Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хамгийн маргаантай гоолууд


Дэлхийн аварга шал­гаруулах тэмцээнд оролцоно гэдэг улс орныхоо нэрийг өргөх, хамгаалах тун ч бэрх хариуцлага. Шигшээ баг нь ялагдахад “за яахав” гэх улс хаана байх билээ. Ялагдал эсвэл ялалтыг тухайн улсын эрх баригчид хамгийн эмзгээр хүлээн авдаг нь нууц биш. Төр барьж байгаа хүмүүс оролцоод ирэхээр их улс төр гээч зүйл хөлбөмбөгт орж ирнэ.

Ирак гэх мэт зарим оронд шигшээ багийн тамирчид нь ялалт байгуулахгүй бол нутагтаа ирэхэд нь улсын нэрийг гутаалаа хэмээн баривчилж, аймшигтай тамладаг байсан гэдэг. Харин ялсан тохиолдолд ямар ч улс шан харамж дээр гар татдаггүй. Тиймээс ялахын тулд баг болгон өөр өөрийн боломжийн хэмжээнд чадах бүх л аргаа ичиж зоволгүй хэрэглэнэ, тамирчид ч талбай дээр ямар ч аргаар хамаагүй ялах нь чухал гэсэн зарчмаар тоглодог. Иймээс маргаантай гоолын асуудал байсхийгээд л сөхөгдөнө. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд маргаан дэгдээсэн хэд хэдэн гоол бичигдэн үлдсэн нь бий.

Хамгийн алдартай нь, 1986 оны дэлхийн аваргын үеэр Аргентин, Английн хооронд болсон тоглолтод Марадонагийн хийсэн гоол. Дэлхийн аваргаас гурван жилийн өмнө буюу 1983 онд Аргентин, Их Британи хоёр  Фолклендийн арлуудыг булаацалдан дайтаж, англичууд ялалт байгуулсан юм. Иймд Англитай хийсэн тоглолтод ялах нь аргентинчуудын хувьд нэр төр, үхэл амьдралын асуудал болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Тоглолтын үеэр 1:1 –ийн харьцаатай тэнцүү явах үед Марадона бөмбөгийг гараар цохин гоол оруулсан юм. Тухайн үед талбайн шүүгч үүнийг анзааралгүй тооцож аргентинчууд 2:1 харьцаагаар ялж, Марадона дараа нь гоол хийсэн гараа “Бурхны гар” гэж мэдэгдэн англичуудыг даапаалж байсан билээ.

Дараагийн маргаантай гоол нь 1966 оны дэлхийн аваргын үеэр Англи, ХБНГУ-ын хооронд болсон тоглолтоор гарсан юм. Багууд 2:2 харьцаатай тэнцүү явах үед Английн довтлогч Жефф Херст хаалга руу хүчтэй цохиход бөмбөг хөндлөвчөөс ойн эгц доош буугаад буцан талбайд оржээ. Гол шүүгч Швейцарийн Готтфрид Динст ойсон бөмбөг хаалганы зураасны хаана буусныг хараагүй болохоор нягталж үзэхийн тулд тоглолтыг түр зогсоожээ. Бүх тоглогч гоол ороогүй гэж санал нэгтэй мэдэгдсэн ч хажуугийн шүүгч хийж байсан Зөвлөлтийн Бахрамов дарцаг өргөн бөмбөг зураасыг давсан гээд гоолыг тооцсон тул англичууд 3:2 харьцаагаар давамгайлж, сэтгэл зүйн давуутай болж, дахин нэг гоол хийн дэл­хийн аварга болж байсан юм. Хажуугийн шүүгчийн шийдвэр зөв эсвэл буруу байсан талаарх маргаан одоо ч тасраагүй. Тухайн үед Зөвлөлтийн шүүгчийг Германы хөгжөөн дэмжигчид ямар үгээр хараан зүхэж байсныг хэлэхэд хэцүү. Тэгээд ч тэр үеийн ТВ-ийн тоног төхөөрөмж одоогийнхтой адил лут байсангүй.
1978 оны Дэлхийн аваргын үеэр Швед, Бра­зилийн тоглолтын үеэр ал­дарт Зикогийн гоолыг тооцоогүйн улмаас хоёр тал 1:1 харьцаагаар тэнцэж бай­сан нь одоо ч маргаантай хэ­вээр. Тэмцээн дуусахаас хэдэн секундын өмнө бра­зильчууд булангийн цохилт хийх эрх авч цохисны дараа Зико мөргөн гоол хийсэн юм. Гэтэл тоглолтыг шүүж байсан Английн Клайв Томас цаг хэмжигчээ харж байгаад яг секунд тааруулан тоглолт дууссаныг мэдэгдэн шүгэлджээ. Шүгэлдэх агшин нь Зикогийн бөмбөг мөргөхтэй таарсан болохоор гоолыг тооцоогүй байна. Уг нь, уламжлал ёсоор цаг дуусахад хэдэн секунд дутуу байгаа эсвэл дууссанаас үл хамаараад довтолгоогоо дуусгах боломж олгодог. Шүүгч энэ уламжлалыг зөрчсөн хэдий ч нэг гаргасан шийдвэрээ зөрчихгүй гэж мэдэгдээд гоолыг тооцоогүй болохоор тоглолт хайнцсанаар дуусчээ.

Өөр нэг маргаантай гоол нь 1982 оны аварга шалга­руулах тэмцээний үеэр Франц Кувейтийн багийн тоглолтын үеэр орсон юм. Кувейтчуудыг бөмбөг эзэмшиж байх үед индэр дээрээс хөгжөөн дэм­жигчдийн нэг нь шүгэл хүч­тэй үлээжээ. Гэтэл Кувейтийн тоглогч талбайн шүүгч шүгэл үлээлээ гэж бодоод бөмбөгийг орхин тоглолтоо зогсоосон байна. Харин францчууд талбайн шүүгч шүгэлдээгүй гэдгийг мэдэж байсан болохоор бөмбөгийг эзэмшин довтолж ямар ч эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр гоол хийх нь тэр. Үүний дараа кувейтчүүд гоолыг тооцлоо гэж эсэргүүцэн талбайг орхин явсан юм. Тоглолтыг шүүж байсан Зөвлөлтийн шүүгч Мирослав Ступар тэднийг эргэж тоглолтод орохыг 20 минутын турш аргадаад эцэст нь маргаантай гоолыг хүчингүйд тооцож байж тоглолтыг үргэлжлүүлсэн. Хэдийгээр францчууд 4:1 харьцаагаар ялсан ч тоглолтын маргааш нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гаас талбайн шүүгчийн шийдвэр ямар ч тохиолдолд өөрчлөгдөх ёсгүй гэсэн зарчмыг зөрчин, шүүгчдийн нэр хүндийг сэвтүүлсэн хэмээн түүний шүүх эрхийг насаар нь хассан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан