“Амьдрал шатрын хөлөг дээрх тулаан шиг санагддаг. Би өөрийгөө дан ганц шатарт бус амьдралд суралцаж байна гэж ойлгодог” хэмээсээр арван зургаахан настай шатрын спортын дэлхийн аварга, Олон улсын шатрын холбооны мастер Г.Мөнхбаяр яриагаа эхэлсэн юм. Тэрээр өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 3-ны хооронд Сингапурт болсон сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж эх орныхоо нэрийг гаргасан юм. 39 орны 207 тамирчин оюун ухаанаа өрсөлдүүлсэн тус тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож эхний гурван байрыг хүртсэн нь бахдам амжилт билээ. Тэмцээний тэргүүн байрыг эзэлж аваргын алтан цомыг гардсан “Мончесс” клубын тамирчин Г.Мөнхбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө эх орныхоо нэрийг дэлхий дахинд сонордуулсанд баярлалаа?
-Баярлалаа. Спортын хүний хувьд үүргээ л гүйцэтгэлээ. Цаашид ч Монгол гэдэг нэрээр овоглож олон ч удаа дэлхийн дэвжээнд өрсөлдөнө гэж боддог.
-Хэчнээн өрөгт хожиж аваргын цомд хүрэв?
-Нийт есөн өрөг тоглож наймд нь хожиж байж аварга боллоо. Эхний өрөгт төвөггүй хожсон ч хоёр дахь өрөгт Америкийн тамирчинтай таарч бодоор илүү хожиж явсан ч ялигүй зүйл дээр алдаж хожигдсон. Тэр тамирчин 30 гаруй насны надаас илүү туршлагатай гэдэг нь нүүдэл бүрээс нь анзаарагдаж байсан. Уг нь, би нэг бодын илүүтэй байсан ч хэтэрхий эрт санаа амарсан уу, яасан хожигдчихсон. Тэгээд л гурав дахь өргөөс илүү өөрийгөө цэнэж, хашир, хянамгай тоглосон доо.
-Сүүлийн өрөг?
-Сүүлчийн өрөгт Сингапурын тамирчинтай таарсан. Хэрэв бид хоёр тэнцсэн бол тэр тамирчин түрүүлэх байсан юм. Тиймдээ ч аль болох ничихийг бодож тоглоод байгаа нь анзаарагдсан л даа. Харин миний хувьд тэнцэж мөнгөн медаль авсан нь ганзага хоосон буцсанаас ялгаагүй гэж бодоод цөөнгүй эрсдэлтэй нүүдэл хийж байж буулгаж авсан даа. Өөрийн нүүх ээлжинд нэг нүүдэл дээр яг нэг цаг 15 минут бодож суусан юм. Тэр хооронд Сингапурын тамирчин сэтгэлзүйн дайралт ихээр хийж эхэлсэн. Намайг нүүдэл хийхийг хүлээх зуураа огт өөр зүйлд анхаарал хандуулж, гартаа барьж байсан балаа ширээ рүү шидэж тэр ч бүү хэл босч яваад үзэгчдийн суудалд хүртэл сууж л байсан. Хайнга, хэнэггүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж түүгээрээ над руу давшилж байсан хэрэг. Ер нь л сүүлийн өрөгт бид хоёр тунаж үлдсэн нь тодорхой болоход л над руу энэ мэтээр сэтгэлзүйн дайралт хийж эхэлсэн. Би ч өмнөх тоглолтыг нь харж багагүй судалсаны хүчинд хожсон гэж бодож байна.
-Нэг ёсны та хоёрын тулаан ширээний хоёр талд суухаас өмнө эхэлжээ?
-Тэгэж хэлж болно аа. Ер нь шатар гэдэг агуу спорт. Хэдхэн минут тоглоод дуусчихдаг мэт сэтгэж болохгүй. Албан ёсны тоглолт эхлэхээс ч өмнө эхлээд сэтгэлдээ өөртэйгөө тулалдаж байдаг юм. Мөн эсрэг тамирчнаа судалж байгаа нь ч тоглолтын нэг хэлбэр гэх юм уу даа. Сингапурын тамирчин Ашвины хувьд хэт их бардамнасан байх. Энэ нь нэг талаар надаас илүүрхэж байгаагаа ойлгуулах арга чарга байсан ч миний хувьд маш том давуу тал болсон. Хэдий нутагтаа байгаа гээд тамирчин хүн илүүрхэх сэтгэлээр ханддаг ч тийм авир байдал гаргасан нь өөрийнх нь сул тал болсон гэх үү дээ.
-Анх шатрын спортоор хичээллэх болсон тухайгаа дурсвал?
-Бүдэг бадаг л санадаг юм. Ямар ч байсан аав маань нэг орой явж байгаад зам дагуу гар өргөж явсан хүнийг суулгасан юм билээ. Тэр нь миний анхны шатрын багш Батболд гэдэг хүн байсан юм. Тухайн үед аав багшийг гэрт нь хүргэж өгөх зуураа яриа өрнүүлж явтал шатрын багш болж таарсан гэдэг. Би ихэр юм л даа. Аав ч багшид маань хоёр хүүгээ шатрын дугуйланд явуулах бодолтой байна гэтэл хэд хоногоос хүрээд ир гэсэн юм билээ.
-Заяаны хань зам дээр гэдэг шиг шатрын багш зам дээр таардаг сонин учрал байна?
-Харин тийм ээ, одоо бодоход хувь заяа гэдэг шиг л санагддаг юм. Таксинд гар өргөсөн хүн...
-Дэлхийн аваргын багш болж таардаг?
-/инээв/ Аав маань өөрөө шатар сонирхож шаггүй нүүдэг болохоор тухайн үед багшийг маань их олзуурхаж хүлээн авсан юм билээ. Хэд хоногоос бид хоёрыг дагуулж очоод л дугуйланд элсүүлчихсэн. Тэр үеэс хойш долоон жил тасралтгүй шатраар хичээллэсний дараа ихэр маань шатраа орхиж харин би цааш үргэлжлүүлсэн юм. Одоо ес дэх жилдээ шатарт суралцаж байна даа.
-Ихэртэйгээ хамт тоглодог байхад илүү түшигтэй байсан байх?
-Тэгэлгүй яахав, ямар ч үед хажууд ойр дотны хэн нэгэн хамт тоглож байгаа гэж бодохоор сэтгэл өег, нөмөр нөөлөгтэй санагддаг. Бид хоёр хамтдаа цөөнгүй тэмцээнд оролцож байсан л даа. Улсын аваргын тэмцээнд л гэхэд хоёр ч удаа хамт орсон. Гэхдээ хоёул хамт нэг тэмцээнд оролцоход хэцүү зүйл нэг л байдаг юм. Би тоглож байгаад ч юм уу хажуу ширээ рүү хальт харвал нөгөөх маань хожигдох байрлалд тоглож байгаа харагдвал өмнөөс нь сэтгэл их түгшинэ. Энэ нь нэг талаар сэтгэл зүйд их нөлөөлдөг талтай.
-Нэг ёсны зөвхөн өөрийнхөө төлөө биш ихрийнхээ төлөө сайн тоглох ёстой байх нь?
-Тийм шүү. Яг тэгэж санагддаг байсан. Зөвхөн өөрөө хожихын төлөө биш, ихэр маань намайг хожиж байгааг харвал урам орно, зоригжино гэж боддог байсан.
-Өмнө ямар амжилт үзүүлж байв?
-Өсвөрийн улсын аваргаас хоёр жил дараалан аварга авч байсан. Мөн 2011, 2013 онд хүрэл медаль хүртсэн. Харин өнгөрсөн гуравдугаар сард болсон улсын аваргаас мөнгө авсан юм. Сүүлийн есдүгээр өрөгт нэг оноогоор илүүрхэж байгаад нэг хожигдоод хоёрт явсан тамичинтай найм, наймаар оноо тэнцсэн . Шатарт хожлын оноо тэнцвэл хоорондын хожлыг нь хардаг юм л даа. Гэтэл бид хоёр дахиад л хоорондын хожил ч тэнцүү болж таарсан. Хоёр ч удаа тэнцсэн болохоор дүрмийн дагуу коффициент буюу тухайн тоглогчийн тоглосон тамирчдын онооноос хамаарч байр эзлүүлдэг юм. Тэгээд л би мөнгөн медаль хүртсэн дээ.
-Олон улсын тэмцээнд ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Грек, Бразиль, Словенид болсон дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцож байлаа. Хамгийн амжилттай оролцсон тэмцээн нь сүүлийн аварга буюу Словенийх байсан. Тэр дэлхийн аваргад 138 тамирчнаас 32 дугаарт орж байсан. Саяын дэлхийн аваргаас өмнө үзүүлж байсан амжилт гэвэл энэ л байна даа. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа явж байсан.
-Өөрийн тань чансаанд саяын тэргүүн байр их нөлөөлсөн байх?
-Тэгэлгүй яахав, энэ тэмцээнд түрүүлснээр миний дэлхийн чансаа 2000 гарч байна. Одоогоор дэлхийн чансааг өнгөрсөн жил манай Анандтай тоглож дэлхийн аварга болсон Карлсон гэж тамирчин 2800 гаруй оноотой тэргүүлж байгаа. Ингээд бодохоор 800 балл, онооны хооронд асар их хүн байгаа шүү дээ. Тиймээс их мастерын болзол хангахын төлөө тэр их хүнээс илүүрхэх нь чухал. Ямар ч байсан их мастер гэдэг их том зорилго тавьсан байгаа, түүндээ ч хүрнэ.
-Тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөө хэрхэн шийддэг вэ?
-Улсын аваргад түрүүлсэн жил Монголын шатрын холбооноос олон улсын уралдаан тэмцээнд оролцох зардлыг даадаг. Харин бусад үед гэр бүлийнхэн маань л санаа тавина даа. Анх Филиппинд болсон тэмцээнд явахаар болтол зардлын мөнгө дутаад аав ээж хоёр маань машинаа зарж байсан юм. Нэг жийп машин байснаа зарж зардлыг маань гаргаж өгчихөөд үлдсэнээр нь Эксель авч байсан юм.
-Тэгвэл их мастер болж ээж аавынхаа ачийг хариулах хэрэгтэй юм байна. Яагаад машины оронд онгоц авч өгч болохгүй гэж?
-/инээв/ Тийм шүү, амны бэлгээс аштийн бэлэг гэж. Аав ээжийнхээ ачийг хариулна аа. Энэ завшааныг ашиглан хэлэхэд өдийг хүртэл миний төлөө л гэж зүтгэж явсан ээж, аав хоёртоо баярлалаа. Та хоёртоо хайртай шүү. Мөн үргэлж тусалж дэмжиж байдаг Батсайхан багшдаа, ахдаа, ангийн найз нөхөд, хамт олондоо талархсанаа илэрхийлье.