Өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдогийн Зүүн Азийн долоо дахь удаагийн тэмцээнийг манай улс амжилттай зохион байгууллаа. Олон улсын жүдогийн дүрмийн дагуу тэмцээнд зодоглохоор ирсэн гадаадын тамирчид манай бөхчүүдтэй гурван өдрийн хамтарсан бэлтгэл хийсэн юм. Бэлтгэлийн үеэр жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын аварга О.Балжиннямтай ярилцлаа.
-Жүдочдынхоо түүхэн амжилт гаргасан Зүүн Азийн наадмын сонин сайхнаас яриагаа эхэлье?
-Зүүн Азийн аварга шалгаруулах долдугаар тэмцээн энэ сарын 9, 10-нд Улаанбаатар хотод боллоо. Зохион байгуулалтын хувьд манай улсыг албаныхан, Жүдо бөхийн холбоодын ерөнхийлөгч сайшааж магтсан. Үүнд манай ерөнхийлөгч Баттулга сайдын оролцоо их байлаа. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдадаа мөнгөн шагнал ч олголоо. Бид энэ тэмцээнээр анх удаа Японы багийг 3:2 харьцаагаар хожиж, түүхэн амжилт гаргалаа. Багаараа алтан медаль авсан.
Зүүн Азийн өмнөх зургаан удаагийн наадмаас манайх ганцхан л алтан медальтай байлаа. Тэр нь 2001 онд бид өөрсдөө бас зохион байгуулаад, шигшээ тэр чигээрээ орж Цагаанбаатарын авсан медаль. Харин бид сая дөрвөн алт авлаа. Эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр. Дээр нь анх удаа Японыг 3:2, Солонгосыг 5:0-оор хожоод, Тайванийг ялаад аварга боллоо.
-Нутгийнхаа дэвжээнээс гадна манай жүдочид Бакуд том амжилт гаргалаа.
-Бакугийн гранд слам Зүүн Азийн наадамтай давхцсан учраас зургаан тамирчнаа явуулсан. 48 кг жинд спортын мастер, гавьяат тамирчин Уранцэцэг маань түрүүлж, алтан медаль хүртлээ. 60 кг жинд Хэрлэн шагналт долдугаар байрт, 73 кг-д Цагаанбаатар тавдугаар байрт шалгарсан. Манай шигшээ баг хоёр хуваагдаж тэмцээнүүдэд оролцлоо.
-Бусад улсад бол шигшээгийн нэг, хоёрдугаар баг гээд байдаг. Манайхан нэг багтай учраас хоёр хуваахаас өөр аргагүй. Хүчээ хэрхэн хуваарилав?
-Нэг номерийн тамирчдаа Баку явуулсан. Үлдсэн нь эндээ барилдсан. Гол онцлог нь юу гэхээр манайх дэлхийд 60, 66 кг-ын жинд хамгийн идэвхитэй, амжилттай барилдаг. Тэр жингийн тамирчид маань энэ удаагийн тэмцээнд зарим тойрогт ялагдсан ч үлдэж байгаа 73, 81, 90, -100, +100 кг-ын жиндээ тэгш сайхан барилдсан. 73, 81 кг-ын жинд Зүүн Азийн наадмын аварга боллоо. Эмэгтэй багийн гол тамирчин Уранцэцэг, 52 кг-ын жинд барилддаг чансаагаараа 5, 6-д явж байгаа Цолмон гээд тамирчин маань Бакуд явж байгаа ч манайхан нутгийнхаа дэвжээнд Зүүн Азийн наадмаас медаль авсан. Энэ нь манай тамирчид жингүүддээ жигд сайхан барилдаж байгааг харууллаа. Өмнө бол ганц хоёрхон жинд л барилддаг. Нөгөөдөхдөө амжилт гаргахгүй бол тэгээд л тэмцээн дуусчихдаг үе өнгөрч. Эхний жиндээ алдаа гаргасан ч дараагийн тамирчид нь нөхөөд, багийн амжилтаа өөд татаж байна.
