Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Энхтуяа: Энд байгаа сүмочид хэн ч ялгаагүй миний хүү шиг байдаг

Япон дахь монголчуудын “Өндөр ээж”-тэй уулзлаа. Энэ хүн бол Японы мэргэжлийн сүмогийн макучи буюу дээд зиндаад барилдаж буй Хакуба Өнөржаргалийн ээж Д.Энхтуяатай юм. Тэрээр японд “Улаанбаатар” нэртэй хоолны газрыг ажиллуулж, элэг нэгтэндээ нутгийг нь бодогдуулам сайхан монгол хоолоор дайлдаг юм билээ. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.

-Таныг Японд байгаа монголчууд андахгүй сайн мэддэг юм байна. Зарим бүр “Өндөр ээж” гэж өргөмжилдөг юм билээ?
-Тийм шүү. Намайг мэдэхгүй монгол хүн Японд цөөхөн байх аа. Дөнгөж сурах гэж ирсэн оюутнууд хүртэл Энхээ эгчээ гээд л хүрээд ирдэг юм. Зарим нь ч “Өндөр ээж” гэж байдаг л юм.
-Анх Японд ирсэн түүхээсээ хуваалцаач. Ирээд хэдэн жил болж байна вэ?
-Хүүхдээ дагаж биеэ эмчлүүлэх гэж л ирсэн. Ирээд таван жил болчихлоо.
-Монгол хоолны газар ажиллуулах санааг анх хэн гаргав. Японд монгол хоол хийхэд хоолны орц материалаас эхлээд хүндрэлтэй зүйл олон байгаа байх?
-Урьд нь би япон дахь монгол хоолны газар ажилладаг байсан юм. Тэгээд тэр газар дампуурсан л даа. Зүгээр сууж байхаар өөрөө хөдөлж үзье гэж шийдээд л энэ газрыг нээсэн. Японд байгаа иргэд болон монгол сүмочдоо түшиглээд ажиллуулаад, болоод л байна. Орц материалын хувьд болдог юм аа. Бүх л юм аа эндээс авдаг. Монголоос мах оруулахгүй болохоор эндээсээ л материалаа авч хоолоо хийдэг.
-Бидний хувьд газар хөдлөлтөөс үүдэлтэй гамшигийг нүдээр үзэх ирсэн. Тэгсэн чинь монгол хоолны газар байдаг гэхээр нь хүрээд ирлээ. Таны хувьд газар хөдлөлтөд хохирол амсаагүй биз дээ?
-Нэрвэгдэлгүй яахав. Энэ оронд чинь айхтар гамшиг болж байна шүү дээ. Тэглээ гэсэн ч ажлаа хийгээд байж л байна. Монголчууд маань нутаг буцаад дуусч байх шиг байна.
-Та тэгээд нутаг буцахгүй ээ?
-Хэлж мэдэхгүй байна. Цагийн байдлыг хараад л байна. Саяхан бэрийгээ ач охинтойгоо, бага хүүтэйгээ хамт явуулсан. Одоо нэг дүүгээ буцаах гэж байна. Ер нь, тэгээд энэ орныг зорьж ирж ажил хөдөлмөр эрхэлж үр шимийг нь хүртчихээд ийм юм тохиолдоход хаяад явна гэдэг утгагүй шүү дээ. Тэгээд ч нэг хүү маань байгаа болохоор хүүгээ хараад л сууж байна.
-Монгол хоолны газраар ихэвчлэн ямар хүмүүс үйлчлүүлдэг юм бэ. Япончууд монгол хоолыг хэр сонирхож байна вэ. Нэг ёсондоо та бол монголын хоолны урлагийг Японд сурталчилж байгаа хүн шүү дээ?
-Мэдээж байгын үйлчлүүлэгчид бол Монголчууд. Япончуудын хувьд монгол хоол их иддэг юм. Тэр тусмаа манайхаар япончууд орж ирж хоол иддэг юм. Миний хувьд яахав дээ монголд хоолны газар ажлуулж байсан болохоор тэр туршлагаараа л ажиллуулж байгаа юм. Түүнээс сүйдтэй сурталчлах зүйл юу байхав.
-Сүмочид ирж хоол идэх үү?
-Тэд бол байнга ирнэ. Байнгын үйлчлүүлэгч шүү. Газар хөдлөлийн үед хамаг юм аа эвдүүлээд хэд хоног хаасан юм. Хэд хоногийн өмнөөс л ажлуулж эхэлсэн. Хакухо аварга хэдэн хүнтэй ирж хоол идчихээд явна билээ.
-Танайхаар орж ирж байгаа монголчууд юу ярьж байна. Газар хөдлөлийн тухай?
-Үлдсэн хүмүүс бол ихэвчлэн ажил төрөлтэй, эрчүүд голдуу байх шиг байна. Хүүхэд эмэгтэйчүүд яваад дуусч байгаа байх. Манайхаар ирж байгаа хүмүүс бол “Ажилдаа уягдаад явсангүй, жаахан харзнана” гэж л ярьж байна. Зарим нь Энхээ эгчээ би яах уу гэж асуух юм. Яг ийм үед зөвлөгөө өгч болдоггүй юм байна. Юу гэхээ мэдэхгүй эвгүй юм гэдэг нь. Өөрсдөө л шийд гэж хэлсэн. Зарим нь ч Энхээ эгчийг явахгүй бол явахгүй ээ гээд л байж байсан. Гэхдээ энэ улсад итгэж болох ард түмэн гэж боддог.
-Хакубагийн тухай дурсаач. Сүмод хэзээ хөл тавьж байв. Арлын орныг зориход нь ээжийн хувьд хэрхэн хүлээж авч байв?
-Миний хүү чинь одоо дээд зиндаанд барилдаж байгаа. Дээд зиндаанд гараад багагүй хугацаа өнгөрлөө, гайгүй ч барилдаж байна. Японд ирээд 10 гаруй жил болсон байна шүү. Ирэхдээ 15-хан настай байсан.
-Хакубаг бөхийн удамтай гэж сонссон. Тэр нь таны талд байдаг гэдэг юм билээ?
-Тийм ээ. Манай аавын талд хоёр үеийн бөх байсан юм. Бөхийн удам чинь ээжийнхээ талыг дагадаг юм гэсэн. Тэгээд л миний хүү бөх болсон байх.
-Өнөржаргал гэр бүлтэй болж амжсан уу?
-Болсон. Алтангадас начны охинтой гэр бүл болсон. Одоо Коктенкү Хүчитбаатарын дүүтэй суусан.
-Та таван жил болсон юм чинь Япон хэлийг сайн сурч байгаа биз дээ?
-Яг үнэнийг хэлэхэд эгч нь таван жил болсон гэхэд япон хэл сураагүй. Гэхдээ яахав таван жил болсон болохоор чих хагас нээгдэчихдэг юм байна. Ер нь, хэл сурахгүй бол болохгүй юм байна. Хэрэгцээ шаардлага одоо гарч байна шүү. Дэлгүүрт ороод юм авахад ч хэл шаардлагагүй болохоор суръя гэж боддоггүй байж. Одоо л сурахгүй бол болохгүй нь ээ.
-Монголчууд танаас тусламж гуйдаг уу?
-Манайхан мундаг болохоор тусламж гуйгаад байдаггүй шүү дээ. Хийх ажил байна уу гэж асуудаг л юм. Би ч боломжийн хэрээр ажиллуулдаг юм.
-Монголд үйлдвэрлэсэн архи нэлээд харагдаж байна. Архиа хаанаас авдаг вэ?
-Архиа монголоос авдаг. Бага багаар нь хүн амьтанд захиулж авчруулдаг юм. Энэ архи зарахгүй бол болохгүй юм билээ. Анх Япончууд оруулаад ирсэн байсан ч хаагдчихсан. Тэгээд шувуу болгонд үг дайна гэдэг шиг Монголоос ирж байгаа хүн болгонд архи захих хэцүү байхаар нь болчихсон юм. Тэгсэн чинь орж ирсэн япончууд “Танайд монгол гэх юм юу байгаа юм. Монголоос авчирсан архиа зараач” гээд байсан. Яах ч аргүй тэгээд байхаар бага багаар нь авчирч зардаг юм.
-Архи зарахад ямар нэгэн асуудалгүй юү?
-Байхгүй. Цайны газар ажиллуулахад яах ёстой вэ гээд бүх юмыг зааж, сургалт явуулаад үнэмлэх өгчихдөг юм.
-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
shan yriltslaga bn. Bi ypond bdg ghdee ene hoolni gzr hna bdg ym bee ochij hoololmor bn. mongol hooloo ih sanjiishv
Хамгийн их уншсан