ОХУ-ын Ханты-Мансийск хотод болж байгаа дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчдын Гран при тэмцээний эхний зургаан өдрийн тоглолтын дараа Т.Батчимэг нэг оноотой болов.
Түүний хувьд Оросын Татъяна Косинцева, Украины Катерина Лагнотой тэнцсэн бөгөөд Нана Дагнези, Александр Костенюк, Хоу Ифань, Анна Музычук нарт хожигдоод байгаа юм. Тэрбээр өчигдөр Узбекстаны Их мастер Нафиса Муминоватай тоглож хожигдсон бол өнөөдөр экс дэлхийн аварга Антоанета Стефановатай өрсөлдөх юм.
Дашрамд дуулгахад, Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн лхагва гарагт эхэллээ. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд Их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, олон улсын мастер Г.Мөнхгал, эмэгтэйчүүдийн төрөлд Их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Б.Ану нар өрсөлдөж байна. Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд энэ тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдээс чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгджээ.