Тэр ердөө 22-хон настай ч бүхэл бүтэн улсынхаа өмнө, бас дэлхийн өнцөг булан бүрт суугаа хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө дэлхийн аваргын цомыг авчрах хүндхэн үүрэг даалгаврыг хүлээгээд буй. Бразилийн домогт хөлбөмбөгч Пеле шигшээ багийнхнаас түүнд л найдаж байгаагаа хэлсэн бол багийн дасгалжуулагч Сколари түүнийг л сайн тогловол ядах юмгүй зургаа дахь цомоо авна гэж амласан. “Rumo A Hexa" буюу “Зургаа дахь цом руу хүрэх замд” гэсэн уриа хаа сайгүй тааралдах Бразильд баг нь дахин дэлхийн аварга болно гэсэн асар их хүлээлт, итгэл найдвар оргилж байна. 2002 онд дэлхийн аварга болсноос хойш дахин цом аваагүй бразильчууд багаа нутагтаа дорвитойхон шиг дэмжиж байгаад ялалтад хүрэх хүсэлтэй. Дор хаяж 200 сая хүн хүн зурагтаар, 60 мянган хөгжөөн дэмжигч цэнгэлдэх хүрээлэнд зөвхөн тэднийг уухайлан дэмжих учраас Бразилийн тоглогчдод маш том итгэл найдвар хүлээлгэж буй. Ингэж хүн бүхний итгэл найдварыг хүлээх амаргүй байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад Неймар харин төсөөлөө ч үгүй хариулт өгсөн байх юм. Ингээд түүний FIFA.com-д өгсөн ярилцлагыг хүргэе.
-Улсынхаа багийг ялалтад хүргэх том үүрэг хариуцлагыг нуруундаа үүрэх хэр дарамттай байна?
-Яагаад дарамттай санагдах ёстой гэж. ДАШТ миний мөрөөдөл байсан. Харин одоо ДАШТ-д эх орноо төлөөлж 10 дугаартай тоглох гэж байна. Би үүнийг дарамт гэж бодож чадахгүй. Мөрөөдөл минь биелсэн болохоор харин ч баяр хөөртэй байна. “Бид бол аварга” гэж хашхирах мөчийг тэсч ядан хүлээж байна. Хүмүүс надаас “Энэ их үүрэг хариуцлага дарамттай байна уу” гэж асуудаг. Үгүй ээ, надад ямар ч дарамт алга. Жаргалтай байна. Би хүүхэд байхаасаа л бүхнийг өөрийнхөөрөө хийж эхэлсэн. Би тэгж юманд санаа зовдог хүн биш. Хэрэв та л надад “Чи бол Неймар, Чи Барселона, Бразилийн төлөө тоглодог” гэж л хэлэхгүй бол би бүгдийг мартчихаад, юунд ч санаа зовохгүй явж чадах хүн.
-Таны оролцох анхны ДАШТ эх оронд чинь болж байгаа нь ямар санагдаж байна?
-Ховорхон боломж. Би үнэхээр баяртай байна. Энэ дэлхийн аваргаар олон хүн манай улсад зочилж, бидний эх орон, соёл уламжлалтай танилцаасай гэж хүсч байна. Бразильчууд та бүхнийг найрсгаар угтан авах болно.
-Бразилийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль баг байх бол?
-Өнөө үед багуудаас хамгийн шилдгийг нь нэрлэх хэцүү. Аль ч багтай таарсан бүгдэд нь хамгийн сайнаараа хичээж тоглох хэрэгтэй. Таарсан бүх багийг хүчтэй гэж бодож бэлтгэх хэрэгтэй.
-Луйс Фелипе Сколари ирснээр танай баг хэр өөрчлөгдсөн бэ?
-Өөрчлөгдсөн зүйл байхгүй. Ер нь, баг бүрт өөрийн гэсэн шинж чанар байдаг. Бид холбоодын цомд сайн байсан. Тоглогчид талбай дээр ч, бэлтгэл дээр ч нягт холбоотой байсан. Тийм болохоор энэ удаа ч учраа сайн ололцоно гэж найдаж байна.
-Дасгалжуулагчийн хувиар түүний хамгийн сайн чанар нь юу вэ?
-Тэр хошигнох үедээ хошигнож чаддаг. Бас хэрэгтэй үедээ хатуу байж ч чаддаг. Тэр үнэхээр ажилсаг, хичээнгүй. Байнга ялахыг хүсч байдаг хүн.
-Барселонад өнгөрүүлсэн эхний улирал ямар байв? Энд багагүй хугацаа өнгөрүүллээ. Сантосыг орхин гарсан тэр тоглогч энэ хугацаанд өөрчлөгдсөн болов уу?
-Төгс байсангүй. Бас тийм ч муу биш. Анх удаа эх орноосоо гарч, өөр улсад амьдарч үзлээ. Гэр бүл, найз нөхдөө их санасан. Эхэндээ их хэцүү байсан. Хувийн амьдралдаа ч, мэргэжлийн хувьд ч их зүйл сурлаа. Гэхдээ би өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ л байгаа.
-Аль хэдийнэ испаниар яриад эхэлчихсэн үү?
-Бага зэрэг. Португалитай төстэй ч гэлээ илүү хүнд юм билээ.
-Эх орноосоо хол байх үед юуг нь хамгийн ихээр санадаг вэ?
-Гэр бүл, найз нөхдөө үргэлж санадаг. Гэхдээ би шинэ зүйл нээх дуртай болохоор Испанид жаргалтай байгаа. Одоо би хүүхэд цагийнхаа мөрөөдлөөр амьдарч байна. Европын аль нэг клубт тоглохыг мөрөөддөг байлаа. Үнэндээ Барселона шиг том багт орсон нь нэр төрийн хэрэг. Энэ хотын бүх зүйл надад таалагддаг.
-Фанатууд нь Сантосынхтой адилхан уу. Гадуур явахад асуудалтай байна уу?
-Тэд үнэхээр сайн хөгжөөн дэмжигчид, яг л Сантосынх шиг. Би гудамжаар санаа зовох зүйлгүй явдаг. Зарим хүмүүс намайг таньж л байдаг. Энэ байдаг л зүйл.
-Лионел Месситэй өдөр бүр уулзах ямар санагдаж байна?
-Тэр намайг бүхий л талаараа гайхашруулдаг. Энд ирэхээс өмнө хүмүүсийн амнаас таагүй зүйл зөндөө сонссон. Их зантай, хэнтэй ч ярьдаггүй гээд л. Гэтэл өөрөө ирээд үзэхэд бүх зүйл өөр байсан. Тэр агуу тоглогч бэлтгэлийн үеэр ч надтай дандаа сайхан харилцдаг. Зөвхөн надтай ч биш бүх хүнтэй тэгж харилцдаг. Тэр өөрийгөө агуу гэж ер боддоггүй. Гэтэл би түүнийг зөвхөн зурагтаар л хардаг байсан шүү дээ.
-Одоо харин шүтэн биширдэг тоглогчийнхоо эсрэг ДАШТ-д өрсөлдөх гэж байна?
-Бид энэ тухай ярьж байсан. (инээв) Бразиль-Аргентин финалд үлдэж, Бразиль ялж магадгүй гэсэн таамгийн тухай ярилцаж байсан. Би үргэлж л түүний шүтэн бишрэгч байсаар ирсэн. Одоо түүнийг таньж мэддэг болсны дараа бүр ч ихээр хүндлэх болсон. Түүнтэй хамт нэг багт тоглоно гэдэг үнэхээр азтай хэрэг. Тиймээс түүнд сайн сайхныг л хүснэ.
-Өнгөрсөн жил ФИФА-гийн Холбоодын цомын финалд Испанийн эсрэг үлдэх үед Барселонатай гэрээ байгуулах чинь тодорхой болчихсон байсан. Ирээдүйн багийнхаа эсрэг тоглох эвгүй байсан уу?
-Тийм ээ, багийнхныхаа эсрэг тоглоход сонин байсан. Одоо бид тэр тоглолтын тухай хааяа ярьцгаадаг юм.
-Юу гэж?
-Энэ зөвхөн бидний дундах наргиа байгаа юм.
-Тэгэхээр энэ удаагийн ДАШТ-ээр тэд хариугаа нэхэх байх даа?
-ДАШТ-д оролцох баг бүхэн л аварга болох зорилготой ирж байгаа. Тиймээс тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болох нь тодорхой. Бүх баг бэлтгэлээ сайн хангасан. Гэхдээ манай багт финалд хүрч, аварга болох боломж өндөр байгаа гэж би итгэж байна. Түүний төлөө л бид бэлтгэл болгоноо шаргуу хийж байгаа.
-Бразилийн хамгийн сүүлд аваргалсан 2002 оны ДАШТ-ий үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Би тэр үед 10-тай байсан. Тэгэхээр хөлбөмбөг ойлгодог болсон үе гэсэн үг. Өглөө үүрээр сэрчихээд гэртээ дэлхийн аваргын финалыг үзэж байснаа санаж байна. Манай аав ээж, эгч гээд гэрийнхэн бүгд суугаад финалын тоглолтыг үзсэн. Манайх ялсны дараа бид эмээгийнх рүү явж, мах шарж идээд, яг л жинхэнэ фанатууд шиг “We are champions” дууг дуулж байлаа. Рональдугийн үсний засалт санаанд бууж байна.
-Энэ дэлхийн аваргаар нутаг нэгтнүүд чинь танаас маш их зүйл хүсэн хүлээж байгаа. Тэдэнд юу гэж хэлмээр байна?
-Улсаа дэлхийн аварга болгохын төлөө 23 дайчин “тулалдах” болно. Энэ бол зөвхөн бидний ч биш, бразиль хүн бүрийн мөрөөдөл. Тэдний мөрөөдөл биднийг хөтөлж, ДАШТ-ий төгсгөл хүртэл явж чадна гэж найдаж байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд энэ үгийг гүйцээж хэлэхгүй юу. “2014 онд Неймар....”
-(инээв) Дэлхийн аварга болно.