Монголын бүх ард түмний XIII их наадмын хүрээнд зохион байгуулж буй хөнгөн атлетикийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Монголын бүх ард түмний их наадмын хөтөлбөрт багтсан спорт төрлүүдээс 18 дахь нь болох хөнгөн атлетикийн тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, 18 аймаг, спорт хороодын 450 гаруй тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, дэд дарга Д.Сүрэнхорлоо нар оролцов.
Энэ удаагийн тэмцээн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн төрөлд гүйлтийн 100, 200, 400, 800, 1500, 5000 болон 10000 метрийн зай, мөн 4х100, 4х400 метрийн буухиа гүйлт, уртын харайлт, өндрийн харайлт, гурвын харайлт, бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд аваргуудыг тодруулах юм. Тэмцээн ирэх долоо хоногийн ням гаригт өндөрлөнө.