Сэтгүүлч гүнж Летизиа
Бидний цаг үед амьдарч буй гүнж нараас Испанийн угсаа залгамунтайж Фелипегийн гэргий Летизиа гоо үзэсгэлэн, биеэ авч явах байдал, боловсрол мэдлэгээрээ эрхгүй ялгардаг нэгэн. Испаничуудаар зогсохгүй европчуудын хайрыг татсан Летизиа гүнж эгэл ард гаралтай, хунтайжтай учрахаас өмнө жирийн сэтгүүлч байсан юм.
Тэрээр 1972 онд Исүс Хосе Ортиз Алварезийн гэр бүлд том охин нь болон мэндэлжээ. Түүний аав нь сэтгүүлч, ээж нь сувилагч бөгөөд тэднийх ямар нэгэн сурвалжит гаралгүй гэр бүл аж. Тэднийх Испанийн дундаж гэр бүлийн нэгэн адил энгийн даруухан амьдардаг, Летизиа ч бусад хүүхдийн адил боловсрол эзэмшиж, Мадридын их сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмшжээ. Сэтгүүлчийн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан тэрээр гадаад, дотоодын сонин, телевиз гээд хэвлэл мэдээллийн олон байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, “Bloomberg” телевизийн Испани дахь салбар болон 24 дүгээр суваг, TVE 1 телевизийн мэдээний сэтгүүлчээр ажиллаж байжээ. Тэрээр сайн сэтгүүлч байсан учраас 2000 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, 2001 оны есдүгээр сарын 11ний халдлага, Иракийн дайн зэрэг халуун үйл явдлуудыг газар дээрээс нь очиж сурвалжилж байсан удаатай. Харин 2003 онд хунтайж Фелипетэй сүй тавихаас өмнөхөн Испанийн хамгийн олон үзэгчтэй TVE телевизийн мэдээний нэвтрүүлэгчээр хэсэг ажилласан байна.
Гүнж бүрийн намтарт тохиолдоод байдаггүй бас нэг онцлог зүйл Летизиад бий. Хунтайж Фелипе бол түүний анхны нөхөр биш юм. Тэрээр 1998 онд Алонсо Перез хэмээх эрэгтэйтэй гэрлэсэн ч жил хүрэхгүй хугацааны дараа салсан байна.
Өмнө нь, амьдрал зохиож байсан, бас сурвалжит гарал угсаагүй эмэгтэйг хунтайжийн гэргий болгохыг зөвшөөрсөн тухайгаа Испанийн эзэн хааны ордон 2003 оны арванэгдүгээр сард зарласан юм. Летизиа өмнө нь гэрлэхдээ сүмд тангараг өргөж, албан ёсоор хурим хийгээгүй учир албан ёсны гэрлэлт биш хэмээн Эзэн хааны ордноос тухайн үед олон нийтэд тайлбарлаж байв. Энэ үндэслэлээр ч Испанийн сүм хунтайжийн гэрлэлтийг адисласан бөгөөд 2004 оны тавдугаар сарын 22-нд Мадридад нүсэр том хурим хийсэн юм. Испанийн эзэн хааны гэр бүлийнхэн хурим хийхдээ нэг бол гадаадад эсвэл өөр бусад хотод ёслолоо хийдэг байсан учир хунтайж Фелипе, гүнж Летизиагийнх шиг цуутай, том хурим сүүлийн 100 жил болоогүй гэдэг.
Цуутай хуримнаас хойш хунтайжийнх Зарзуела ордонд төвхнөсөн бөгөөд одоо тэдний гэр бүл Леонор, София хэмээх хоёр бяцхан гүнжтэй болжээ.
Хааны гэр бүлийн гишүүн болоод аль хэдийнэ найман жилийг ардаа орхих хугацаандаа Летизиа Европын хамгийн стильтэй гүнж хэмээх нэрийг авч амжаад байна. Тэрээр сэтгүүлч байсны хувьд олон нийтийн ажилд оролцохдоо тун дэгжин ажил хэрэгч хувцас өмсдөг бол дээдсийн хүрээний хүлээн авалт, ёслолд оролцохдоо үлгэрийн гүнж шиг тансаг даашинзаар гоёдог. Харин жирийн үедээ гүнж хэмээн хэлмээргүй орчин үеийн загварлаг жинс, задгай энгэртэй цамц, өндөр өсгийтийг хослуулан сонгодог учир түүнийг Холливудын оддоос ч өндөр загварын мэдрэмжтэй хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг юм.
Моринд хорхойтой Монакогийн гүнж Шарлотте
Шарлотте Кашираги бол Монакогийн цуутай гүнж, Холливудын супер од Грэйс Келлигийн ач охин юм. Үзэсгэлэн гоо нь дэлхий дахинаа алдаршсан Грэйс гүнжийн удам угсаа нь болох Шарлоттегийн генд нэгэн цагт Холливудыг гайхуулж байсан эмээгийнх нь сайхан төрх хадгалагдан үлджээ. 2006 онд “Vanity Fair” сэтгүүлийн хамгийн сайхан хувцасладаг бүсгүйгээр нэрлэгдэж байсан гүнж Шарлотте 1986 онд Монте-Карлод мэндэлжээ. Тэр бол Монакогийн угсаа залгамжлах гүнж Каролиний хоёр дахь охин юм. Харин түүний аав нь Стефано Кашираги хэмээх язгууртан удам угсаагүй, Италийн жирийн бизнесмэн байжээ. Түүнийг дөрвөн настай байхад аав нь далайд завиар зугаалж яваад осолдож, нас барсан байна. Энэ явдлаас болж Каролин гүнжийн гэр бүл хэвлэл мэдээллийн дурангаас холдох гэж хэдэн жил Францад амьдарчээ.
1999 онд Каролин гүнж Хановерийн хунтайж Эрнесттэй гэрлэснээр Шарлотте гурван дүүтэй болж, тэдний гэр бүл Парист амьдардаг болжээ. Шарлотте Францад боловсрол эзэмшсэн бөгөөд сэтгүүлчийн мэргэжилгүй ч сонин, сэтгүүлийн газарт өөрийн сонирхлын дагуу ажилладаг юм. Тэрээр 2007-2008 онд “”AnOther” сэтгүүл, “The Independent” сонинд ажиллаж байсан бол 2009 оноос “Above” хэмээх загварын сэтгүүл эрхлэн гаргах болсон юм. Энэ сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тэрээр нэр алдартай олон загвар зохион бүтээгчтэй танилцаж, улмаар тэднээс санаа авсан “Ever Manifesto” хэмээх сэтгүүл хувиараа гаргаж эхэлжээ. Загварын ертөнцийнхний чамирхал хүрээлэн буй орчин, байгальд ямар хор хөнөөл учруулж буй талаар өгүүлсэн энэ сэтгүүлээ тэрээр өөрийн зардлаар олон мянган хувь хэвлэж, Миланы загварын долоо хоногоор үнэгүй тарааж байсан удаатай.
Шарлотте гүнжийн амьдралд спорт чухал байр суурь эзэлдэг. Багадаа өндрийн харайлтын төрлөөр хичээллэдэг байсан тэрээр одоо морин уралдаанд хамаг анхаарлаа тавиад байгаа аж. Морь унахдаа гарамгай тэрээр Трой хэмээх морьтойгоо дэлхийн олон оронд очиж, уралдаж байжээ. Тэрээр ингэж явахдаа “Gucci” брэндийн нүүр царай болох гэрээ хийсэн бөгөөд уралдаанд оролцох үедээ тус загварын товчооноос зөвхөн түүнд зориулан бүтээсэн цорын ганц хувцсыг өмсдөг байна.
Залуухан гүнж Шарлотте дээдсийн хүрээний харчуулын нүдийг унагадаг сайхан бүсгүй болсон ч хараахан сүй тавьж, гэр бүл зохиогоогүй байна. Өмнө нь, хоёр найз залуутай байсан тэрээр одоогоор ганц бие гэнэ.
Шведийн гүнж Маделин
“Форбес” сэтгүүлээс шалгаруулдаг хаан угсааны хамгийн халуухан 20 бүсгүйн нэгээр нэрлэгдэж байсан Шведийн гүнж Маделин 30 настай. Тэрээр 1982 онд Шведийн XVI Густаф Карл хааны хоёрдугаар охин болж мэндэлжээ.
Тэрээр Стокгольмд боловсрол эзэмшсэн бөгөөд хууль болон урлагийн түүхийн чиглэрээр хоёр ч их сургууль дүүргэжээ. Тэрээр Лондонд хэсэг хугацаагаар амьдарч байсан учир хэлний мэдлэгийн хувьд англи, германаар сайн ярьдаг, франц хэлний дунд шатны мэдлэгтэй ажээ. Тэрээр сургуулиа төгссөний дараа 2006 онд НҮБ-ын Хүүхдийн Санд Хүүхдийг хагас жил хэртэй ажиллаж байжээ.
Гүнж моринд маш их хайртай, хэдэн жилийн өмнөөс л өөрийн гэсэн морьдтой болж, тэднийгээ Анна Свэнсон хэмээх нэрээр уралдуулдаг болжээ. Тэрээр сонирхлынхоо дагуу 2001 онд “Гавлеборг” нэртэй морин спортод сонирхолтой хүүхдүүдэд тусалж, дэмжих зорилготой сан байгуулсны зэрэгцээ “Мин Стора Даг” хэмээх санг бас ивээн тэтгэдэг байна. Тэр бас цанаар гулгах дуртай, олон нийтийн үйл ажиллагаа тэр дундаа театр, бүжгийн урлагт ихээхэн сонирхолтой.
Маделин гүнж долоон жил үерхсэн найз залуу Жонас Бергстромтойгоо сүй тавьсныг Шведийн хааны ордон 2009 оны наймдугаар сард зарласан юм. Гэвч сүй тавьснаас хэдхэн сарын дараа түүний найз залуу гүнжийг хуурч, Норвегийн оюутан бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсныг хэвлэлүүд олж мэдэж, бөөн шуугиан дэгдсэн. Энэ явдлын дараа хааны ордноос гүнжийн сүйг цуцалсан ч энэ нь сүйт залуутай холбоогүй хэмээн мэдэгдсэн юм. Гүнж одоогоор ганц бие байгаа юм.
Монакогийн гүнж Чарлин Уиттсток
Өнгөрсөн онд дэлхийд цуутай хоёр том хурим болсны нэг нь Английн ханхүү Уильямынх байсан бол нөгөө нь Монакогийн хунтайж Альбертынх байсан билээ. 30 гаруйхан мянган хүн амтай Монакогийн хунтайж Альберт 50 хүртлээ хурим хийлгүй, гэр бүлийнхнийгээ удтал хүлээлгэсний эцэст 2010 онд Чарлин Уиттсток хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйтэй сүй тавьж, өнгөрсөн зун хуримаа хийсэн юм.
Чарлин Уиттсток 2000 онд Монакод болсон усанд сэлэлтийн нэгэн тэмцээний үеэр хунтайж Альберттай танилцжээ. Гэхдээ 2006 он хүртэл тэд жирийн танилууд байсан бөгөөд тэр үеэс хойш хамтдаа олон нийтийн өмнө гардаг болсон юм. Гэхдээ сүй тавьж, хунтайжийн албан ёсны гэргий нь болох хүртэл Чарлин дахин таван жил хүлээх хэрэгтэй болсон юм.
Гуалиг сайхан биеэрээ гайхагддаг Чарлин гүнж өмнө нь усанд сэлэлтийн тамирчин байжээ. Өмнөд Африкийн нэрийн өмнөөс олимпт хүртэл оролцож явсан тэрээр Герман, Англи, Өмнөд Африк, Родези цустай. Тэрээр Зимбабвед төрсөн бөгөөд түүнийг бага байхад гэр бүл нь Өмнөд Африкт шилжин иржээ. 2000 оны Сиднейн олимпод 4*100 метрийн сэлэлтийн төрөлд тавдугаар байранд орж, чамгүй амжилт үзүүлж байсан тэрээр 2007 онд спортоо орхисон байна. Гэсэн ч тэрээр 2011 оноос тусгай олимпын хөдөлгөөний олон улсын элчээр өргөмжлөгдөн, спортын төлөө ажилласаар яваа юм.
Чарлин Уиттсток гүнж болсны дараахан түүнтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриа Европын олон хэвлэлээр тархсан юм. Тухайлбал, хунтайж, гүнж хоёр бал сараа тэмдэглэхээр Өмнөд Африкт очихдоо хоёр тусдаа зочид буудалд буусан гэдэг яриа гарсан. Үүнээс үүдэн хунтайжийн гэрлэлт удахгүй төгсгөл болно хэмээн хэвлэлүүд хэсэг шуугьсан ч Чарлин Уиттсток одоо хүртэл гүнж хэвээрээ байгааг үзвэл дээрх яриа үндэслэлгүй байсан бололтой.