Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Нийтийн биеийн тамир хөгжүүлж нэг сумаар арван гахай “буудъя”


Биеийн тамир гэж ердөө л чулуу шидэхийг хэлнэ. Гэхдээ өөрийн хүслээр, ямар нэг зорилготойгоор... Долоон килограмм жинтэй чулууг 30 удаа шид гэвэл гайхаж мэгдэх хүн цөөнгүй. Харин, арван бай оновол алтан медаль өгье гэвэл хэн бүхэн дуртайяа шидэх биз. Хүн аливаа зүйлийг зорилгогүй хийдэггүйн учир долоон килограмм чулууг 30 удаа шидэхийг биеийн тамир, спортоор хичээллэж байна гэж ухамсарлах нь ховор. Тиймдээ ч боулинг хэмээх спорт үүссэн биз. 1-7 кг жинтэй боулингийн бөмбөгийг 20-25 метр урттай нарийн замаар шидэн өнхрүүлж арван гахайг алдахгүй онох нь дээрх ойлголтыг энгийн хэр нь зугаатай байдлаар шийдсэн хэрэг. Боулинг тоглож буй хүн нэг удаа тоглоход дунджаар 30 бөмбөг шидэх бөгөөд бүхий л булчин шөрмөс нь ажиллаж, ясны сийрэгжилт үүсэхээс хамгаална, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, цусны эргэлт сайжирна түүнчлэн арав гаруй төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Энэ мэт боулингийн спортын давуу талыг дурдаад байвал дуусахгүй.

Иргэдийн дундаж наслалт буурч, цаг агаар, хоол хүнс, амьдралын хэв маягаас үүдэн аливаа өвчин эмгэг улам бүр залуужсаар байгаа энэ үед нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай төр засгаас ихэд анхаарч байна. Гэвч бардам ам шалдан гуя гэгчээр аманд багтавч ажил болоогүй нийтийн биеийн тамирын хөгжлийг нэг мөр шийдэхийн тулд ердөө л “чулуу шидэх” орчин бүрдүүлье. Өөрөөр хэлбэл, боулингийн төвийг олноор байгуулъя.

Өнөөдөр Монголын боулингийн холбоо үүсч хөгжсөний 18 жилийн ой тохиож байна. 1996 оны энэ өдөр тухайн үеийн сагсан бөмбөгийн “Бизнесийн чөтгөрүүд” багийн дасгалжуулагч Б.Жар­галсайханы санаа­чил­гаар есөн хүний бүрэл­дэхүүнтэй холбоо байгуу­лагдсан гэдэг. Удирдах зөвлөлд нь тэр үед Хотын газрын албаны даргаар ажиллаж байсан, талийгаач Ж.Наранцацралт гэхчлэн нэр бүхий хүмүүс байсан гэдэг. Тус холбоо байгуулагдсанаар монголчууд боулинг гэх спорттой танилцсан түүхтэй. Нэг үгээр Монголд боулинг үүсч хөгжсөн гэсэн үг. Улмаар 1997 оны долдугаар сарын 5-нд МҮОХ-нд гишүүнээр элсч мөн оны зургадугаар сарын 25-нд Английн Ноттенгем хотод Олон улсын боулингийн холбооны чуулганаар МБХ-ны гишүү­нээр элсэх өргөдлийг хүлээн авч хэлэлцэн Олон улсын боулингийн холбоо, Дэлхийн боулингийн холбоо, Азийн боулингийн холбоонд тус тус гишүүн болсон аж. Үүний дараа 1997 оны есдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод хоёр зам бүхий анхны боулинг төв нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үүнээс хойш 2006-2009 оны хооронд улсын хэмжээнд нэг ч боулинг төвгүй болж энэ спортын хөгжил зогсоход хүрсэн аж. Харин 2009 онд хоёр ч төв үүд хаалгаа дэлгэн үйл ажиллагаа явуулж эхэлснээр манай баг тамирчид олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжтой болсон. Өдгөө Монгол Улсын боулингийн шигшээ баг Азийн наадамд дөрвөн удаа, Зүүн Азийн наадамд гурван удаа оролцсоноос гадна БНСУ-ын Сөүл хотноо зохиогдсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, АНУ-ын Лас Вегас хотод болсон өсвөрийн боулингийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус амжилттай оролцож байжээ.

Ойн баярыг нь тохиолдуулж МБХ-ны ерөн­хийлөгч Б.Жаргал­сайхантай уулзаж ярилцахад “Монголын баг тамирчид, хүүхэд залууст дэлхийд тэргүүлэх авьяас чадвар бий. Гэвч материаллаг орчин нөхцөл нь бүрдээгүй учир өдий хүртэл олигтой амжилт үзүүлээгүй л байна. Хэрэв олон улсын стандартад нийцсэн боулинг төв ядаж ганц бий болгочихвол дэлхийн дэвжээнд өрсөлдөх бүрэн боломжтой” хэмээж байв. Түүний хэлснээр манай залууст аливаа спортод амжилт үзүүлэх авьяас чадвар байвч боломж бололцоо тун муу байдаг нь үнэн. Стандартын бус зүйл мэргэжлийн тамирчин бэлтгэхэд нийцэх­гүй нь мэдээж. Өдгөө ул­сын хэмжээнд нийт 32 зам бүхий таван боулинг төв үйл ажиллагаа явуулж байгаа ч нэг нь ч стандартад нийцдэггүй аж.

Олон улсын стандартад нийцсэн боулинг төв 10-16 замтай буюу нэг дор 40-64 хүн тоглох боломжтой байдаг. Улаанбаатар хотын есөн дүүрэгт арван зам бүхий нэг нэг боулинг төв байгуулчихвал нэг цагт 360-576 хүн спортоор хичээллэх боломжтой болж байгаа юм. Хэдий 18 жил өнгөрсөн ч манайхан боулинг гэгч спорттой бүрэн танилцаж амжаагүй л байна. Үүний шалтгаан нь дээр дурдсан боулинг төв цөөн байгаатай холбоотой. Мэдээж тооны хувьд цөөн үнийн хувьд өндөр байдаг. Тиймдээ ч одоо үйл ажиллагаа явуулж буй таван боулинг клубийн үйлчилгээ үнэ тариф дундаж орлоготой хүмүүст цаашилбал дунджаас дээгүүр орлоготой хүмүүст зориулагдаж байна. Харин тоо өсөөд ирэхээр үнэ буурч иргэд хямд үнээр эрүүл мэнд “худалдан авах” боломжтой болно. Бусад спорттой харьцуулахад боулин­гийн спорт улир­лаас шалтгаалахгүй хичээл­лэд­гээрээ давуу талтай. Одоогоор Улаанбаатар хотод гурван боулинг төв үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Багануур дүүрэг, Эрдэнэт хотод тус бүр нэг бий. Эхний ээлжинд дүүрэг бүрт нэг боулинг төв байгуулахад 1.8 тэрбум төгрөг л шаардагдана. Иж бүрэн тоноглол бүхий боулингийн замд үйлдвэрлэгчээс 20 жилийн баталгаа өгдөг аж. Манай улсад ашиглаж байгаа боулингийн замуудыг Солонгосоос оруулж ирсэн бөгөөд агтлагдаж, ашиг­лал­тын хугацаа нь дууссан буюу аль хэдийнэ 20 жил хэрэглэсэн зам байдаг гэнэ. Гэвч хуучин Солонгос машиныг хэдэн арван жилээр хэрэглэж байгаа бид боулингийн замыг нь ч баталгаат хугацаа дууссанаас хойш ашигласаар л байна. Ингээд бодоход багадаа 30-40 жил нэг замыг ашиглах бүрэн боломжтой юм.

Гольф, боулинг зэрэг спортыг өртөг өндөртэй, баячуудын спорт гэх ойлголт байдаг. Гэхдээ нэг удаад хөрөнгө зарж хэдэн арван жилээр хичээллэж болдог спорт төв бий болгох нь иргэдийн эрүүл мэндэд ихээхэн хөрөнгө оруулсан хэрэг болно. Нийтийн биеийн тамирыг хэрхэн хөгжүүлэх вэ гэж толгой гашилгаж суухаар гар таталгүй ганц ч гэсэн хэрэгтэй юм хиймээр.
Өвөлдөө мөсөн гулгуурын талбай байгуулж утаан дунд уран гулгалтаар хичээллэхийг санал болгодог. Энэ мэт нүглийн нүдийг гурилаар хуурсныгаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлж спортын хөгжилд хувь нэмэр орууллаа гэдэг. Гэтэл өвлийн битгий хэл өнөөг хүртэл зуны спортын ганц ч цэнгэлдэх бариагүй л байна.

Багын хэдэн нөхөдтэйгөө хааяа нэг уулздаг юм. 20 гарсан залуус хаачихаа мэдэхгүй... Хий дэмий хэсэг марзаганаж байгаад л салдаг. Залууст зав гаравч зөв боловсон өнгөрөөх орчин үгүй болохоор баар савнаас хэтрэхгүй. Үнэндээ өнөөгийн байдал ийм л байна. Хэдэн кино театраа эс тооцвол залуус, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөж, спортоор хичээллэх боломж бололцоо тун муу. Боулингааар найман настай балчираас 80 настай буурай хүртэл хичээллэх бүрэн боломжтой. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, ирээдүй хойчдоо хөрөнгө оруулахын тулд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж нэг сумаар арван гахай “буудацгаая”.

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан