Монгол бөхийн өргөөнд ирэх бямба, ням гарагт дараалсан барилдааныг зохион байгуулахаар товлоод байна.
Тухайлбал, энэ сарын 24-нд "Нутгаа дуурсгана" барилдааны сумын заануудын шигшээ барилдаантай маргааш нь сар бүрийн уламжлалт сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан болох аж. Уламжлалт барилдаанд бөхийн тоо хязгааргүй юм. Мөн Үндэсний спортын V их наадмын хүрээнд зохион байгуулж буй Морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааны хэсгийн барилдаанууд өнгөрсөн өдрүүдэд болсон. Улсын цолтны болон аймгийн цолтнуудын шигшээ барилдаан ирэх есдүгээр сард болох юм.
Сумын цолтой бөхчүүдийн шигшээ барилдаанд "А" хэсгээс Булган аймгийн Булганхангайн хүчтэн дэвжээ, Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ, "В" хэсгээс Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээ, Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ, "С" хэсгээс Ховд аймгийн Ховд дэвжээ, Увс аймгийн Увснуур дэвжээнийхэн шалгараад байгаа бөгөөд бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Булганхангайн хүчтэн дэвжээнээс сумын заан Г.Ганбаатар, Э.Энх-Амгалан, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Д.Батдорж, Д.Пүрэвдорж, Таванханаас с.з Н.Ширчинхүү, С.Оргилбаатар, Д.Баясгалан, Б.Баатарболд, Х.Жанболат, Н.Батмөнх нар барилдана. Засагт ханы Завхан дэвжээнээс с.з Б.Чимэдвандан, Ё.Улсболд, С.Доёддорж, Т.Хайдавдорж, Д.Бат-Эрдэнэ, Д.Батхүрэл, Хантайшир дэвжээнээс с.з С.Жанчивдорж, Э.Даваажаргал, Л.Гантогоо, Ж.Одончулуун, Г.Батмөнх, Х.Дарамзагд, Ховдоос с.з Б.Баянмөнх, Г.Хишигбат, О.Очбат, Д.Заяатүшиг, Г.Анхжаргал, Н.Уртнасан, Увсаас с.з Н.Хүрэлсүх, Т.Эрхэмбаяр, Ж.Ням-Эрдэнэ, О.Түмэн, М.Улаанхүү, О.Баярцогт нарын хүчит бөхчүүд барилдах юм.