Зуун буудалт даамын Монгол Улсын 2014 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн төрөлд спортын дэд мастер М.Одгэрэл алтан медалийн эзэн болж улсын аварга цолтны болзлыг хангажээ.
Даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаагийн аварга Зоя Голубеваг “Улаанбаатар 2013” ДАШТ-ий арвангурав дахь өрөгт М.Одгэрэл хожиж шуугиан тарьж байсан шилдэг залуу даамчин юм. Энэ удаагийн Монгол Улсын аваргын шигшээ тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд сүүлийн өрөг маргааш болж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодрох юм.
Эрэгтэйчүүдийг ОУИМ Д.Эрдэнэбилэг, ОУИМ Г.Ганжаргал нар адил 19 оноотой тэргүүлж явна. Тэд маргаашийн 13 дахь өрөгт тоглох юм. Д.Эрдэнэбилэг УАШТ-д 10 удаа, Г.Ганжаргал зургаан удаа түрүүлжээ. Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай, спортын мастер Ц.Хашчулуун нар 17 оноотой медалийн төлөө өрсөлдөх нь тодорхой болжээ.
Эмэгтэйчүүдээс Ази тивийн өсвөрийн аварга, дэд мастер, "Шавь" цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Моломцамцын Одгэрэл түрүүлэх болзлоо сүүлийн өргийн өмнө хангалаа. Тэрбээр өнөөдөр 10 дахь өргийн тоглолтод СМ Б.Нандинцэцэгийг хожжээ. Cпортын мастер Г.Амгалан 14, спортын мастер Е.Ариунзаяа, Ц.Энхцэцэг нар 13 оноотой медалийн төлөө өрсөлдөнө.
УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид ирэх зургадугаар сард Малайзад болох Ази тивийн АШТ-д оролцох эрхтэй болно.