Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэргүүнд багтамгүй тэнэглэлүүд

Хүний амьдралд яаж ч бодоод тайлбарлах аргагүй, ухаан санаа, тэргүүнд багтамгүй хачин давхцал, тэнэглэлүүд тохиолдож байдаг. Үүний хамгийн тод жишээ бол нэгэн шалтгааны улмаас дөрвөн хүн гэмтэн эмнэлэгт хэвтсэн энэхүү тохиолдол юм.

Ш.Мюллер гэгч эмэгтэй тархины гэмтэлтэй, Т.Вегас гэгч эр тархины хөнгөн доргилттой, Б.Коркоран гэгч эр буйлны ноцтой гэмтэлтэй, П.Клесик гэгч эм баруун гарын хоёр хуруугүй болж эмнэлэгт иржээ. Яасан юм болоо гэхээр Мюллер авхай нөхрөө ажилд нь машинаараа дөхүүлж үүдэнд нь ирээд түр баяртай гэж хэлээд үнсэхтэйгээ зэрэгцэн түрхэн зуур цээжээ нөхөртөө ил гарган харуулж, бяцхан айлгүйтээд авч л дээ. Яг энэ үед хажуугаар нь гарч явсан таксины жолооч Т.Вегас нь бүсгүйн нүцгэн цээжийг гэнэт хараад анхаарал алдан замын хажууд байсан шүдний эмнэлгийн ханыг мөргөж орхив. Эмнэлгт хүний шүд үзэж байсан эмч П.Клесик машин мөргөхөд үүссэн доргилтоос болж цохихдоо эмчлүүлэгч Коркораны буйлыг санамсаргүйгээр хүчтэй сэтгэн хатгаж гэмтээхэд Коркоран өвдсөндөө өөрийнх эрхгүй шүдээ тас зуугаад Клесик эмчийн хоёр хурууг тас хазаж орхижээ. Харин мөргөх үед шүдний эмнэлгийн хананаас багагүй хэлтэрхий бүлт үсрэд нүцгэн цээжээ нөхөр сэм харуулан айлгүйтсэн Ш.Мюллер бүсгүйн толгой дээрээс унаж тархины гэмтэл учруулсан байна.

Үүнээс ч тэнэг хачин тэнэг хэрэг бас гарна. Жишээлэхэд, Артур де Соузу Коэльо гэгч бразил эр 2010 оны нэгдүгээр сард машинаа хулгайгаас сэргийлэх мэргэн арга сэджээ. Түүний амьдардаг дүүрэгт нь машины хулгайч дэндүү олон болохоор ямар нэг арга сэдэхээс өөр гарцгүй байж л дээ. Ингээд ням гарагийн орой тэрээр гэрийнхээ үүдэнд тавьсан машинаа тойруулан төмөр торон хашаа хийгээд түүнээ өндөр хүчдэлд залгасан байна. Сайхан унтаж амраад даваа гарагийн өглөө ажилдаа явахаар гэрээс гараад харамсалтайгаар амиа алджээ. Яасан бэ гэхээр ням гарагийн орой нам унтаад өглөө сэрэхдээ машинаа тойруулан барьсан төмөр хашаагаа өндөр хүчдэлд залгасан гэдгээ таг мартан барьж аваад цахилгаанд цохиулсан хэрэг.

Ер нь санаад оромгүй элдэв тэнэг үйлдэл хийхэд хүргэдэг хамгийн гол зүйл нь архи, согтууруулах ундаа байдаг. Үүний нэг жишээ бол Америкийн бөглүү нутгийн хоёр ковбойд тохиолдсон энэ явдал юм. Хэргийн эзэн хоёр эрийн амьдардаг нутаг дахь суурин утсан холбооны компани шугамаа шинэлчэн сольж эхэлжээ. Ингэхдээ нэг хэсэг газар кабель зам доогуур тавигдах ёстой болов. Кабель тавьж байсан ажилтнууд эхлээд замын талыг нь гүнзгийлэн ухаад кабелийнхаа талыг нь тавьчихаад, нөгөө талыг машин гаргах зай үлдээв. Тэгээд ухсан хэсгийн тойруулан элдэв алаг тууз татаж, анхааруулах тэмдэгийг гамгүй өрж хаагуур эргэн тойрохыг сайтар заасан байжээ.

Гэтэл өглөө нь тэр нутгийн шериф буюу манайхаар бол хэсгийн төлөөлөгчийг кабель тавихаар ухсан нүхэнд машин уначихсан байна гэсэн мэдээ иржээ. Хэргийн газар ирсэн шериф, орон нутгийн оршин суугчид, утасны компаний ажилчид нь машиныг нүхнээс гарган хартал тэр хавьдаа уудгаараа алдартай хоёр кобвой эр дотор нь амьсгаа хураасан байхыг олжээ. Ингээд цугласан хүмүүс хэргийн газарт маш нарийн үзлэг хийв. Тэгтэл хоёр хүний амийг авч одсон гол буруутан нь талийгчад өөрсдөө болох нь тогтоогджээ.

