөр орлоготой тоглогч Месситэй хийсэн ESPN-ий ярилцлагыг хүргэж байна. Тэрээр хөлбөмбөгч бүрийн мөрөөдөл болсон дэлхийн аваргын цомын тухай, өөрийг нь амжилтад хүргэсэн зан чанарынхаа тухай ийн ярьжээ.
-Месси найман жилийн өмнө Герман, дөрвөн жилийн өмнө Өмнөд Африкт тоглож байснаасаа хэр өөрчлөгдсөн бол?
-Хөлбөмбөгийн хувьд ахиж дэвшсэн. Энэ хугацаанд надад сайн, муу олон зүйл тохиолдлоо. Хүнийхээ хувьд ч, хөлбөмбөгийн хувьд ч энэ бүхэн намайг өсч төлөвшихөд их нөлөөлсөн. Аав болсон нь миний хувьд маш том өөрчлөлт авчирсан. Хүүхэдтэй болсноор бүхнийг өөрөөр харж эхэлдэг юм байна. Одоо миний хувьд хамгийн хамгийн чухал зүйл хүү минь болсон. Гэртээ ирээд хүүгээ харах мөч хамгийн том баяр баясгалан байдаг. Санаа зовоосон бүх зүйлийг тэр үед мартаж орхидог. Хүү минь намайг өөрчилсөн.
-Та хүүгээ хөлбөмбөгч болоосой гэж хүсдэг үү?
-Үгүй ээ, тэр өөрийн хүссэн замаараа л яваасай гэж боддог. Өсч томрохоороо хэн болохоо, юу хийхээ тэр өөрөө шийдэх болно. Харин тэр шийдвэрийг нь бид дагана даа.
-Хөлбөмбөгийн түүхэн дэх агуу тоглогчдыг харж байхад бүгд л эх орныхоо нэрийн өмнөөс тоглож, дэлхийн аварга болсон байдаг. Таны хувьд Аргентиний төлөө тоглож, дэлхийн аваргад түрүүлэх нь хэр чухал вэ?
-Аль хэдийнэ дэлхийн аварга болчихсон багийнхаа зарим тоглогчид би үнэхээр атаархдаг. Би тэднээс дэлхийн аварга болоход яг ямар мэдрэмж төрдөг вэ гэж хэчнээн асуусан ч тэд ерөөсөө тайлбарлаж хэлж чаддаггүй.
Дэлхийн аварга гэдэг бол хөлбөмбөгчний хувьд хамгийн дээд бахархал. Аргентиний төлөө тоглож, цом авахыг маш их хүсч байна. Гэхдээ энэ нь би өөртөө нэр алдар олох гэсэн хэрэг биш, манай багийн зорилго юм. Бас миний хамгийн хүндтэй шагналын жагсаалтад энэ шинэ цол орж ирээсэй гэсэн мөрөөдөл юм.
-Та хөлбөмбөгийн хамгийн агуу тоглогч болох эсэх нь тийм ч чухал биш гэж хэлсэн байдаг. Яагаад?
-Сайн тоглогч байх нь биш, тоглох нь л хамгийн чухал. Би хүүхэд байхаасаа хөлбөмбөг тоглох дуртай байлаа. Тэгээд одоо хүртэл тоглож л байна. Талбайд гарах бүртээ би хэзээ энэ спортод дурлахаа болих бол, хөлбөмбөг хэзээ сонирхолтой биш санагдах болоо гэж боддог.
-Таныг оролцуулахгүйгээр энэ цаг үеийн хамгийн шилдэг тоглогч хэн бэ?
-Неймар, Иньеста, Хави, Кристиано, Риббери, Робен гээд олон тоглогчийг нэрлэж болно.
-Энэ дундаас зөвхөн нэгийг нь л сонго гэвэл?
-Хүмүүс өөрсдөө шийдэг.
-Өнөөгийн амжилтад хүрсэн Мессиг бий болгоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Үргэлж ахиж, сайжирч байх гэсэн хүсэл. Би дандаа өөрөөсөө илүү их зүйлийг шаарддаг. Өөртөө хамгийн шүүмжлэлтэйгээр ханддаг. Тийм ч учраас бусдын шүүмжлэл надад тийм ч чухал биш. Сайн тогловол сайн тоглолоо гэж, тааруухан байвал муу тоглолоо гэж өөртөө үнэнчээр ханддаг маань нөлөөлсөн байх.
-Гэхдээ Пеле, Марадона гээд домогт хөлбөмбөгчид бүгд л таныг бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч гэдэг шүү дээ.
-Хэрэв үнэхээр хүмүүс намайг тэр агуу тоглогчидтой харьцуулан ярьж байгаа бол сайхан л байна. Гэхдээ би бол тэгж боддоггүй. Би цаг үргэлж ур чадвараа, техникээ сайжруулах тухай боддог. Магадгүй спортоо орхисны дараа юу хийснээ эргэн харахад оройтохгүй биз. Тэр үед л хүмүүс шүүг.
-Та багийнхаа гишүүд , хамтран тоглогчдоосоо юу суралцдаг вэ. Жишээлбэл, Хавигаас?
-Тэр мундаг тоглогч. Хэзээ ч бөмбөгөө алддаггүй. Хараа сайтай, тоглолтыг уншиж чаддаг. Тоглолтын хурд, хэмнэлийг хянаж чаддаг.
-Тэгвэл Иньестагаас?
-Хавитай адилхан. Гэхдээ оноо авах тал дээрээ илүү чадвартай. Бүр гүнээс орж ирж чаддаг. Тэр хоёрыг байгаа үед эсрэг баг бөмбөг эзэмших хэцүү.
-Таныг ялагдсан үед бүр бэлтгэлийн тоглолтод хожигдсон үед ч үг солих гээд хэрэггүй гэсэн яриа байдаг. Та ялагдлыг үнэхээр тийм эмзгээр хүлээн авдаг хэрэг үү?
-Хувцас солих өрөөнд бүх хүн л тийм байдаг. Ялагдалд дургүй байна гэдэг ялалтаар цангаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь бэлтгэлийн үед ч хэрэгтэй.
-Таны тухай хүмүүсийн ойлгож чадахгүй байх гэж боддог нэг зүйлийг хэлээч?
-Мэдэхгүй ээ, би бусадтай л адил эгэл жирийн амьдралтай хүн. Тоглохоо болилоо гэхэд надад гэр бүл минь байна. Найз нөхөд байна, би бусад шиг л амьдардаг. Бусад хүн ойлгож чадахгүй зүйл надад байхгүй.
-Хөлбөмбөгийг орхисныхоо дараа юу хийх бодолтой байна?
-Энэ тухай бодож байгаагүй юм байна. Надад хангалттай цаг байгаа гэж найдаж байна. Өмнө минь урт удаан зам байгаа гэж итгэж байна.