Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари ДАШТ-ийн финалд Латин Америкийн хоёр баг Бразиль-Аргентин үлдээсэй гэж хүсч байгаа гэнэ. Зургаа дахь алтан цомоо өргөхийн тулд чаддаг, мэддэг бүхнээ дайчлана хэмээн сэтгэлзүйгээ бэлтгэж суугаа Бразилийн багийн дасгалжуулагч баг нь финалд үлдэнэ гэдэгт ер эргэлзэхгүй байгаа бололтой. Долдугаар сарын 13-нп Маракена цэнгэлдэх хүрээлэнд Алехандро Сабеллагийн эрчүүдтэй халз тулгарч, хэн нь цом авахаа үзнэ гэдэг бодолтойгоор ДАШТ-ийг эхлүүлэх гэж байгаа аж. “Аргентиний төлөө санаа зовох юм алга. Тэд гайхалтай техник, ур чадвартай тоглогчидтой болохоор ДАШТ-ий финалыг Өмнөд Америкийнх болгож чадна гэж итгэж байна. Тэднийг финалаас өмнө сугарчихаасай гэж хүсэхгүй л байна. Хэрэв тэгвэл бидний дундаас хамгийн шилдэг тоглолт гарах болно. Гэхдээ тэд финалд үлдэхгүй байлаа гэхэд энэ миний асуудал биш л дээ. Миний асуудал бол Бразиль. Бидний замд хэн ч таарсан бай, би Бразилийг финалд аваачих ёстой” хэмээн тэрээр өгүүлжээ.
Сколари багийнхаа тоглогчдоос Неймарт гол найдлага тавьж буйгаа нуусангүй. “Тэр сайн тоглохгүй ч байсан, хичээл зүтгэл гаргаж чадах л юм бол багийн хувьд болоод явчихна. Учир нь, тэр зөвхөн сайн тоглогч биш, багийн гишүүний хувьд бусдадаа үлгэр дуурайл болдог нэгэн” хэмээн Неймарыг үнэлжээ. Тэгэхээр Неймарын тусламжтайгаар Бразиль ДАШТ-ий алтан цомыг зургаа дахь удаагаа өргөнө гэдэгт Сколари итгэлтэй байгаа бололтой.