“Гудамжны худалдаачид хөлбөмбөгтэй холбоотой төрөл бүрийн бэлэг
дурсгалын наймаагаа хэдийнэ эхэлчихсэн, алдарт Христийн хөшөө
Бразилийнхаа багийн өмсгөлөөр гоёчихсон, Риогийн далайн эргийн зоогийн
газар, дэлгүүрүүд онцгой саналаар үйлчлүүлэгчдээ урин дуудаж буйг
харахад хөлбөмбөгийн эх орон ДАШТ-д аль хэдийнэ бэлэн болсон мэт.
Гэвч... ”
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хоёрхон хоногийн дараа буюу энэ сарын 12-нд зохион байгуулагч Бразиль болон Хорватын тоглолтоор хагална. Манайхаас 11 цагийн зөрүүтэй Сао Пауло хотод орон нутгийн цагаар оройн 17 цагаас эхлэх 2014 оны ДАШТ-ий нээлт хотын захад орших “Итакуйрао” цэнгэлдэхэд болох юм. Гэтэл яг өнөөдрийн байдлаар метроны ажилчид нь тодорхойгүй хугацаагаар ажил хаячихаад байгаа Сао Паулод тэмцээний үзэгч, хөгжөөн дэмжигчдийг хотын зах руу хэрхэн зөөх нь ч эргэлзээтэй байна. Хотын оршин суугчид хувийн машин унаагаараа цэнгэлдэхэд хүрдэг юм гэхэд гадаадын хөгжөөн дэмжигчид, жуулчид Сао Паулогийн нийтийн тээвэр, метрог ашиглаж чадахгүйд ч хүрч мэдэх нь. 200 сая хүн амтай энэ том хотод метроны ажилчид ажил хаясны улмаас өглөөний оргил цагаар 200 км үргэлжилсэн замын түгжрэл үүсч байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Өнгөрсөн пүрэв гарагаас хойш ажил хаясан хүмүүсийг даваа гаригт ажилдаа ирэхгүй бол хална хэмээн хотын захирагч нь “сүрдүүлж” хаяанд ирчихээд байгаа ДАШТ-ий өмнө байдлыг намжаах гэж оролдсон боловч асуудал шийдэгдэх шинжгүй. Метроны ажилчид цалингаа 12,2 хувиар нэмүүлэхийг шаардаж байгаа бол төрийн өмчит компани нь 8,7 хувиас илүү нэмэхгүй гэсэн хариу өгсөн юм.
Метроны ажилчид ажилдаа ордог ч бай, үгүй ч бай “Дэлхийн аварга болдгоороо л болно”. Ийм үгтэй зурагт самбарууд Сао Паулогийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд өлгөөтэй харагдах болсон нь латин америкчууд үнэхээр амгалан хүмүүс шүү гэх сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ.
ДАШТ-ий бэлтгэл ажил хангалтгүй байна аа гэх шүүмжлэл жирийн дэмжигчдээс эхлээд ФИФА-гийн албаны хүний амнаас дуулдаж буй ч Бразилийн эрх баригчид ер санаа зовсон шинжгүй. Рио Де Жанейро хотын дарга Эдуардо Паес “Латин америкчууд угийн залхуу хүмүүс болохоор аргагүй шүү дээ” хэмээн шүүмжлэлд хариу барих. “Бид хэзээ ч юмыг цаг хугацаанд нь хийдэггүй. Энэ бидний генд байдаг юм. Бид 12 цэнгэлдэх хүрээлэн барих гэсэн нь л алдаа боллоо. Хэрэв цөөн стадион барьсан бол ийм асуудал үүсэхгүй байх байлаа. Гэвч яах вэ, бүх зүйл сайхан болно” хэмээн хотын мээр хэвлэлд ярьжээ. Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразильд ДАШТ зохион байгуулахыг эсэргүүцсэн удаа дараагийн жагсаал цуглааныг ч тэрээр хүндээр хүлээж авахгүй байгаа гэнэ. “Харин ч хүмүүс үзэл бодлоо илэрхийлж жагссан нь сайн хэрэг. Тэд хотынхоо дэд бүтэц, боловсролын салбарыг хөгжүүлэхэд энэ мөнгийг зарцуул гэж шаардаж байна. Гэвч боловсрол, ДАШТ хоёрыг хооронд нь холбох утгагүй. Бразиль дэлхийн аваргаа ч зохион байгуулна, боловсролоо ч олгоно” гэжээ.
Гэвч эрх баригчдын ийн бэлэн амласан шиг бүх зүйл сайхан болох шинж алга гэсэн шүүмжлэл дуу дуугаа авалцан гарч байна. Зочид буудлууд нь бэлэн болоогүй гэж барууны сэтгүүлчдийн өмнө нүүрээ улайлгасан Сочигийн олимп шиг явдал Риод ч давтагдахыг үгүйсгэхгүй. Эрхбиш 12 цэнгэлдэх хүрээлэн бэлэн болсон ч үзэгчид бөөнөөрөө сууж үзэхэд зориулсан Копакабанагийн том асар байгуулах ажил гэхэд ид дундаа явж байх жишээтэй. Цэнгэлдэх хүрээлэнд орж чадахгүй ч ДАШТ-ий уур амьсгалыг мэдрэн хөгжөөн дэмжигчид бөөнөөрөө цугларах гол газар нь ийнхүү бэлэн болоогүй л байна.
ДАШТ-ийг зохион байгуулж буй хорооны мэдэгдсэнээр, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг барих ажил саатсантай холбогдуулан 1300 гаруй хүний суудал төлөвлөсний дагуу бэлэн болж амжаагүй учир тасалбараа солиулах шаардлагатай гэсэн мэдээ ч гарлаа.
Дээр нь, метроны ажил хаялтыг дагасан эмх замбараагүй байдал, замын их түгжрэл гээд яриад байвал ч...
Ингэхэд Бразиль ер нь ДАШТ-д бэлэн үү.