1954 он
1954 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 16-аас долдугаар сарын 4-нд Швейцарь улсад болж байв. Тав дахь удаагийн ДАШТ-д Европоос 12, Өмнөд Америкаас хоёр, Хойд Америк, Азиас тус бүр нэг нийтдээ 16 баг өрсөлдсөн юм.
-Шөвгийн наймд таарсан Австри-Швейцарийн тоглолтын үеэр 12 гоол орж, зохион байгуулагч орон өрсөлдөгчөө 7:5 харьцаатай буулган авсан юм.
-Энэ ДАШТ-ий тоглолтуудад дунджаар 5,38 гоол орсон нь хөлбөмбөгийн спортын нэг рекорд болсон юм.
-Хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Австри-Уругвайн тоглолт хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхийн 100 дахь тоглолт болжээ. Энэ тоглолтод Австри Уругвайг 3:1-ээр буулган авсан.
-Анх удаа хөлбөмбөгчид цамцан дээрээ дугаартай тоглов.
-Унгар-БНСУ-ыг 9:0 харьцаатай хожсон нь хамгийн олон бөмбөгний зөрүүгээр хожсон тоглолт болжээ.
-Энэ ДАШТ-ий мэргэн буучаар Унгарын тоглогч Шандор Кочиш тодорсон. Тэрээр 11 гоол оруулсан юм.
-Баруун Герман-Унгарыг 3:2 харьцаатай хожиж, тав дахь дэлхийн аварга болсон.
1958 он
Зургаа дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Шведэд болсон юм. Европын 13, Өмнөд Америкийн гурав, Хойд Америкийн нэг нийт 16 улс дэлхийн аваргын төлөө өрсөлджээ. Энэ тэмцээнд Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле 17 насандаа оролцож, гоол оруулж байсан юм.
-Дэлхийн аваргын тэмцээн анх удаа 12 хотод болжээ.
-Францын довтлогч Жюстн Фонтэн 13 гоол оруулан бүх цаг үеийн гуравдугаарт орох, нэг ДАШТ-д оруулсан гоолоороо нэгдүгээрт бичигдэх амжилт үзүүлжээ.
-Бразиль-Англи, Уэльс-Шведийн тоглолт 0:0-ээр өндөрлөсөн нь түүхэн дэх анхны хуурай тэнцээ байлаа.
-Анхдугаар тэмцээний мэргэн буучаар шалгарч байсан Гильермо Стабиле Аргентиний шигшээг дасгалжуулан оролцжээ.
-Хамгийн олон гоол орсон тоглолт нь Франц-Парагвайн 7:3 харьцаатай хожсон тоглолт байв.
-Энэ ДАШТ-д Бразиль анхны түрүүгээ авснаар Европоос өөр тивийн баг тэргүүлсэн анхны тохиолдол болсон юм. Бразиль-Шведийг 5:2 харьцаатай хожсон билээ.
1962 он
1962 оны ДАШТ-ийг Чили зохион байгуулж, өмнөх дэлхийн аваргад тэргүүлсэн Бразиль аварга цолоо хамгаалсан. Ингэснээр тэд хоёр удаа дараалан дэлхийн аварга болсон хоёр дахь улс болов.
-Чехийн хөлбөмбөгч Вацлов Машек Мексик улсын хаалганд 15 секундын дотор гоол оруулсан нь хамгийн анхны хурдан гоол болжээ.
-Нэг хэсэгт багтсан хоёр баг анх удаа шигшээ тоглолтод таарчээ.
-Дэлхийн аваргын түүхэнд эхний бөгөөд эцсийн удаа мэргэн буучийг сугалаагаар тодруулжээ. Зургаан тамирчин тус бүр дөрвөн гоол оруулсан учраас Бразилийн тоглогч Гарринча сугалаагаар шилдэг довтлогч болж байв.
1966 он
1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Англид болсон юм. Английн долоон хотод долдугаар сарын 11-30-ны хооронд болсон тэмцээнд 16 улс оролцсоноос 10 нь Европынх байж. Тэмцээний явцад 11 метрийн цохилт найм гарснаас бүгд амжилттай болсон анхны тохиолдол болов.
-Хоёр жил дараалан дэлхийн аварга болсон бразильчууд энэ удаа хэсгээсээ ч гарч чадсангүй. Тэд хэсэгтээ Португали, Унгарын багт ялагдсан.
-Мексикийн хаалгач Антонио Карбахаль тав дахь (1950, 1954, 1958, 1962, 1966), Бразилийн хамгаалагч Жалма Сантос (1954, 1958, 1962, 1966) дөрөв дэх ДАШТ-даа оролцож, рекорд тогтоожээ.
-Португаличууд энэ тэмцээнд нийт зургаан тоглолтод оролцохдоо 80-аас хойшхи минутад гоол оруулсан байдаг.
-Дэлхийн аваргын түүхэнд өрсөлдөгчдөө 0:3 харьцаатай хожигдож яваад тоглолтыг эргүүлж, хожсон анхны тохиолдол гарав. БНАСАУ-Португали 3:5
-Найм дахь удаагийн ДАШТ-ий мэргэн буучаар Португалийн тоглогч Эйсебио есөн гоол оруулснаар шалгарчээ.
-Английн тоглогч Жефф Херст ДАШТ-ий шигшээ тоглолтод хет-трик хийсэн цорын ганц тоглогч болов. Түүний баг Германыг 4:2 харьцаатай ялж, тэр жилийн дэлхийн аваргын цомыг өргөсөн юм.