Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа их спортдоо эргэн ирээд удаагүй ч дотоодын тэмцээнд амжилттай оролцож эхэллээ.
Тэрбээр өчигдөр Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээний дөрөвдүгээр шатанд дахин тэргүүлэв. Тэмцээнд О.Гүндэгмаа 583 оноогоор нэгдүгээр байрт шалгарсан бол 580 оноотой ОУХМ Ц.Мөнхзул хоёр, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноотой гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Лондонгийн олимпийн дараа ихэр хүүхдүүдээ төрүүлж, их спортоос хэсэг хугацаанд хөндийрсөн О.Гүндэгмаа энэ сарын эхээр “Буудагч” клубын нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэж өөрийн байр сууриа бататгасан. Тэрбээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанид болох ДАШТ-д өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорих зорилготой бэлтгэлээ базааж байгаа юм.