Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Усайн Болт: Гүйх минь нисэх мэт

Хэдхэн сарын дараа эхлэх Лондонгийн олимпод хамгийн их шуугиан тарих хүн хэмээн дэлхий нийтээр Усайн Болтоос их зүйл хүсэн хүлээж буй. Бээжингийн олимпын 100, 200 метрийн төрөлд олимпын хоёр ч рекорд эвдэж, домог болсон Ямайкийн энэ тамирчныг манай дэлхийн хамгийн хурдан хүн гэлцдэг билээ. “Цахилгаан Болт” нэрээрээ алдартай Бээжингийн олимпын аварга Лондонгийн олимпод өмнөх амжилтаа бататгаад зогсохгүй бүр ахиулж, дахин нэг рекордын эзэн болохыг хүсч байгаа юм. Ингээд түүний ESPN телевизийн сувагт өгсөн ярилцлагыг хүргэе.  
-Энэ дэлхий дээр өөрөөс тань өөр хэн ч үзүүлж чадаагүй амжилтыг гаргасны дараа ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэх хэцүү. Телевизийн камерууд хөл дээр чинь тусч, дэлгэцээ зөвхөн чамд зориулах тэр агшинд нисэх шиг л болно. Тэгээд барианд хүрснийхээ дараа цаг руу хараад “Хөөх” гэж өөртөө хэлдэг.
-Тэгвэл тив, дэлхийн томоохон тэмцээн уралдааны гарааны өмнө юу бодогддог вэ?
-Тэмцээний өмнө сэтгэл санаа хэр тайван, стрессгүй байна тэр чинээгээр амжилт үзүүлдгийг би туршлагаасаа мэднэ. Тийм болохоор тэмцээний өмнө зүгээр л сэтгэлээ тайван байлгаж,  дараа нь юу хийхээ боддог. Ихэнхдээ видео тоглоомны тухай боддог.
-Тэгэхээр дэлхийн хамгийн хурдан хүн уралдахынхөө өмнө тоглоом бодоод сууж байдаг байх нь ээ. Гайхалтай юм. Ямар тоглоом ихэвчлэн тоглодог вэ?
-Одоогоор Call of Duty юм уу Black Ops л голдуу тоглож байгаа.
-Тэгвэл яг уралдаж байх үед юу бодогддог вэ. Үзэгчдийн шуугиан сонсогддог уу?
-Эхний 40-50 метрт бол болж байгаа бүхнийг мэддэг. Яагаад гэвэл гарааны энэ үе бол миний хамгийн удаан гүйдэг хэсэг. Тэгээд дахиад 20 метр явсны дараа зөв явж буй эсэх техникээ хянаад, цаашаа гүйхдээ хамаг анхаарлаа чиглүүлдэг. Яг тэр үед орчин тойронд юу болж байгааг огт анзаарч чаддаггүй. Харин 100 метрийн дараа л үзэгчдийн шуугианыг сонсдог.
-Эхний 40 метр таны хамгийн удаан гүйдэг хэсэг гэлээ. Энэ хэсэгт хурдаа сайжруулах талаар ямар дасгал сургуулилт хийж байна вэ?
-Гарааны энэ хэсгийн техникээ сайжруулах тал дээр би сүүлийн хэдэн жил дасгал сургуулилтаа түлхүү хийж байгаа. Эхний гурав, дөрвөн алхамд таталцлын хүчийн төвийг яаж зөв тохируулах нь миний хувьд хамгийн хэцүү байдаг. Толгой маань эгц доошоо чиглэж чаддаггүй учир энэ дутагдлаа засах гэж их хичээж байна.
-Таны нуруу муруйсан гэдэг онош тавьж байсан нь үүнд холбоотой юу. Энэ өвчин дасгал сургууль хийхэд хэр нөлөөлдөг вэ?
-Намайг бүр бага байхад л нурууны яс муруйсан гэдэг онош тавьж байсан. Тэр нь сүүлдээ бүр хүндрээд S үсэг шиг тахийж ирсэн. Гэхдээ үндсэн дасгал сургуулилтаа байнга хийгээд байвал энэ өвчин нэг их хүндрэхгүй. Анх гүйлтээр хичээллэж эхэлж байхдаа турлагагүйгээс болж их гэмтдэг байсан нь нурууны өвчинд нөлөөлж, зовоодог байсан ч одоо гайгүй.
-Уралдааны өмнө иддэг тусгай хоол гэж байдаг уу. Таныг түргэн хоолонд их дуртай гэлцдэг. Олон улсын тэмцээн уралдаанд оролцохоор явж байхдаа McDonalds-т хооллодог чинь хүмүүсийг гайхашруулдаг.
-МакДональдсын шарсан тахиа шүү дээ, залуу минь. Хэрэв Солонгос, Япон, Хятад гээд жирийн биш хоолтой газар очвол би шуудхан л МакДональдс орчихдог. Танихгүй хоол идвэл ходоод чинь уурлана шүү дээ. Гэхдээ одоо би хувийн тогоочтой болсон болохоор хаана ч очсон дуртай хоолоо иддэг болсон.
-Одоо таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Америкийн Тайсон Гэй, манай Ямайкийн Асафа Пауэлл хоёр. Бас яг одоо гарч ирж буй Йохан Блэйк гэдэг хүүхэд байгаа. Бид хамтдаа дасгал сургуулиа хийдэг юм. Тэр агуу тамирчин болох ирээдүйтэй хүүхэд.
-Усайн Болтын дараагийн зорилго юу вэ?
-Мэдээж, Лондонгийн олимпод галзуу амжилт үзүүлэхийг хүсч байна. Үзэгчид надаас  сайн гүйхийг биш рекорд эвдсэн амжилтыг л хүсдэг. Тийм болохоор хүмүүс телевизээ үзээд “Үнэхээр ийм байх боломжтой гэж үү” гэж гайхширахаар амжилт үзүүлэх юмсан гэж бодож байна.



-Та дасгал сургуулилт хийхдээ юун дээр голчлон анхаардаг вэ. Яавал тань шиг болох вэ?
-Би тийм ч их дасгал сургуулилт хийдэггүй. Жирийн үед үндсэн бэлтгэлээ долоо хоногийн гурван өдөр л хийдэг. Гэхдээ гэртээ байх үедээ ч энгийн дасгалаа хийж байдаг. Гэхдээ энэ нь гүйхэд тийм ч шаардлагатай дасгал биш л дээ. Харин ар нуруунаас сайхан харагдуулдаг юм. /инээв/
-Та ер нь хэр хол гүйж чадах вэ?
-Би уралддаг болохоос марафонд гүйдэггүй. Тийм учраас хол зайд гүйх шаардлагагүй. Хамгийн ихдээ 350, 600 метр зайд л гүйж, бэлтгэлээ хийдэг. Ямайкад их халуун болохоор биеэ халааж байхдаа л тэсэхийн аргагүй халууцаад ирдэг. Калори их шатаадаг болохоор тооноос илүү чанарыг эрхэмлэг, ихэвчлэн богино зайд гүйдэг.
-Холын зайн гүйлтийн төрөлд зүүн африкчууд ноёрхдог бол ямайкчууд богино зайд илүү амжилд үзүүлдэг. Ямайкчууд ийм хурдан байдгийн учир нь юунд байна?
-Эрдэмтэн судлаачид ямайкчуудыг актинен гэдэг хурдын тусгай гентэй гэж үздэг. Харин минийхээр бол бидний өвөг дээдэс боолчлогдож байсантай  холбоотой гэж боддог. Тэд хатуу амьдралд нухлагдаж, хүчирхэг гентэй болсон байх.
-Усайн Болт бол хөгжилтэй, цоглог залуу гэдгийг хүмүүс мэднэ. Дэлхийн №1 тамирчин байх их алдар нэр залуу хүний эрч хүчтэй амьдралд тань саад болдог уу?
-Тийм шүү. Миний амьдрал илүү уйтгартай болсон. Уулзалт, ярилцлага гээд л. Камер байнга дагаастай. Найзуудтайгаа клубт орох хүртэл багассан. Намайг хоёр цаг алга болоход л төлөөлөгч маань бөөн эрэл сурал болоод, бараг цагдаад мэдэгдэх шахдаг. Гэтэл би хажуугийн цэцэрлэгт жаалуудтай тоглоод л сууж байдаг байхгүй юу.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан