Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОЛГОЙ ХҮМҮҮС БАЯЖИХ, НЭРД ГАРАХ, АРХИНД ОРОХ, МАГАДЛАЛТАЙ

Хүн гэдэг амьтан ердөө хоёр гартай. Гэтэл баруун гараа ашигладаг дийлэнх олонхиосоо арай өөрөөр зүүн гараараа аливаа хөдөлгөөнөө хийдэг хүмүүсийг шинжлэх ухаан ямагт сонирхсоор иржээ. Ялгаагүй л нэг гараа түлхүү ашигладаг боловч яагаад солгой хэмээн нэрлэгдэж, илүү сонирхол татдагийн учрыг зах зухаас нь тайлах гэж оролдъё.



ИХРҮҮД СОЛГОЙ ГАРТАЙ ТӨРӨХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ

Хүн зөв гартай байх уу эсвэл солгой байх уу гэдэг нь аль эхийн хэвлийд байхад тодорхойлогддог. Эхо аппаратаар сайтар ажиглахад аль гар нь амтайгаа илүү ойрхон байгаагаар нь үүнийг мэдэж болдог байна.
Эрдэмтдийн судалгаагаар бол хүний нэгдүгээр ген буюу LRRTM1 ямар байхаас шалтгаалж хүүхэд зөв эсвэл солгой гартай төрдөг байна. Мөн ихрүүд солгой төрөх нь элбэг байдаг гэнэ. Ихэр хүүхдүүдийн 76 хувь нь солгой гартай байх магадлалтай байдаг гэсэн судалгаа үүнийг батална.

СОЛГОЙ ГАР ХҮНИЙ НАСАНД НӨЛӨӨЛДӨГГҮЙ

Дэлхийн нийт хүн амын 7-10 хувь нь солгой гартай гэсэн тооцоо байдаг. Түүнчлэн эмэгтэйчүүдээс илүү эрчүүд солгой байх нь түгээмэл байдаг бол настайчуудаас илүүтэй залуусын дунд солгой гартнууд элбэг байдаг гэнэ. Солгой гартнууд илүү ухаалаг гэсэн нийтлэг ойлголт байдаг ч сэтгэцийн эмгэг өвчтэй хүмүүсийн дунд ч ийм хүмүүсийн тоо өндөр байдаг. Солгой гартнуудын тухай бас нэг сонирхолтой мэдээлэл бол ийм хүмүүс бусдыгаа бодвол архинд орох магадлал гурав дахин их байдаг гэнэ. Энэ нь тархины баруун хэсгээ илүү ашигладагтай нь холбоотой аж.
Солгой гартай хүмүүс богино насалдаг гэж эрт үед ярилцдаг байжээ. Харин орчин үеийн судалгаагаар тэд бусдаас ялгаагүй л насалдаг нь тодорхой болсон юм. Гэхдээ зарим нэг өвчинд өртөмхий байдаг нь үнэн гэнэ.

АМЬТАД БАС СОЛГОЙ БАЙДАГ УУ

Цагаан баавгайг солгой байдаг гэж хойд нутгийн хүмүүс ярилцдаг. Гэвч энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл биш, ердөө л хүмүүсийн итгэл үнэмшил төдий зүйл юм. Амьтад үнэхээр нэг хөлөө түлхүү ашигладаг эсэхийг одоогоор тогтоогоогүй л байна.

СОЛГОЙ ГАРТНУУД ЗАМЫН ТҮГЖРЭЛД АЖРАХГҮЙ

Хүний баруун тархи мэдээллийг хурдан боловсруулах чадвартай байдгийн ачаар солгой хүмүүс аливаа зүйлийг хурдан сэтгэхдээ гаргууд. Компьютерийн өндөр хурдтай тоглоом тоглох, замын түгжрэлээс гарах, байлдааны онгоц жолоодох гэх мэт хурдан шаламгай сэтгэлгээ шаардсан үйлдэлд солгой хүмүүс илүү сайн байдаг гэнэ. Ер нь, солгой гартнууд жолоо барихдаа илүү сайн байдаг гэнэ. Жолооны шалгалт анх өгсөн хүмүүсийг судалж үзэхэд зөв гартай хүмүүсийн 47 хувь нь тэнцэж байхад солгой гартнуудын 57 хувь нь эхний шалгалтаар сайн үнэлгээ авч чаддаг байна.   
Солгой гартнууд баяжих магадлал илүү өндөртэй байдаг гэсэн ойлголт сүүлийн үед дэлгэрээд байгаа. Учир нь, дэлхийн хамгийн анхны тэрбумтан Дэвид Рокфеллер болон өнөөгийн тэргүүн баян Билл Гейтс нар солгой гартай юм. Ер нь, солгой гартнууд бусдыг бодвол баяжих магадлал 10-15 хувиар илүү байдаг гэсэн судалгаа ч бий.

АЛДАРТАЙ СОЛГОЙ ГАРТНУУД

Солгой гартнууд илүү ухаалаг байдаг гэсэн ерөнхий ойлголтыг тэдний IQ 140-өөс дээш байдаг гэсэн судалгаа баталдаг юм. Түүнчлэн нэр алдартай хүмүүс, удирдагчдын дунд солгой гартнуудын нэр олонтаа тааралддагаар үүнийг нотолдог.
Ж.Бушийг эс тооцвол 1981 оноос хойшхи АНУ-ын бүх Ерөнхийлөгч солгой гартай хүмүүс байсан юм. Ж.Форд, Р.Рейган зэрэг өмнөх Ерөнхийлөгчдийг тооцохгүйгээр хамгийн сүүлд төр барьсан удирдагчдыг нэрлэвэл, эцэг Буш, Билл Клинтон, мөн одоогийн Ерөнхийлөгч Барак Обама нар солгой ажээ. Жанна’д Арк, Наполеон, Юлий Цезарь, агуу Александр хаан зэрэг түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс, Леонардо да Винчи, Рафэль, Микеланжело, Альберт Эйнштейн, Исаак Ньютон, Пабло Пикассо зэрэг суутнууд, Опра Уинфри, Майкл Жордан зэрэг орчин үеийн оддыг нэрлэхэд л солгой гартнууд ямар хүмүүс болохыг хэлээд өгөх биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан