Японы мэргэжлийн сумогийн 71 дэх Их аварга, Ёкозуна Магалжавын Ананд эх орондоо ирсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар
сарын Хару башёд 14 давж түрүүлэн, Монголын озэки Какурюү М.Ананд шинэ
аваргаар тодорч, Ёкозуна цол хүртсэн. Ингэснээр М.Ананд мэргэжлийн сумо
бөхийн 71 дэх, гадаадаас төрж буй зургаа дахь, харин Монголын дөрөв дэх
Ёкозуна болсон юм. Тэрбээр Ёкозуна цолоо хүртсэнээс хойш өчигдөр эх
орондоо хүрэлцэн ирээд байна.
Харин өнөөдөр Их аваргыг Ерөнхий сайд
Н.Алтанхуяг албан өрөөндөө урьж, баяр хүргэсэн юм. Уулзалтад Ерөнхий
сайдын зөвлөх, Монголын Сүмогийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан
Батбаяр, Их аварга М.Анандын аав, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн
захирал доктор Ч.Магалжав нар байлцав.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд
арлын Япон орны сумогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, Ёкозуна цол
хүртсэнд баяр хүргэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилтаа улам
бататган, ялалтаа үргэлжлүүлэхийг ерөөсөн юм. Мөн тэрбээр Монгол
бөхчүүдийн удмыг өргөж, бяр тэнхээгээ бататган энэ хүртэл нь амжилт
гаргасан нь үнэлж баршгүй гавьяа гээд, туулж ирсэн амжилт ялалт,
бэрхшээл хүндрэлийг нь Их аваргаас сонирхож байв.
Өдгөө 28 настай ч
Их аваргын цолыг хүртэж чадсан түүний жишээнээс монголын залуучууд
үлгэрлэж, өөрөө өөрсдөдөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө
тэмцэхийг суралцах хэрэгтэй гэж байлаа. Хүсэл тэмүүлэлтэй байж,
зорилгодоо хүрэхийн төлөө хөдөлмөрлөж амжилтад хүрсэн монгол хүүгээрээ
бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд монгол залуучууддаа хандаж
зөвлөгөө хэлэхийг хүслээ. Харин Их аварга М.Ананд “Амжилт гаргана гэдэг
гагцхүү бэлтгэл хийх биш зөв төлөвшил чухал. Хүнтэй зөв харилцдаг, ажлыг
бага гэж гололгүй чин сэтгэлээсээ хийж байх нь амжилтын түлхүүр. Хүнийг
хүндэлж байж л өөрийгөө хүндлүүлдэг юм байна” гэж хэлсэн юм.
Мөн
энэ үеэр Д.Кёкүшюзан Батбаяр “Саяхан зохион байгуулсан сумо бөхийн
өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг Японы
эзэн хаан хүлээж авсан. Тэгэхэд М.Ананд монгол бөхчүүдээ төлөөлж шинэхэн
Ёкозуна цолтнуудад гарын бэлэг өгсөн. Үүнд нь залуу бөхчүүд их баяртай
байгаа” гэлээ.
Ингээд төгсгөлд нь Ерөнхий сайд монголчуудынхаа
амжилтыг таслалгүй цааш үргэлжлүүлж, нэр хүндээ улам баталгаажуулахыг
ерөөсөн бол Ёкозуна М.Ананд Төрийн ордондоо анх удаа орж ирж байгаадаа
сэтгэл өндөр байна гээд Ерөнхий сайдыг хүлээж авч уулзсанд талархлаа
илэрхийлсэн юм.