Ирэх сард Бразильд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ багууд бүрэлдэхүүнээ зарлаж эхэллээ. Одоогийн байдлаар Англи, Испани, Герман, Итали, Бельги, Португали, Аргентина, Колумб, Япон, Франц, Бразиль, Швейцарь, Нидерланд урьдчилсан байдлаар шигшээ багаа зарлаад байна. Зарим улс шилдэг тоглогчдоо дуудаагүй нь анхаарал татаж байна. Жишээ нь, Аргентины дасгалжуулагч Алехсандро Сабелла Английн примьер лигийн аварга цол хүртээд удаагүй Карлос Тевезийг шигшээ багтаа дуудсангүй. Харин “Бундеслиг”-т ердөө дөрвөн гоол оруулсан Франко Ди Сантог дуудсан нь фанатуудыг гайхашруулж байна. Тэгвэл бэртлийн улмаас ДАШТ-д оролцох боломжгүй гэж байсан Р.Фалкао Колумбын шигшээ багтаа нэгджээ. Нидерландын дасгалжуулагч Луй ван Гааль “ПСЖ” хамгаалагч Грегори ван дер Виелийг шигшээ багтаа дуудсангүй. Тэрээр хоёр сарын өмнө Францтай хийсэн нөхөрсөг тоглолтын гараанд гарч байсан юм. Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Марк Вильмотс “Манчестэр Юнайтед” багийн залуу од Аднан Янузайг шигшээ багтаа багтаажээ. Янузай шигшээ багтаа нэг ч удаа тоглож байгаагүй. Энэ мэтчилэн багууд тун сонирхолтойгоор шигшээ багаа бүрдүүлж байна.