-Монголчууд бид амжилтаараа бахархаж, омогших дуртай хүмүүс. Яг одоо Монгол Улсын жүдогийн шигшээ баг дэлхийд хэдэд эрэмбэлэгдэж байна вэ?
-Дэлхийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч “Монголчууд сайжирч байгаа” гэж үнэлсэн. 2010 оны Лондонгийн олимпоос медаль авлаа. Анхны эмэгтэй дэлхийн аварга төрлөө. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр медаль авснаас гадна шагналт гурван байр буюу медалийн төлөө барилдаж, багаараа тавдугаар байрт орсон. Бид өмнө нь дэлхийн аваргад 10-аас хойш л ордог байсан шүү дээ. Бас 2010 оны Парисын гранд сламд багаараа гуравдугаар байрт орсон. Түүний дараа шилдэг 16 мастерс тэмцээнд багаараа хоёрдугаар байрт орсон гээд жигд өсч байгааг гэрчилсэн олон амжилтууд бидэнд бий.
-Энэ амжилтад хүрэхэд тамирчны хичээл зүтгэл, дасгалжуулагчдын хүч хөдөлмөрөөс гадна ивээн тэтгэгчдийн дэмжлэг ч маш чухал. Нэг хэсэг манайхан чадваргүйдээ бус хөрөнгө мөнгөгүйдээ олон улсын тэмцээн уралдаанд явж чаддаггүй үе байсан?
-Байсан, байсан. Энэ дээр манай холбооны ерөнхийлөгч Баттулгын зөв менежмент үр дүнгээ өгсөн. Манай тамирчдын амжилт үүнээс л үүдэлтэй. Гадаадын олон уралдаан тэмцээнд явж, хамтарсан бэлтгэл хийж байна. Сүүлийн үед гадаадын орнуудаас хамтарсан бэлтгэл хийх санал ч олон ирж байна. Герман, Франц, Гүрж, Бразиль, Английн тамирчид бидэнтэй хамтарсан бэлтгэл хийх санал тавьж байгаа нь биднээс зардал мөнгө бага гарна л гэсэн үг. Тэд бидэн дээр ирэх гэж байна.
-Гадаадын тамирчид манайд ирж хамтарсан бэлтгэл хийх нь зардал мөнгөний хувьд хэмнэлттэй ч бид гадаадад очих нь бас ч сайн талтай. Тэдгээр оронд олимпын эрхийн тэмцээн болдог учраас уур амьсгалыг нь судлахаас эхлээд л...
-Бид ирэх жил, бас 2016 оны эхээр Бразильд очиж хамтарсан бэлтгэл хийхээр санал тавьж байгаа. Тэнд манайхаас 12 цагийн зөрүүтэй. Тэгэхээр өмнө нь очоод хэдэн өдөрт уур амьсгалд нь дасан зохицож, цагийн зөрүү гарч байна гэдгийг ажиглах хэрэгтэй. Тэгж байж олимпоос хэд хоногийн өмнө очихоо шийднэ. Цагийн зөрүүг хэт удаан гаргавал ядарчихдаг. Яг тааруулах нь чухал. Тэгэхээр очиж бэлтгэл хийх нь давуу талтай.
-Хамтарсан бэлтгэлийн үеэр мундаг тамирчдыг судлаад авах боломж гарах уу?
-Гаралгүй яахав. Хэдий сайн бөх ч гэсэн баруун эсвэл зүүн талтай хүнтэй муу барилддаг, үүрэх мэхэнд амархан унадаг ч гэх юм уу ямар нэг алдаа байдаг. Тэрийг нь багш нар харах, тамирчин ч гэсэн барилдаад мэдрэх сайн талтай. Мундаг бөхтэй харанхуй барилдах хэцүү. Бичлэгээс харж болно л доо. Дэлхий нийтээр сайн бөхчүүдийн бичлэг хаа сайгүй тарчихсан байхад. Гэхдээ олон удаа барилдаж, биеэрээ мэдэрнэ гэдэг ондоо хэрэг. Дүрс хараад судлах хүндээ хүрэх нь бага. 50, 50 хувьтай. Гадаадын бөхчүүд ч гэсэн манай жүдочдын үндэсний бөхийн мэхээс суралцах гээд хамтарсан бэлтгэл хийх санал тавиад байгаа юм. Бидний мэхэнд унахгүйн тулд л тэр. Хэрэв муу баг байсан бол тэд тоож ирэхгүй.
-Тамирчидаа гадаад руу эмчилгээнд явуулах тал дээр жүдо бөхийн холбооноос яаж анхаарч байна?
-Энэ тал дээр холбооны ерөнхийлөгч маань л ганцаараа зохион байгуулдаг даа. Сая дэлхийн аваргын дараа гэхэд гурван тамирчин маань гэмтсэн. Дэлхийн аваргын мөнгөн медальт Амартүвшин, дэлхийд чансаагаараа 5, 6-д явж байгаа Цолмон, сая дэлхийн аваргаас шагналт тавдугаар байрт орсон Ууганбаатар гурвын хөл бэртсэнийг тэмцээний өмнө БНСУ-д хагалгаа хийлгээд одоо хоёр нь бэлтгэлдээ гарчихсан, нэг нь орох гэж байна. Ирэх зургадугаар сард болох Унгарын гран при тэмцээнд Амартүвшин явна. Холбооны ерөнхийлөгч л түргэн арга хэмжээ авч, тамирчдын бэлтгэлийг удаан тасалдуулахгүй байснаас энэ амжилтууд гарч байгаа юм. Үүгээрээ тамирчдад ч гэсэн урам зориг өгч байна. Үнэхээр өөрсдийнх нь төлөө санаа тавиад байхад амжилтаараа хариу барих гэсэн бодол хэний ч толгойд төрнө биз дээ. Манай тамирчдаас ийм эрмэлзэл харагдаж байгаа. Нөгөө хамтын хүч амжилт гэдэг чинь л энэ. Хамтаараа сайн яваа учраас дэлхийд дээгүүр байрт орж, мундаг тамирчдыг айлгаж байна.
Хамгийн сүүлд гавьяат тамирчин Уранцэцэг, Амартүвшин нарыг дэлхийн аваргад амжилттай оролцоод ирэхэд нь Баттулга сайд байртай болоход нь тусалсан. Энэ чинь маш их урам өгч байгаа юм. Дараагийн тамирчид ч гэсэн дэлхийн аваргаас медаль авахыг хүснэ.
-Түвшинбаяр аварга маань ч гэсэн ярьдаг. Олимпод алтан медалийн төлөө барилдах гэж байхад түүний хэлсэн үг хурцалсан гэж...
-Өөрөө тамирчин байсан учраас тамирчдын сэтгэл зүйг маш сайн ойлгодог. Саяны Зүүн Азийн наадмыг ч гэсэн улс төрийн их ажлын хажуугаар яс үзээд, сэтгэл санаа сайхан амарчихлаа гэж байна лээ. Хэдийгээр бид тэр хүний өгч байгаа тусыг тэр чигээр нь эргүүлээд хариулж чадахгүй ч гэсэн амжилтаараа хариу барих гэж хичээдэг. Ингэж сайхан боломж гаргаж өгч байхад арав гаруй жил бэлтгэл хийчихээд амжилт гаргаж чадахгүй нэг нь ч байна.
-Шигшээ баг дотроо клубээр хуваагддаг. Энэ нь хувь тамирчиндаа ашигтай байдаг уу?
