Сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа ёс зүйн зөрчил гаргасан харцага Ц.Содномдоржийн талаар МҮБХ-ны тэргүүлэгчид ээлжит бус хурлаараа хэлэлцээд, түүний барилдах эрхийг дөрвөн сараар хасч байсан.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр болсон Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 90 жил, аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлэх барилдааны сүүлийн даваанд аварга С.Мөнхбат харцага Ц.Содномдоржтой барилдах үеэрээ толгой руу нь цохиж, нидэрсэн нь бөх сонирхогчдын дунд шүүмжлэл дагуулж буй. Аваргыг зохисгүй үйлдэл гаргалаа гэж үзсэн бөх сонирхогчид МҮБХ-ны тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа үүнийг асуудал болгон авч хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулахад “Аварга Мөнхбат Содномдоржийг цохисон юм байхгүй. Барилдаж дуусаад гараа татахдаа л санаандгүй хүрчихсэн юм билээ. Энэ удаагийн барилдааны үеэр ямар нэг ёс зүйн асуудал гараагүй” гэв.