“Хасын хүлэгүүд” багийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн зочин АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн холбооны /NCAA/ 1-р дивизионд тоглодог USA Eagles баг өчигдөр Хас банкинд зочилжээ.
Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орчныг бүрдүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүн дотроос багийн спортын төрөл болох сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Хас Банкны сагсан бөмбөгийн “Хасын Хүлэгүүд” багийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. “Хасын хүлэгүүд” багийн 10 жилийн ойд Хас банкнаас томоохон ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаа юм. Үүний нэг онцлох үйл явдалд АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн холбооны /NCAA/ 1-р дивизионы шилдгүүдийн нэг USA Eagles багийг эх орондоо урьж, нөхөрсөг тоглолт орж байна.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн спортыг дэмжигч Хас банкны удирдлагууд өчигдөр хоёр багийн тамирчид дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, халуун дотно яриа өрнүүлж, тэдэнд амжилт хүсч, дурсгалын зүйлс гардуулав. Хас банк нь спортыг дэмжин олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг. Тухайлбал, 2006 оноос эхлэн “Их талын дуулиан-2020” төслийг санаачилж, бага дунд насны хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн спортын тэмцээнийг зохион байгуулж ирлээ. Мөн “Хасын Хүлэгүүд” хөлбөмбөг, хоккейн багуудыг байгуулж, дэмжин ажилладаг. “Хасын Хүлэгүүд” баг нь сагсан бөмбөгийн дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээнд 10 жилийн турш тасралтгүй амжилттай оролцож дөрвөн удаа түрүүлээд байгаа юм.
“USA Eagles” баг манай улсад хоёр тоглолт хийх юм. Өчигдөр СБЛ Хасын Хүлэгүүд багтай нөхөрсөг тоглолт хийсэн бол өнөөдөр Монгол Улсын шигшээ багтай СТО-нд тоглоно.