-Баттулга сайд Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч болохоосоо өмнө “Женко” гэж анхны хувийн клубыг байгуулж байлаа. Үүнээс бусад клуб санаа авч гарч ирсэн. “Женко” клубээс л гэхэд тив, дэлхийн олон аварга төрлөө. Олимпын аварга хүртэл төрсөн байна. Клуб чинь тамирчдыг анхан шатнаас нь гаргаж ирж байгаа юм. Улсаас өгдөггүй зардал мөнгө, цалин мөнгө гээд тамирчдаа дэмжээд ирэхээр тэд амжилтаа бататгаж байгаа хэрэг. Үүнийг Тулга сайд аль эртнээс харчихаад клубээ байгуулсан учраас одоо шигшээ багт “Женко”-гоос олон сайн тамирчин ирдэг.
Сая л гэхэд Баянхонгор аймагт өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Үнэхээр сайн хүүхүүд гарч ирж байна. Тэнд 1000 гаруй хүүхэд байсан. Бүсчлээд эрх авсан хүүхдүүд л очсон гэхэд тийм байна. Түүнээс биш 4-5 мянга хүрэх гээд байгааа. Ийм менежментээр хойч үе маань хүртэл бэлтгэгдэж байгаад бид маш бахдалтай байна. Мөн холбооны дэд ерөнхийлөгч маань ч гэсэн сайн ажилладаг. Увсад л гэхэд бүх сумдад нь дэвжээ авч өгч байгаа. Удахгүй бид өөрсдөө очиж, дэвжээг нь гардуулна. Хөдөөнөөс сайн хүүхдүүд их гарч ирдэг. Тийм учраас бүх сумдад дэвжээ байгуулж, залуу халаагаа гаргаж ирэхээр манай холбооноос ажиллаж байна. Өмнө нь бид чинь хэдхэн бөхтэй. Нөгөө хэд нь ялагдчихвал байхгүй болчихдог байсан. Маргаашнаас Увсынхны 14 хоногийн семинар эхэлнэ. Увс аймаг 20 сумтай. Сум бүрт дэвжээ байгуулчихаар дасгалжуулагчдыг нь нутгийн зөвлөлөөс цалинжуулна. Тэгээд жилдээ дөрвөн удаа сумдын дэвжээ хооронд тэмцээн зохион байгуулаад, тэндээсээ сайн бөх төрүүлнэ.
-Дээхэн үед сайн бөх төрүүлэх гээд хөдөөгүүр хайгаад явдаг байсан тухай ярьдаг. Тэгвэл одоо сайн жүдоч төрүүлэхээр бас хөдөө зорьдог болох нь?
-Холбооны шинэ бүрэлдэхүүн гарч ирснийх. Баянхонгорт болсон улсын аварга шалгаруулах тэмцээнээр үнэхээр нүд салахын аргагүй гоё барилдаанууд болж байна. Тэгэхээр одоо бүх сумд дэвжээ байгуулаад, багшийг нь аваачаад өгөхөөр бүр илүү сайн хүүхдүүд гарч ирнэ. 360 сум байгаа. Тэндээс хэдэн хүүхэд гарч ирэх үү гээд бодоод үз дээ. Мал ахуйтай ноцолдож өссөн хүүхдүүдээс л мундаг бөх төрнө. Ингэхээр чинь бидний амжилт тасрахгүй гэсэн үг.
-Нэг хэсэг ч тасарсан шүү...?
-Тэгэлгүй яахав. Тэмцээндээ явж чадахгүй болчихсон үе бий. Би чинь 1992-1996 онд шигшээ багийн ахлах дасгалжуулагч байлаа. Тэр үед картын бараатай. Аравхан тамирчинтай. Гайгүй нь гурав дөрөвхөн. Тэднийгээ машиндаа суулгаж аваад л зардал мөнгө хайгаад, Европын тэмцээнд явж хүрэл медаль авчирч байлаа. Амь л аргацааж л байгаа юм.
-Одоогийн тамирчдын амжилт тэр үеийн мөрөөдөл биз дээ?
-Тэгэлгүй яах билээ. Тэр үед чинь олимп, дэлхийн аваргыг мөрөөдөж л явсан юм чинь.
-Ёстой дуртайдаа л тэгж явж байж...
