Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онигооны эзэн улстөрчид

"Магадгүй" гэвэл "тийм" гэж ойлго

Чилийн Ерөнхийлөгч Себастян Пинера эмэгтэйчүүдийн талаар ярьсан онигооноосоо болж жендерийн тэгш эрхийн байгууллагуудын шүүмжлэлийн бай болоод байна. Тэрээр саяхан Мехикод болсон Латин Америкийн орнуудын томоохон уулзалтын хаалтын үеэр “Та нар улстөрч, эмэгтэй хүн хоёрын ялгааг мэдэх үү. Хэрэв улстөрч “тийм” гэж хэлж байгаа бол тэр нь “магадгүй” гэсэн утгыг агуулж байдаг. Харин “магадгүй” хэмээн хэлбэл “үгүй” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Харин эмэгтэй хүн “үгүй” гэж хэлсэн бол тэр нь магадгүй гэсэн санаа. Харин “магадгүй” гэвэл “тийм” гэж хариулж байна гэж ойлго” хэмээн ярьжээ. Ерөнхийлөгчийн ярьсан онигоо тухайн үедээ хүмүүсийг инээлгээд өнгөрсөн ч энэ яриа олон нийтэд тарах үед үүнийг нь эмэгтэйчүүдийг доромжиллоо хэмээн зарим хүн хүлээн авчээ. Чилийн эмэгтэйчүүдийн сайд Лаура Алборноц хүртэл Ерөнхийлөгчийн ярьсан онигоо огт инээд хүргэхгүй байна хэмээн бухимдсан мессеж “Twitter”-тээ бичжээ.

Миний хүүтэй суу л даа

Сильвио Берлускони бол ярьж дуусашгүй онигооны эзэн. Тэрээр бодлогогүй хэлсэн үг, утгагүй хошигнолоосоо болж дандаа хэл амны бай болж явдаг. Түүний тарьсан онигооноос хамгийн хөгжилтэй нэгийг нь дурдвал Сильвио Берлускони 2008 оны парламентын сонгуулийн өмнө олон телевизийн нэгэн ток шоунд оролцжээ. Үзэгчдийн суудлаас нэг бүсгүй түүнд асуулт тавив. “Санхүү эдийн засгийн хямралтай энэ хүнд үед цомхотголд өртөлгүй үлдчих найдвартай ажлын байр Италид байна уу” хэмээн бүсгүйг асуухад С.Берлускони “Миний хүүтэй гэрлэх гээд оролдоод үз л дээ. Тань шиг инээмсэглэдэг бүсгүй бол үзээд алдаж болох л юм” хэмээн хөгжилтэйгээр хариулжээ. Бүсгүйчүүдтэй холбоотой бас нэг онигоо түүнд бий. 2003 онд С.Берлускони Америкийн хөрөнгө оруулагчидтай уулзаж, Италид яагаад хөрөнгө оруулах ёстой талаар ухуулжээ. Тэрээр уулзалтынхаа төгсгөлд “Италид хөрөнгө оруулах бас нэг шалтгаан бол та бүхэн үзэсгэлэнтэй нарийн бичигтэй болох боломжтой шүү” хэмээн ятгажээ. Энэ яриа хүмүүсийг инээлгээд өнгөрсөн ч С.Берлусконгийн ярьсан бүхэн бас инээдмээр дуусдаггүй. 2009 онд Италийн Лакуйла хотод томоохон газар хөдлөлт болж 17 мянган хүн орон гэргүй болсон билээ. Ерөнхий сайд С.Берлускони байгалийн гамшигт нэрвэгдэгсдийн байрлаж буй майхан сав эгнэсэн гамшгийн бүсэд ирж, байдалтай танилцаж явахдаа “Энэ мэдээж харамсалтай явдал боллоо л доо. Гэхдээ энэ олон майхныг харахаар амралтын өдөр зугаалж яваа ч юм шиг санагдах юм” хэмээн хэлж, орон гэргүй болсон хүмүүсийн уур бухимдлыг барсан удаатай. 

Сурагч охин уу тэтгэврийн эмгэн үү

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг улс төрийн хошигнолд өртөөд байх хүн биш гэж бодож байна уу. Тэгвэл “хүндэт удирдагч” тийм ч дуугүй, даруухан хүн биш бололтой. Тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг тэтгэвэрийн эмгэн шиг хэмээн тодорхойлсноороо яггүй хурц хэл амтай гэдгээ харуулсан удаатай. Хойд Солонгосын өдөөн хатгасан үйлдэлд залхсан Хиллари Клинтон тус улсыг “Нялх хүүхэд шиг аашилж байна” хэмээн шүүмжилжээ. Гэтэл хатагтай Клинтоны энэ үг Ким Чен Ирийн дургүйг хүргэсэн бололтой “Хатагтай Клинтон олон улсын наад захын дипломат ёс зүй мэддэггүй инээдтэй эмэгтэй. Тэр заримдаа дунд сургуулийн сурагч охин шиг, заримдаа дэлгүүр хэсч яваа тэтгэврийн хөгшин шиг л харагддаг” хэмээн хариу барьсан байна.

Би бол хаадын хаан



Ливийн удирдагч Муаммар Каддафи төр барьсан 40 гаруй жилийн хугацаандаа багагүй хөгтэй ярианы эзэн болж байв. Тэрээр Катарт болсон Арабын чуулганд оролцох үеэрээ “Олон улсын удирдагч, Арабын удирдагчдын тэргүүлэгч, Африкийн хаадын хаан миний бие өөрийнхөө хөшөөг доод төвшинд байлгахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж ирээд л өөрийгөө тэнгэрт тултал өргөсөн нь тухайн үедээ бөөн инээдэм дагуулж байв. Түүнийг ийн ярьснаас хойш “Хаадын хаан” хэмээн хочлох болсон билээ.



Оросыг арчих төлөвлөгөө

АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган нэгэн удаа улс төрийн том маргаан ч дагуулж болох онигоонд орж байсан удаатай. Тэрээр радио ярилцлагад орохын өмнө хамт байгаа хүмүүсээ хөгжөөх гэж бага зэрэг хошигносон нь Америк даяар тарсан “харамсалтай” явдал болсон юм. Ерөнхийлөгчийг  “Хүндэт америкчууд аа. Оросыг бүрмөсөн арчин хаях хуульд би дөнгөж сая гарын үсэг зурснаа та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Одоо таван минутын дотор энэ улсыг бөмбөгдөж эхэлнэ” хэмээн хэлэх үед микрофон нээлттэй байж таараад энэ бяцхан хошигнол АНУ даяар тарсан юм.


АНУ хэдэн мужтай вэ, Обама?

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад ярьвал цөөнгүй онигоо бий. Гэхдээ ганц хоёрыг нь дурдвал, тэрээр 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаар муж улсуудыг тойрч явжээ. Ингээд бараг төгсгөлд нь нэгэн мужид очоод “Бид 57 мужид очоод байна. Одоо надад очоогүй нэг л муж үлдлээ” хэмээн будилж, АНУ-ын Ерөнхийлөгч болох гэж байгаа хүн хэдэн мужтайгаа ч мэддэггүй хэрэг үү гэсэн онигоонд орж байв.

Б.Сэвжидмаа
 

0 Сэтгэгдэл
manai ochirbat eronhiilogchiin onigoo bas tasrahgui shuu dee. estoi tas tas onigoonuud baigaa shuu dee. ed nariin hajuud bol jinhene eleg hoshoon doo
Хамгийн их уншсан