Ази тивийн 2014 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр охидын 46 кг-д Б.Дөлгөөн хүрэл, хөвгүүдийн 76 кг-д З.Сумьяабазар мөнгөн медаль хүртсэн ч Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрх авч чадсангүй.
Тайланд улсын Бангкок хотын Спортын ордонд гурван төрлөөр үргэлжилж байгаа тус тэмцээн өнөөдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 63 кг жингийн барилдаан болно. 76 кг-ын жинд 13 бөх барилдсанаас манай бөх З.Сумьяабазар нэгдүгээр тойрогт Тайваны бөх Вангтай таарч 12:3, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Мин Сун Кимийг 3:3, гуравдугаар тойрогт Казахстаны бөх Даулеткази Ескалийг 1:1 онооны харьцаагаар ядараалан ялж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө Японы бөх Яжуро Ямасакитэй барилдаж 1:1 онооны харьцаагаар хожигджээ.
Охидын 46 кг-д 10 бөх барилдсанаас манай бөх Б.Дөлгөөн нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Шиндэ-г 3:0 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Марина Закшевскаяд 1:7 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Хятадын бөх Чен Юмейг цэвэр даржээ. Болормаагийн Дөлгөөн нь Налайх дүүрэг, Монгол туургатны хүүхдийн спортын наадмын алт, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой алтан медальтай тамирчин юм.