-Тийм шүү. Одоо манайд жүдогийн хэдэн мянган хүнтэй “арми” бий болж байна. Энэ дотор жүдогоор хичээллээд спортын амжилт гаргах нэг хэсэг байхад цагдаа хүчний байгууллагад хэрэгтэй, эрүүл саруул, биеийн хөгжил сайтай, бие хамгаалах урлаг эзэмшсэн, спортын өндөр сэтгэхүйтэй хүүхдүүдийг ч бэлтгэж л байгаа.
-2016 оны олимпод манайх хэдэн жүдочоо оролцуулахаар зорьж байна?
-Эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа л орно. 14 тамирчин. Тийм боломж ч гарч байна. 2015 оны эхний таван сар хүртэл олимпын эрхийн тэмцээнүүд болно. +100, 90 гэсэн жинд л жаахан хойрго яваа. Тэрийгээ л сайн бэлдээд өгвөл эрэгтэй эхний 22, эмэгтэй эхний 16-д чансаагаараа яваа тамирчин л олимпод орох эрх авдаг. Тэгэхээр бидэнд бүтэн багаараа орох боломж бий.
-Жүдод хэцүү ч гэх юм уу нэг зүйл байдаг нь нэг жинд нэг л тамирчин барилддаг?
-Тийм ээ. Яг одоо л гэхэд 60 кг-д гурав, 66-д гурав, 73-д гурав шахуу, 48-д хоёр, 63-д хоёр, 52-т гурван тамирчин олимпод орох эрхээ аваад яваад байгаа. Эднээс зөвхөн нэг нь л орно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бол зарим жинд давхцаж орж болдог. Тэгэхээр нэг жингийн тамирчид дунд бас өрсөлдөөн үүсээд байгаа биз. Яг одоо сайн байгааг нь олимпод оруулах уу, улсын аваргаа явуулах уу, хамгийн өндөр үзүүлэлттэйгээ сонгох уу гэдэг бас зовлон. Сая Японы ахлах дасгалжуулагчтай хамт хоол идэж байхад бүх Японы аваргаа шалгаруулсан, дэлхийн аварга удахгүй болох нь. Хэнийг сонгох, ямар тамирчиндаа итгэл хүлээлгэх вэ гэдгээ л сонгохоор ирсэн гэж байна лээ. Гурван тамирчин бүгд л өөрсдийгөө гээд бодчихсон байхад нь эх орныхоо нэрийг хэнд нь даалгах вэ гэдэг үнэхээр амаргүй шийдвэр.
-Шигшээгийнхэн яг одоо хэдүүлээ байгаа вэ?
-Шигшээ баг маань нийлээд 28-уулаа. Сая тэмцээнд оролцохоор ирсэн Хятадын шигшээ багийн дасгалжуулагчаас туслахаар нь дамжуулаад асуулгалаа. Хятадын шигшээд эрэгтэй 40 гаруй, эмэгтэй 40 орчим тамирчин байдаг гэж байна. Дээрээс нь дөрвөн жил гэртээ харьдаггүй гэнэ. Багш нь ч гэсэн. Миний насны нөхөр чинь л гэртээ харихгүй дөрвөн жил болдог гэж байна шүү. Шигшээд орсон л бол дөрвөн жил тусгаарлагдчихдаг гэнэ. Өдөрт дөрвөн удаа бэлтгэл хийгээд л байж байх нь. Олимпын аварга болсон Хятадын тамирчнаас сэтгэгдэлийг нь асуухад хурдхан гэртээ л харимаар байна гэж байсан. Том орнуудад тэгж л дэглэм маягаар явж байж амжилт гаргаж байна. Хятадууд Бээжингийн олимпод америкчуудыг хол хаясан.
-Одоо шинэ ордонтой болчихвол ч тив, дэлхийн медалийн тавцангаас монголчууд буухгүй нь ээ?
-Шинэ ордон маань олон улсын хамтарсан бэлтгэлийн төв болох юм. Гадаадаас олон баг ирж, бэлтгэл хийвэл манайхны ур чадвар сайжирна.