Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лондонгийн олимпод юу хориотой вэ

Хэрвээ та Лондонгийн олимпыг үзэхээр зэхэж байгаа бол зохион байгуулагчдын зүгээс хориглож буй зарим зүйлийг танилцуулъя. Юуны өмнө хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг том савтай ус, ундаа, жүүс, хоол хүнсний зүйл дотогш барьж орох хориотой гэнэ. Зөвхөн 100 мл-ийн хэмжээнээс бага, жижиг савлагаатай ус, ундааг л зөвшөөрөх аж. Олимпын наадам зуны ид халуун өдрүүдэд үргэлжлэх байтал үзэгчдийг яагаад өөрийн дураар ус, ундаа уухыг хориглож байгаа юм хэмээн олон нийт нэлээд бухимдсан ч аюулгүй байдлын үүднээс хэмээн тайлбарлаж байна. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс үзэгчдээ гомдоохгүйн тулд цэнгэлдэх хүрээлэн, заал танхим дотор үнэгүй усаар үйлчлэхээр болжээ.  
Уух шингэн зүйлээс гадна мэдээж согтууруулах ундаа, мансууруулах бодис, шил, шилэн эдлэл, хүүхдийн хоол тэжээлээс бусад хүнсний зүйл, том хэмжээтэй шүхэр, элдэв янзын эвэр, бүрээ, шүгэл, бөмбөр, салют, тэсэрч дэлбэрэх бодис зэргийг хоригложээ.
Гэвч энэ олон янзын хориг наадмын зохион байгуулалтад хүндрэл учруулж, үзэгчдэд ч төвөг бэрхшээлтэй байх болно гэж зарим спортын холбоодын зүгээс ч шүүмжилж байна. Тухайлбал, Хөлбөмбөгийн дэмжигчдийн холбоо дээрх хоригийг хөлбөмбөгийн тэмцээнд тохирохгүй гээд нисэх буудлын хил нэвтрүүлэх хэмжээний өндөр хараа хяналт тавилаа гэж шүүмжилжээ. Үүнээс гадна олимпын парк дотор зөвхөн МакДональдсын түргэн хоолны сүлжээ ажиллана, хэрэв хоол хүнс авахаар бол бэлэн мөнгө юм уу зөвхөн Виза карт ашиглах ёстой гэдэг дүрэм журам ч үзэгчдийн дургүйцлийг төрүүлж байна. 

“Facebook”-т ээлгүй олимп

Лондонгийн олимп “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн сүлжээ сайтуудын хувьд тун ч ээлгүй наадам болох нь. Учир нь, олимп зохион байгуулагчид үзэгчдээ тэмцээн наадмын үеэр, зураг, дүрс бичлэг авч, хувийн блог, “Facebook”, “Twitter”-тээ нийтлэхийг хориглосон юм. Энэ нь олимпын наадмыг шууд дамжуулах эрхийг өндөр үнээр худалдан авсан телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах зорилготой юм.
Гэсэн хэдий ч интернэтийн эрин үед олимп үзэх хэдэн сая хүнийг бүгдийг нь харж хянаж, хаана ямар хуудсандаа хууль бусаар зураг, дүрс нийтэлснийг хянах боломжгүй гэдгээ зохион байгуулагчид сайтар ухамсарлаж байгаа гэнэ. Мэдээж ямар ч үзэгч Лондонгийн олимп үзсэн ховорхон дурсгалт агшнаа бусадтай хуваалцахыг хүсэх нь дамжиггүй юм. Олимп зохион байгуулагчид үзэгчдээс гадна сайн дурынхандаа хүртэл “Facebook”, “Twitter”-тэй холбоотой хорио тогтоосон байна. Лондонгийн олимпын үеэр ажиллах 70 мянган сайн дурынхан наадмын зохион байгуулалтын арын ажил болон өөрсдийн байрлал, тамирчдын тухайн шуурхай мэдээ, VIP зочид төлөөлөгчид, алдартнуудын зургийг авч, мэдээллийг нь хувийн “Facebook”, “Twitter”-тээ оруулах эрхгүй ажээ.

Олимпын үеэр урлагийн 12 мянган тоглолттой

Лондонгийн олимпын наадмын үеэр болох урлаг соёлын бүхий л арга хэмжээний бүрэн хөтөлбөр саяхан нийтийн хүртээл боллоо. Зуны XXX олимпын наадмын үеэр нийтдээ урлаг соёлын 12 мянган үйл ажиллагаа зохион байгуулагдах ажээ. Энэ олон мянган тоглолт, хөтөлбөрт 204 орны 25 мянга шахам уран бүтээлчид оролцох юм байна. Тэдний дунд Риана, Жэй-Зи, Уилл Ай Эм, Дэвид Гуйтта, Жесси Жи зэрэг алдартай дуучин, Кэйт Бланчетт, Аниш Капур, Ай Вейвей, Йоко Оно зэрэг нэртэй уран бүтээлчид байгаа аж.Цэнгэлдэх хүрээлэн, задгай талбай гээд Лондоны газар сайгүй өрнөх олимпод зориулсан урлаг соёлын тоглолтуудын дийлэнх нь үнэ төлбөргүй байх гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс үнэгүй тараах 10 сая тасалбар гаргаад байгаа нь Лондоны оршин суугчдыг баярлуулж байна.
 
Лондоны зочид буудлын үнэ хоёр дахин нэмэгджээ

Олимпын үеэр Лондонд ирэх гадаадын жуулчид-294000
Нийслэл хотдоо ирэх дотоодын жуулчид -587000
Лондонгийн нийт зочид буудлын өрөө -110000

Дээрх харьцангуй тооноос та Лондонгийн олимпын үеэр зочид буудлын эрэлт хэрэгцээ хэр их байхыг анзаарсан биз ээ. Тиймээс хэрэв олимп үзэхээр тасалбараа авсан бол эртнээс байрлах газраа олж, захиалга өгөх хэрэгтэй болох нь. Дундаж өрөө нь хоногийн 300 гаруй ам.долларын үнэтэй байдаг Лондон хотод олимпын үеэр зочид буудал олох нь амаргүй байх учир хотын оршин суугчид орон гэрээ, зарим өрөөгөө түрээслүүлэх ихээхэн сонирхолтой байгаа аж. Гэвч айлд байрлах нь хүртэл олимп үзэгчдийн хувьд үнэтэй тусах бололтой. Нэгэнт зочид буудлын хүрэлцээ муу учраас хаус үнэд нь орох нь тодорхой гэдгийг мэдэрсэн айлууд түрээсийн үнээ гурав дахин нэмээд байгаа гэнэ. Тухайлбал, олимпын хотхоны ойролцоо орших дүүрэгт гурван унтлагын өрөө бүхий хаус долоо хоногийн 9995 фунт стерлинг буюу 16 мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа гэнэ. Гэвч ийм үнэтэй хаусыг түрээслэх сонирхол үзэгчдэд байхгүй байгаа учир олимп дөхөх үед үнэ нь буурч магадгүй, эсвэл эсрэгээрээ бүр ч өсч магадгүй гэсэн янз бүрийн таамаг байна. Орон сууц, хаусны түрээсийн үнэ ийн өсч байгаагаас гадна зочид буудлууд ч үнээ хоёр дахин нэмсэн тухай Лондоны “Hotels.com” цахим хуудаст мэдээлжээ.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан