Улаанбаатар хотноо тавдугаар сарын 9-10-нд жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь удаагаа манай улсад болно.
Долоо дахь удаагийн тэмцээнд Зүүн Азийн бүс нутагт харьяалагддаг Монгол, Япон, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, Гуам гэсэн есөн орны жүдо бөхийн тамирчид ур чадвараа сорино. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах бөгөөд оролцох есөн орны баг тамирчид багийн цомын аваргын төлөө өрсөлдөнө. Зүүн Азийн жүдо бөхийн холбоо (EAJF) тус тэмцээнийг анх 2006 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эрэгтэйчүүдийн 66 кг-д түрүүлж байсан билээ.