Оюу толгой дахиад л ажилчдаа халлаа. Энэ удаа тус компани дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналт, эдийн засгийн хямрал, компанийн санхүүгийн хүндрэлээс болж цомхотгол хийж байна гэдэг шалтгаанаар 300 ажилтнаа халав. Өчигдрийн байдлаар 100 гаруй хүн ажлаас халагдах мэдэгдэл хүлээн авчээ.
Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт өнгөрсөн жил зогсоход 1700 ажилтнаа халж байсан. Мөн шинэ он гарахын өмнө цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан 12 ажилтнаа халсан удаатай. Ингээд Оюу толгой ажилгүйчүүдийн эгнээг 2000 гаруйгаар нэмлээ гэж хэлж болно.
Оюу толгой төсөл санхүүгийн хүнд байдал орсон эсэх нь эргэлзээтэй. Учир нь зэсийн баяжмалаа зарж борлуулах гэрээгээ хангалттай хийсэн гэх мэдээлэл бий. Дээр нь зэсийн үнэ тартагтаа тултал уначихаагүй. “Туркойз Хилл Ресурс” компанийн энэ оны нэгдүгээр улирлын тайланг сонирхоё. Уг тайлангийн Оюу толгойд хамаарах хэсэгт дурдсанаар он гарснаас хойш нийт 102 мянган тонн зэс-алтны баяжмал үйлдвэрлэжээ. Энэ баяжмалыг цэвэр зэс рүү шилжүүлэн тооцвол 25300 тонн болох нь.
Үүнээс гадна дээрх хугацаанд Оюу толгой 48200 тонн зэс-алтны баяжмал борлуулсан байна. Уг баяжмалын борлуулалтын цэвэр орлого нь 108 сая ам.доллар байжээ. Энэ тайланд мөн “Оюу толгой” ХХК-ийн борлуулалтын хэмжээ хурдацтай өсч байгаа гэсэн. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сард 68 мянга орчим тонн зэс-алтны баяжмал борлуулсан аж. Бүтээгдэхүүний борлуулалтын төлөвлөгөөг нь сонирхоё. Энэ онд үйлдвэрлэх зэс-алтны баяжмалынхаа 94 хувийг нь борлуулах гэрээ хэлцэл хийсэн байна. Үүнээс гадна ирэх жил үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалынхаа 91 хувийг авах худалдан авагчаа олж гэрээ хэлцэл хийжээ.
Оюу толгой ордын лицензийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компанийн дийлэнх хувьцааг “Рио Тинто” групп эзэмшдэг. Ийм учраас 2010 оноос хойш Оюу толгой төслийг удирдаж байгаа юм. Үндэстэн дамнасан тус групп дэлхийн эдийн засгийн хямрал, ашигт малтмалын үнийн уналтаас үүдээд дэлхийн олон оронд ажиллаж буй уурхайчин, ажилчдаа цомхотгож байгаа гэдэг. Гэтэл Гвинейн төмрийн хүдрийн нөөц ихтэй том ордод 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулжээ. Ингээд эхний ээлжинд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон байна. Уг ордын үнэ цэнэ, ач холбогдол нь Оюу толгойтой эн зэрэгцэх юм. Дэлхийн эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал аливаа бизнесийн оршин тогтнох, өсч дэвжих, уруудаж доройтоход нөлөөлөх нь тодорхой. Гэвч Монголын баялгийг ашиглаж, газар шороог нь ухаж буйн хувьд хөрөнгө оруулагчдыг хардах эрх бидэнд бий. Ийм ч учраас үндэстэн дамнасан аварга компани жижиг шалтаг хэлж дээрэнгүй хандаж байна хэлж болох юм.
Ингээд “Оюу толгой” ХХК-ийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн С.Энхцэцэгээс энэ тухай утсаар лавласан юм.
-Танай компани 300 ажилчнаа халж байгаа гэлээ. Ямар үндэслэлээр ингэж бөөнөөр нь халж байна вэ?
-Оюу толгойд үндсэн болон гэрээт нийт 6000 мянган монгол хүн ажиллаж байгаа. Зах зээлийн байдал хүнд байгаа тул компанийн санхүүгээс шалтгаалж буй юм. Хэдэн хүн цомхотгож байгаа нарийн тоог нь мэдэхгүй. Өнөө өглөө зарим хүнд цомхотгох мэдэгдэл өгсөн.
-Тэгэхээр урьд нь цомхотгол хийх тухай ажилчиддаа мэдэгдэж байсан уу?
-Зах зээл, компанийн санхүү хүнд байгаа тул цомхотгол хийж болзошгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан.
-Энэ халагдаж буй хүмүүс Оюу толгойн үндсэн ажилчин уу эсвэл туслан гүйцэтгэх компанийнх уу?
-Үүнд үндсэн болон гэрээт ажилчдын аль аль нь байгаа.
Ажлаас халагдах мэдэгдэл өчигдөр хүлээж авсан Өмнөговь аймгийн Манлай сумын иргэн Д.Баатаржавтай утсаар холбогдсон юм.
-Ямар шалтгаанаар хэчнээн хүн ажлаас халж байна вэ?
-Алт, зэсийн үнэ унасан тул зардлаа хэмнэх үүднээс ингэж байна гэсэн. Миний л мэдэхээр өнөөдөр 100 гаруй хүн ажлаас халах мэдэгдэл авсан. Маргааш, нөгөөдөр ч бас хүмүүс халах юм шиг байна. Нийт 300 гаруй хүн халах сураг байгаа. Одоогоор засвар үйлчилгээ, аж ахуй, жолооч л голдуу халагдлаа.
-Уг нь зэсийн баяжмалаа экспортолж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Машин машинаар нь ачаад явдаг шүү дээ. Баяжмал нь гараад түүнийгээ борлуулаад ирэхээр эрх биш бидний амьдрал сайжрах байгаа гэж найдаж байтал санамсаргүй зүйл тохиолоо. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг л юм боллоо. Ер нь, энэ бүх асуудлыг төр засаг мэдэж л байх ёстой гэж бодож байна. Оюу толгойг ашиглах гэрээ хэлцэл хийхдээ 10 мянган монгол хүн ажиллуулна гэж заасан. Гэтэл өнөөдөр 6000 мянган хүн ажиллаж байгаа. Одоо түүнээсээ халаад л байна.
-Урд нь ажилчиддаа цомхотгох тухай мэдэгдэж байв уу?
-Хориод хоногийн өмнө мэдэгдсэн. Уг нь орон нутгийн иргэд давуу эрхтэй гэдэг. Гэрээ хэлцэл дээрээ ч тийм юм билээ. Тэгээд арай цомхотгохгүй байлгүй гэж бодож байтал гэнэт л ийм зүйл боллоо.
-Халагдаж байгаа хүмүүст цалингийн зээлтэй хүн олон бий юу?
-Байлгүй яахав. Манайхан бүгд л цалингаа барьцаалаад л зээл авдаг шүү дээ. Би л гэхэд 10 сая төгрөгийн зээл аваад хоёр сар болж байна.
-Одоо тэгээд цаашид та ямар ажил хөдөлмөр эрхлэх санаа байна. Хувийн ямар нэг бизнес бий юу?
-Урд нь Оюу толгойгүй амьдраад болж л ирсэн. Болгоно доо. Одоо харин 14 хоногийн дотор ажлаас гэнэт халагдсаны мөнгөө олж авна.
-Та хэдэн жил ажиллаж байв?
-Би гурван жилийн өмнө мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг “Си Эй Эм Эл“ /САМL/ компанийн гэрээгээр Оюу толгойд ажилд орсон.
Уул уурхайн яамнаас сар бүрийн сүүлчээр хийдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр Уул уурхайн дэд сайд О.Эрдэнбулганаас Оюу толгой компани ажилчдаа халж байгаа тухай асуухад ийн хариулсан юм. Тэрээр “Оюу толгой компанийн ихэнх хувийг “Рио Тинто”, 34 хувийг нь Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа. Энэ компанийн бүтээн байгуулалт, ажлын үйл явцын бүхий л мэдээллийг авч хамтран ажилладаг. Монгол Улсын Засгийн газар Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван төлөөлөгчөөр дамжуулж үйл ажиллагаанд оролцож байна. “Рио Тинто” компани ганц манай улсад бус дэлхийн бусад орнуудад ч явуулж буй үйл ажиллагаагаа хумьж байгаа юм. Нэг жишээ хэлэхэд тус компанийн хамгийн гол орлого олдог салбар нь төмрийн хүдрийн боловсруулалт, үйлдвэрлэл. Сүүлийн жилүүдэд зэсийн үйлдвэрлэл орж ирж байгаа. Одоогоор дэлхийн зах зээл дээр “Рио Тинто” компанийн үйл ажиллагаа сул байна. Ингээд ажиллаж буй бүх уурхайдаа 10-15 хувиар хүний нөөцийн цомхотгол хийх болсон. Энэ нөлөөлж ажилчдаа цомхотгосон гэж үзэх үндэстэй. Нөгөө талаар Оюу толгойн нэгдүгээр үе шат буюу ил уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрөв таван жил үргэлжилж өнгөрсөн онд дууссан. Одоо үйл ажиллагаа нь жигдэрч дахин нэмэлт бүтээн байгуулалт хийхгүй болохоор тэр хүмүүсийн нөөц илүүдэж байгаа. Компанийн үндсэн үйл ажиллагааны ажилчид хэвийн ажиллаж буй юм. Хоёр дахь шатны бүтээн байгуулалт эхлэхээр олон ажилчин нэмж авна” хэмээн хариуллаа.