Манай улсын нийслэлд анх удаа болж буй Ази тивийн залуучуудын сонгомол барилдааны ХҮ аварга шалгаруулах тэмцээний 55 кг-д барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин П.Эрдэнэбилэг алт медалийн эзэн боллоо.
Өчигдөр “Буянт Ухаа” спортын цогцолборт эхэлсэн сонгомол барилдааны аваргууд тодорсон бол өнөөдрөөс чөлөөт бөхийн эрэгтэй ХҮI, эмэгтэй ХI тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эздийг шалгаруулах барилдаанууд үргэлжилнэ. Сонгомол барилдааны 55, 60, 66, 74, 84, 96 кг жингийн барилдаанд хүчээ сорьсон манай бөхчүүдээс 55 кг-д П.Эрдэнэбилэг алт, 66 кг-д ”Харгант-Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан хүрэл медаль хүртлээ. Ази тивийн чөлөөт, сонгомол бөхийн 2014 оны АШТ-д БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Туркмен, Тайвань, Тайланд, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны 230 залуу бөх 24 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж тус тэмцээний нээлтийн ёслолд оролцохдоо “Энэхүү спортын ордонд дөрвөн өдрийн турш тивийн шилдэг залуу бөхчүүд уран мэхийг уралдуулан гал цогтой барилдаж үзэгчдээ баярлуулна гэдэгт найдаж байна.” гэж онцлон дурдлаа. Мөн ФИЛА-гийн товчооны гишүүн, Азийн бөхийн холбооны Ерөнхийлөгч Ким Чанг Кью баяр хүргэж үг хэлэхдээ “МЧБХ өнгөрсөн жил Ази тивийн өсвөр үеийн тэмцээнийг зохиосон туршлагадаа үндэслэн тивийн залуучуудын АШТ-ийг сайн зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлж байна.” гэв.
Тэмцээний нээлтийн ёслолд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, ардын багш Ц.Дамдин, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, Японы “Ёкохама” компанийн Монгол дахь албаны ёсны дистрибьютер “YTM Mongolia” компанийн захирал Д.Сэржбүдээ нар оролцлоо. Мөн ФИЛА-гийн товчооны гишүүн Ахрол Ахмедович Рузиев, Товчооны гишүүн Ик Жон Ким, товчооны гишүүн, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Ким Чанг Кью, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Раж Сингх, ФИЛА-гийн шүүгчдийн зөвлөлийн Ази тив хариуцсан дэд ерөнхийлөгч К.Михайлов, ФИЛА-гийн шүүгчдийн зөвлөлийн Европ хариуцсан дэд ерөнхийлөгч Г. Брузински зэрэг гадаадын төлөөлөгчид байв.
Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 44, 51, 59, 67 кг жингийн барилдаанууд болно. Эхний өдөр Ираны бөхчүүд таван жинд алтан медаль хүртэж, залуу халаа нь найдвартай бэлтгэгдэж байгааг харууллаа.
Сонгомол барилдаан дүн:
55 кг -д 1. Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/
2. Бехроуз Ирван Малеки /Иран/
3. Дамир Зарлыханов /Казахстан/
3. ОсконбайАбдупатиев /Киргиз/
Энэ
жинд 10 бөх барилдсанаас манай бөх П.Эрдэнэбилэг нэгдүгээр тойрогт
Казахстаны бөх Дамир Зарлыхановыг 12:3, хоёрдугаар тойрогт хятадын бөх
Юренбек Шалетанатег 12:3 онооны харьцаагаар дийлж мөнгөн медалийн төлөө
барилдаанд Ардчилсан Солонгосын бөхийг 9:3 онооны харьцаагаар дийлж
алтан медалийн төлөө барилдаанд Ираны бөх Бехроуз Ирван Малекийг хоёр
удаа мушгин 9:0 онооны харьцаагаар хожжээ.
60 кг -д 1. Али Резолах Арсалан /Иран/
2. Равендер /Энэтхэг/
3. Нанаян Зханг /БНХАУ/
3. Миранбек Аынагулов /Кзахстан/
66 кг-д 1. Тахирасартанг Рамин /Иран/
2. Хусгал Обловердеев /Тажик/
3. Норовсүрэнгийн Амарсайхан /”Харгант Цамхаг” клуб/
3. Нурзанбек Абдуганеев /Киргиз/
Энэ
жинд 11 бөх барилдсанаас манай бөх Н.Амарсайхан нэгдүгээр тойрогт хийлж
хоёрдугаар тойрогт Узбекийн бөх Даниль Морозовыг 18:9 онооны
харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд Тажикийн бөх Хусгал
Обловердеевт 4:10 онооны харьцаагаар өвдөг шороодож хүрэл медалийн төлөө
барилдаанд Тайванийн бөх Хуа Хунг Ингийг 14:8 онооны харьцаагаар
дийлжээ.
74 кг-д 1. Паям Буевери Паяни /Иран/
2. Исан Асанов /Киргиз/
3. Тамирлан Шадугаев /Казахстан, азийн өсвөрийн аварга/
3. Сарвар Исоков /Тажик/
84 кг-д 1. Али Абдореза Шариф /Иран/
2. Сандеер /Энэтхэг/
3. Айсан Айсан /БНХАУ/
3. Сансар Багашар /Казахстан/
96 кг-д 1. Мохамед Исмайл Ибрагими /Иран/
2. Алимхан Сыздеков /Казахстан/
3. Узур Зузанбеков /Киргиз/
3. Ким Геон /БНСУ/