Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонцэцэг дараахь хариултыг өгч байна.
-Хувийн мэдээллээ буруу оруулсан хүүхдүүдийн материалыг өргөдлийнх нь дагуу засч дууссан уу?
-Энэ жилийн хувьд бүртгэл дууссанаас хойш хувийн мэдээлэлтэй холбоотой 20 гаруй өргөдөл ирсэн. Засч дуусаад одоо шалгалтынхаа бэлтгэл ажилдаа ороод байна. Аймгуудын бүртгэлийн баазуудыг нэгтгэх, шалгалтын төвүүдийг сонгох, гэрээ хийх, анги танхимтай танилцах, шалгуулагч хэдэн сарын хэдний өдөр, хэдэн цагт, ямар хичээлээр шалгалт өгөх, шалгуулагчийн сонгосон хичээлийн шалгалтыг аль сургуулийн хэдэн тоот өрөөнд, хэддүгээр ширээнд суулгаж авах вэ гээд бүхий л мэдээллийг нь багтаасан суудлын хуваарь буюу шар хуудсаа битүүмжилж байна. Мөн товч мэдээллийг агуулсан шалгалтад орсныг гэрчлэх гэрээний хуудас, баганан кодыг хэвлэж дугтуйлан битүүмжлэх ажлаа ч хийж байна.
-Ингэхэд шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа хаанаас авах билээ?
-Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагчид суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсаа шалгалт эхлэхээс өмнө харьяа Боловсрол, соёлын газраар дамжуулан сургуулиараа хүлээн авна. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа ЭМШУИС-ийн 139 тоотод байрлах Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээс ирэх сарын 2-6 хүртэл хүлээн авах боломжтой. Харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар болон ЭЕШ –ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авна.
-Шалгалт авах төвүүд тодорхой болсон уу?
-Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 55 шалгалтын төв ажиллуулахаар боллоо. Бид шалгалтын төвүүдээ сонгохдоо шалгуулагч ганц ганцаар суухад тохиромжтой анги танхим, ширээ сандлын хүрэлцээ, байршил, орох гарах хоёроос доошгүй хаалгатай, коридорт хяналтын дуран суулгасан байх зэрэг шаардлага хангасан байх нөхцөлийг нь харсан байгаа.
-Жил бүрийн шалгалтын тест алдаатай гардаг гэсэн гомдол бий. Энэ жилийн шалгалтын тестэд алдаа гаргахгүйн тулд хэрхэн хянаж, анхаарал хандуулах вэ. Мөн яаж нууцалдаг юм бэ. Зарим багш тест зарсан гэдэг яриа ч байдаг?
-Элсэлтийн ерөнхий шалгалт нь олныг хамарсан шалгалт болохоор жил бүр бага боловч хардалттай тулгардаг. Шалгалтын тест даалгавар задрах ямар ч нөхцөл байхгүй. Манай төвөөс маш өндөр хамгаалалтын түвшинд хийгдэж битүүмжлэгддэг учир задрах боломжгүй. Шалгалтын сэдэв боловсруулах багийг сонгон шалгаруулах, ажлын нөхцөлөөр ханган байршуулах, шалгалтын дэвтрийг хэвлэх, хөдөө орон нутаг руу тээвэрлэх, шалгалтын төвд хүргүүлэх, шалгалт зохион байгуулах гээд бүхий л процесс төрийн өндөр нууцлал бүхий хяналтад явагддаг.
-Энэ жил шалгалт өгөх хүүхдүүд юунд анхаарвал зохих вэ?
-ЭЕШ нь улсын хэмжээнд нэг л удаа, нэг өдөр, нэг цагт болдог тул шалгуулагч шалгалтнаасаа хоцрохгүй, бичиг баримтаа мартахгүй байхад анхаарах хэрэгтэй.
-Шалгалтын хуваарийг дахин сануулах уу?
-2012 оны элсэлтийн ерөнхий шалгалт БСШУ-ы сайдын 2012 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 97 тоот тушаалын хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу ирэх сарын 8, 9, 10-нд зохион байгуулагдана.
2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр
1000-1120 Орос хэл
1300-1440 Хими
1600-1720 Англи хэл
2012 оны 06 дугаар сарын 09-ний өдөр
0830-0950 Монгол улсын түүх
1130-1310 Математик
1430-1550 Биологи
1700-1820 Монгол хэл
2012 оны 06 дугаар сарын 10-ны өдөр
0830-09 50 Газар зүй
1130-1250 Нийгмийн тухай мэдлэг
1420 – 1600 Физик