Монголын самбо бөхийн холбооны уламжлалт Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2, 3-нд болж 2014 оны улсын аварга баг тамирчид тодорлоо.
Уг тэмцээнд 24 багийн 210 тамирчин 10 жинд хүч, ур чадвараа сорин барилдсан юм. Орон нутгаас Дархан, Сэлэнгэ, Борнуур, Баянхонгор, Увс, Орхон, Булган аймгийн баг тамирчид оролцжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Хан-Уул “Женко” клубын тамирчин Ш.Ганчимэг 64 кг-д алт, Б.Ганхайч мөнгөн медаль, 44 кг-д “Женко” клубын тамирчин П.Наранцэцэг алт, “Тэмүүжин” клубын тамирчин Э.Уртнасан мөнгөн медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд 74 кг-д ‘Увс нуур” клубын тамирчин Б.Алтансүх алт, “Хангарьд” клубын тамирчин Г.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. “Хангарьд” клубын тамирчин Б.Ган-Эрдэнэ 82 кг-д алт, ОБЕГ-ын тамирчин Э.Түвшинтөгс мөнгөн медалийн эзэн боллоо.
Эрэгтэй багийн дүнгээр Г.Энхбаяр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг “Женко” клуб тэргүүн байр, Б.Хишигтогтох дасгалжуулагчтай СХД хоёрдугаар байр эзэлсэн бол Г.Барсүрэн дасгалжуулагчтай “Увс нуур” клуб удаах байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн багийн төрөлд тэргүүн байрыг Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай ХУД-ийн ‘Женко” клуб, Г.Эрдэнэбат Төрөлжсөн спорт биеийн тамирын дунд сургууль ТСБТДС хоёрдугаар байр, Г.Энхбаяр дасгалжуулагчтай БЗД-ийн “Женко” клуб удаах байрыг тус, тус эзэллээ.
Энэ тэмцээнд 1985 оноос хойш зохиож байгаа бөгөөд 1994 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд оролцох эрхтэй юм.