Яасан бэ гэхээр мань хоёр жижиг хотынхаа бааранд тун ч манарталаа виски ууж байгаад нэлээд орой болсон хойно машиндаа суун гэрийн зүг, өөрөөр хэлбэл эдлэн газрынхаа зүг хөдөлжээ. Ингэж яваад нөгөө ухсан нүх, анхааруулах тэмдэг, тойрох чиг зэрэгтэй таарчээ. Тэгээд яг хажуугаар нь гарах гэж байгаад гэнэт хоёул нэгэн мэргэн арга сэдээд буцаад ухарч. Зүгээр нэг ухарсангүй машинаасаа бууж ирээд нөгөө сэрэмжүүлсэн алаг тууз, анхааруулах тэмдэг, тойрох чиг заасан тэмдэг зэргийн байрыг нь солиод машин явах ёстой газар тавьжээ. Өөрөөр хэлбэл тэдний дараа явсан машинтай хүнийг нүхэнд унаган бах таваа хангах гэсэн байна. Ингээд халамцуу хоёр ямар мундаг мэргэн арга сэдэв ээ гэж нэгнээ хөөргөсөөр машиндаа суугаад явахдаа өөрсдөө тэмдэгээ сольсон гэдгээ мартаа нүх унаж амиа алдсан хэрэг.

Ямар ч үнээр хамаагүй ашиг, орлого гэсэн хүсэл мөн л санаанд оромгүй тэнэглэл хийхэд хүргэдэг. Жишээлэхэд, 2006 онд хаягдал төмөр цуглуулж байсан гурван вьетнам эрийн хэрэг байна.

Яасан бэ гэхээр мань гурав хаягдал төмөр цуглуулж яваад нэгэн толгодыгн орой дээрээс дайны үеэс үлдсэн тэсрээгүй 250 кг жинтэй бөмбөг олжээ. Гурвуулаа ч өргөөд дийлэхгүй ийм хүнд төмөр олсондоо мань гурван вьетнам эр ихэд баярлсан нь гарцаагүй. Тэгээд хаягдал төмөр авдаг газар руу бага ч болов дөхүүлэхийн тулд толгойдын уруу өнхөрүүлэхээр шийджээ. Тэсрэх бөмбөг гэдэг янз бүрийн доргилтоос болж дэлбэрч байхаар бүтээгдсэн болохоор толгойн уруу өнхөрч эхэлмэгцээ дэлбэрч 5 метр орчим диаметртэй том бөгөөд гүн нүх үлдээн тэсрэхдээ хэргийн эзэн гурваас юм бараг үлдээгээгүй байна.

Зарим хүн нас ахисан ч ухаан суудаггүй нь харамсалтай. Жишээлэхэд, Ивица Плантнер гэгч өвөө юм. Тэрээр  2008 онд 68 нас зооглочихоод байсан аж. Галт тэрэг дөхөж ирэхээр машин замыг түр хугацаагаар хаадаг гэдгийг жолооч нар сайн мэднэ. Ингээд 2008 онд энэ өвөө ч бас Порш машинынхаа жолооны ард суугаад уртаас урт дараалалд зогсож байж л дээ. Гэвч хурдан сайхан машинтайдаа болсондоо ч тэрүү гэнэт галт тэрэг ирж амжихаас өмнө хаалтыг тойроод төмөр зам дээгүүр гарахаар шийдсэн байна. Ингээд урдах машинууд, замын хаалтыг хажуугаар шунганан гартал харамсалтай нь яг төмөр зам дээр тэгнээд гацаж орхижээ. Яг тэр үед нь тун ч дөхөж ирээд байсан галт тэрэгнээс анхааруулах дохио өгч эхэлсэн нь мэдээж. Амь наана там цаана үед жолооч үнэтэй ч гэлээ машинаа орхин зугатаж амь гарах нь мэдээж. Өвөө ч бас машинаа хаян гарч гүйжээ. Гэхдээ замын нөгөө тал руу биш төмөр замын хөндлөвчийг даган галт тэрэгний өөдөөс гараараа даллан “зогсоорой, миний машин тэнд гацчихлаа” гэж орилсоор гүйсэн байна. Үр дүнд нь хөөрхий өвгөн ба машиныг галт тэрэг “будаа” болгосон нь ойлгомжтой. Яаж бодохоороо хэдэн мянган тонн хүнд галт тэрэгний цуваа хэдхэн метр яваад тормозлоно гэж бодсон юм бол бүү мэд.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан