Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаа буюу Маакүүчи-д 13 жилийн дараа дахин гурван Их аварга /Хакүхо М.Даваажарга, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд/ хүч үзэх гэж байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Японы Сүмо бөхийн холбооноос тавдугаар сарын 11-нд Токио хотноо эхлэх зуны тэмцээний Банцүкэ-г зарласан. Одоогоос 13 жилийн өмнө 2001 оны нэгдүгээр сарын башёд Акебоно, Таканохана, Мүсашимарү нарын гурван Их аварга хүч үзэж байжээ. Ирэх сарын башёгийн Макүүчи-д Монголын 10 бөх гарч барилдана.
Шинэ гарсан банцүкэгээр Араваши Э.Дөлгөөн дээд зиндаанд дэвшчээ. Тэрбээр Макүүчид барилдах эрх авсан Монголын 21, гадаадын 43 дахь бөх болж байгаа юм. Монгол Улсын начин, гавьяат тамирчин Л.Эрхбаярын хүү Дөлгөөний хувьд мэргэжлийн сүмо бөхөд 12 жил буюу 68 башёд барилдаж байж дээд зиндаанд дэвшиж байгаа нь гадаад бөхчүүд дотроо сүүлээсээ хоёр дахь бөх болж байна. Түүний ард 72 башёд барилдаж байж дээд зиндаанд дэвшсэн Америкийн Сэнторюү бичигджээ. Монголын сумочдоос Жюүрёо-д долоон бөх хүчээ сорин барилдана.