Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Д.Мөнхбаяр нь хуульд заасны дагуу татгалзсанаас хойш зургаан сарын дараа Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой хэмээн мэдэгдлээ.
Учир нь Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул ХБНГУ-ын иргэн Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзсан тухай мэдээлж байгаа юм. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас гаргасан мэдэгдэлд“Д.Мөнхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан. Үүнээс хойш 8 жилийн дараа буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-нд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай Д.Мөнхбаярын гаргасан хүсэлт, баримт бичгийг манай байгууллага хүлээн авсан. Хүсэлт, баримт бичгийг нь хянан шалгахад Газрын даргын 2002 оны 94 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын иргэний харъяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй. Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж заасан шалгуурыг хангаагүй юм. Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын харьяатаас гарсныг нотлох баримт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй. Монгол Улс иргэний давхар харьяаллыг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй тул Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээхээс татгалзаж, түүний баримт бичгийг өнгөрсөн оны долдугаар сарын 19-ний өдрийн 3/1679 дугаар бүхий албан бичгээр буцаан хүргүүлсэн” гэжээ.