Олимпын тэргүүлэх төрөл болох жүдогийнхны амжилт жил ирэх бүр өсч буй. Үүний хэрээр ч жүдог сонгож хичээллэх багачуудын “арми” ч өргөжиж байгаа. Жил бүр бүл нэмж байгаа энэ айлд хийх зүйл ч олон. Тиймээс Монголын жүдогийн холбооны Удирдах зөвлөл жилдээ хоёроос дээш удаа хуралддаг юм. Өчигдөр 2014 оны анхны хурлаа хийлээ.
Тус хуралд Монголын жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Зохион байгуулах холбооны дарга Д.Дорлигжав, гүйцэтгэх захирал М.Бөхбат, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням болон холбооны дэд ерөнхийлөгч нар оролцож хэд хэдэн асуудлын талаар ярилцлаа.
Олимпын 13-14 эрх авах боломжтой
2007 оноос хойш зохион байгуулсан Зүүн Азийн наадмаас манай тамирчид ганцхан алтан медаль авсан байдаг. Тэгвэл энэ жилийн наадмыг манай улс зохион байгуулж, баг тамирчид маань дөрвөн алтан медаль хүртэж анх удаа Япон, Солонгосын баг тамирчдыг ялж аварга болсон. Энэ талаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч “Зүүн Азийн аварга шалгаруулах их наадмаас манай тамирчид 12 медаль хүртсэн. Үүний дөрөв нь алт байсан. Эрэгтэй баг алт, эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Энэ он гараад шигшээ багийн тамирчид Европын дөрвөн цувралд оролцлоо. Францын гранд слам тэмцээнээс нэг алт, нэг мөнгө авсан. Европын нээлттэй тэмцээнээс хоёр мөнгө, хоёр хүрэл, Германд болсон гран при тэмцээнээс хоёр мөнгө, хоёр хүрэл, Чехэд болсон Европын цувралаас нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай байна. Эрэгтэй баг тамирчид Германд 10 хоног хамтарсан бэлтгэл хийсэн. Эмэгтэй баг маань Японд хамтарсан бэлтгэл хийгээд ирлээ. Ер нь, гадаадын баг тамирчид манайд ирж бэлтгэл хийх сонирхолтой байгаа. Үүнийгээ ч илэрхийлсэн. Герман, Францын тамирчид ирж байсан бол удахгүй болох “Чингис хаан” гран при тэмцээний дараа хамтарсан бэлтгэл хийх хүсэлтээ зарим улс ирүүлээд байна. Энэ бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх чухал бэлтгэл болно. Мөн энэ сараас олимпын оноог бүтнээр нь өгөх тэмцээнүүд эхэлсэн. Удахгүй болох Унгарын гран при тэмцээнд найман тамирчин оролцохоор болсон” гэдгийг дуулгасан юм.
Энэ онд ССАЖЯ-ны харьяа Спорт бэлтгэлийн төвөөс жүдогийн шигшээ багт 550 сая төгрөг төгрөг тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэлд зориулан төлөвлөжээ. Үүний 200 гаруй сая төгрөгийг Европын цуврал тэмцээнд зориулж, Герман, Японд хийсэн хамтарсан бэлтгэлд 100 гаруй сая төгрөг, бэлтгэл сургуульд 50 гаруй саяыг нь зарцуулснаар одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төсөвлөсөн 187 сая төгрөг үлдээд байгаа аж.
Тиймээс энэ сараас эхэлж буй олимпын бүтэн оноо олгох тэмцээнүүдэд оролцох зардал мөнгө бэрхшээлтэй байгааг ахлах дасгалжуулагч О.Балжинням удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд танилцуулсан юм. Мөн тэрээр 2016 оны олимпод оролцох эсэх нь энэ сараас эхэлж буй тэмцээн уралдаанаас хамаарах учраас зардал мөнгөний асуудлыг шийдээд өгвөл 13-14 эрх авах боломжтой гэдгээ ч хэлсэн юм.
“Чингис хаан” гран при
Монголын жүдо бөхийн холбооноос энэ онд дотооддоо 21 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөснөөс одоогоор 13-ыг нь амжилттай явуулаад байна. Энэ бүх тэмцээн уралдааны 80 орчим хувийг нь Жүдо бөхийн холбоо хамтран ажилладаг байгууллагын дэмжлэгээр, үлдсэн 20 хувийг өөрсдийн хүчээр зохион байгуулжээ.
Энэ удаагийн хурлаар ирэх сард зохион байгуулах “Чингис хаан” гран при тэмцээний зохион байгуулалт, санхүү мөнгөний асуудлаар ярилцсан. Өмнө нь дэлхийн цом нэртэйгээр зохион байгуулдаг байсан тус наадам өнгөрсөн жилээс гран при болж зэрэглэл өссөн. Үүний хэрээр амжилт үзүүлсэн тамирчдын чансаанд оноо нэмэгдэх учраас гадаадын олон арван тамирчин оролцох юм.
Дэлхийн аваргын бэлтгэл
Наймдугаар сарын 24-31-нд болох энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан өмнөх амжилтаа ахиулах ёстой. Өнгөрсөн жил анхны эмэгтэй дэлхийн аварга төрж, 24 жил тасраад байсан дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авч ирснийг монголчууд бахархан санаж буй. Тэгвэл энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй долоон жинд өрсөлдөх тамирчдыг эхний байдлаар ахлах дасгалжуулагч О.Балжинням удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд танилцууллаа. Дэлхийн чансаагаар бөхчүүдийн амжилтыг дүгнэж, тэдэн дундаас идэвх зүтгэлтэйг нь сонгож дэлхийн аваргад оролцуулна гэдгээ тэрээр хэлээд жин бүрт 2-3 тамирчин санал болгов. Гэхдээ ирэх наймдугаар сарын хурлаар тамирчдын нэрсийг эцэслэн батална. Хөнгөн жинд тамирчдын өрсөлдөөн их байгаа ч хүнд жинд барилддаг тамирчин цөөн нь олон улсын жүдо бөхийн холбооноос гаргадаг чансааны зэрэглэлээс харагдаж байлаа.
Энэ үеэр жүдогийн холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн ахлах дасгалжуулагчид саналаа хэлсэн. Багш нар заавал нэг тамирчинтай тулж харилцах гэж цаг хугацаа алдаж байхаар бэлтгэл сургуулилтын ирц, жин, барилдахдаа гаргадаг алдаа зэргийг нь төрөлжүүлэн дааж аваад тамирчиддаа зөвлөдөг болвол илүү үр дүнтэй гэдэг санал гарсан бол холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тамирчдын жинд хатуу анхаарахыг ахлах дасгалжуулагчид санууллаа.
“Монгол жүдо-2020” төсөл
Монголын жүдо бөхийн холбоо манай спортынхноос хамгийн олон олимпын медаль эх орондоо авчирсан. Тэгвэл тэд энэ амжилтаа 2020 он гэхэд хэд дахин өсгөхийг зорьж байна. Зорилгодоо хүрэхийн тулд “Монгол жүдо 2020” төслийг энэ жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөөд өнөөдөр Увс аймгаас гараагаа эхэлнэ. Монгол Улсын бүх сумыг 2020 он гэхэд жүдогийн дэвжээтэй болгохоор жүдогийн холбооноос эхлүүлээд буй юм. Монголчуудын биеийн өндрөөр намхан талдаа хүмүүс. Намхан хэдий ч барилдах эвсэлтэй, бяр тэнхээтэй хөдөөгийн хүүхдүүд спортоор хичээллэх гэхээр үндэсний бөхөөс өөр сонголт байдаггүй. Тиймээс жүдогийн дэвжээг хөдөөгийн хүүхдүүдэд ойртуулвал сайн бөхчүүд төрнө гэдгийг холбооны ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн. Тэрээр “2008 онд Жүдо бөхийн академийг байгуулсан. Академидаа олон удаагийн сургалт явуулж, дасгалжуулагчдаа бэлтгэсэн. Шинээр байгуулсан жүдогийн дэвжээндээ тэднээс дасгалжуулагч томилно” гэсэн юм.