Монголын параволейбо-лын шигшээ багийн тамирчид энэ сарын 19-26-ны хооронд Иран улсад болох Азийн аварга, олимпын эрхийн төлөөх тоглолтод оролцохоор болсон ч хөрөнгө мөнгөний асуудал хүнд ачаа болоод байгаа аж. Эрэгтэй, эмэгтэй багийн нийт 24 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт явахад нийт 74 сая төгрөг шаардагдаж байгаа юм. Угтаа манай тамирчид дэлхийн чансаагаар дээгүүрт бичигддэг ч төр засгийн зүгээс параспортын тэр дундаа параволейболын төрлийг харж үзэхгүй байгаа тухай Монголын параволейболын холбооны гишүүн Б.Нармандахтай ярилцлаа.
-Аливаа тэмцээн уралдаан болохоор л тамирчдын хувьд хөрөнгө санхүүгийн асуудал сөхөгддөг. Энэ тухай ярьсаар байгаад улиг болчихсон мэт санагдаж нийгмийн сэтгэлзүй ч энэ талын асуудалд анхаарал хандуулах нь муу болж. Угтаа, медаль авахдаа биш улс орны нэр гарч байгаа нь чухал баймаар?
-Тийм шүү, улс орны нэр л гарна шүү дээ. Спортын хөгжилдөө ч хувь нэмэр оруулж буй хэрэг. Аль ч спортын ноён оргил нь олимп. Бидний зорилго ч гэсэн олимпод оролцох. Одоо бидний оролцох гэж байгаа тэмцээн бол энэ жилийн Азийн аварга мөн ирэх олимпын эрхийн төлөөх чухал ач холбогдолтой тэмцээн юм. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж энэ тэмцээнд орж чадахгүй бол харамсалтай хэрэг болно. Яагаад гэвэл манай эмэгтэй шигшээ баг дэлхийн чансаагаар дөрөвдүгээрт, эрэгтэй нь долдугаарт бичигдэж байна. Тийм болохоор аманд орсон шар тосыг хэлээрээ түлхсэнээс ялгаагүй.
-Өнгөрсөн жилийн “Аврагч” спорт хороонд болсон улсын аваргын тэмцээнийг сурвалжилж байсан юм. Хүйтэн зааланд шороо тоос болсон шалан дээр тоглож байгааг харахад нэг бодлын өрөвдөлтэй санагдсан. Шуудхан хэлэхэд шал арчиж байгаагаас өөрцгүй л байсан. Та нарт хичээллэх стандартын заал танхим манай улсад байдаг уу?
-Стандартад нийцсэн гэвэл нэг ч байхгүй ээ. Гадны улс орнуудыг хараад байхад хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хичээллэх заал, танхим нь орчин үеийн техник технологиор тоноглогдсон илүү ая тухтай орчин бүрдүүлсэн байх жишээтэй. Бид Хятадын параволейболчдын байрладаг байранд очиж, өөрсдийн нүдээр үзсэн юм. Тамирчид нь олимп эхлэхээс хоёр жилийн өмнө байрандаа очиж байрлаж бэлддэг. Усан бассейн, хоёр ч спорт заал, бялдаржуулах танхим гээд бүхий л хэрэгцээт зүйл нь нэг дор төвлөрчихсөн байдаг. Гэртээ байгаагаас ямар ч ялгаагүй. Тамирчид нь гэртээ харих бус гэр бүлийнхэн нь ирж уулздаг. Тиймдээ ч тэмцээн уралдаанд амжилт үзүүлэх нь их.
-Олимп дууссаны маргаашнаас л дараагийн олимпод бэлтгэдэг гэдэг шиг?
-Яг тийм. Тийм л орчин нөхцөл бүрдүүлж өгсөн байгаа юм. Бидэн шиг замын зардлаа яах вэ гээд толгойгоо өвтгөөд суухгүй шүү дээ.
-Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал хөөцөлдөж явсаар байтал тамирчдыг сэтгэлзүйн хувьд ч бэлтгэж амждаггүй байх?
-Тэгэлгүй яахав. Албан байгууллага бүрийн хаалга татаж мөнгө гуйж явсаар байтал сэтгэлзүй битгий хэл тэмцээний бэлтгэлээ ч сайн хангаж чаддаггүй. Гуйж гувшиж явсаар байгаад нэг юм бүтвэл онгоцонд орж суугаад л амьсгаа авдаг даа. Худалч хүнд замдаа л сэтгэлзүйгээ бэлддэг.
-Ихэвчлэн хувийн албан байгууллагууд тусалж дэмждэг гэсэн?
-Тиймээ, төр засгаас илүүтэй хувийн хэвшлийнхэн л биднийг анхаарч, дэмждэг. 2003 оны Азийн аваргад бидний зардлыг Эрүүл мэндийн яам гаргаж өгч байлаа. Мөн тухайн үеийн Биеийн тамир спортын агентлагийн дарга байсан Наранбаатар гуай манай эмэгтэй багийн зардлыг гарган өгч байсан. Энэ жил Мобиком корпорац бидэнд чамгүй тус болж байна. 159-700 гэсэн тусгай дугаар гарган өгсөн. Энэ дугаарт нэг мессеж ирэхэд мөнгөнийх нь 74 хувь нь бидэнд ирэх юм. Энэ мэт хувь хүн, албан байгууллагууд л ихэвчлэн тусалж дэмждэг дээ. -Дүүргүүд тамирчдынхаа зардлыг даах нь их. Баянзүрх, Сүхбаатар дүүрэг л гэхэд дүүргийнхээ харьяат тамирчдын буудал, хоол ундыг нь даах жишээтэй.
-Хариуцсан яам, төрийн байгууллагууд яаж байх юм?
-Сая ССАЖЯ-нд албан бичиг өгсөн юм. Уг нь, эрэгтэй эмэгтэй нийт 24 хүн явна гэж төсөвлөсөн ч хөрөнгө мөнгөний гачигдлаас болж найм, найман хүн явуулахаар яригдаж байна. Яаманд хүсэлт гаргасан ч зөвхөн хувцасны мөнгө л өгөхөөр болсон. 24 хүний хувцаст долоон сая гаруй төгрөг гэж тооцоолсон ч яамны зүгээс таван саяыг л олгосон. Гэхдээ чамлахаар чанга атга гэж бидэнд тус болж л байна. Ер нь, тус багаддаггүй юм билээ. Нэг хүн мянган төгрөг өгсөн чиг л бидэнд нэмэртэй шүү дээ.
-Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч бүхэл бүтэн яам таван сая төгрөг төсөвлөж байгаа нь арай л чамлалттай санагдаж байна?
-Олдож байгаа нь л энэ юм даа гээд чанга атгаад л явж байна. Уг нь, хувцасны мөнгө 7 сая 200 мянган төгрөг гэж төсвөө бичиж оруулсан юм. Гэвч, нөгөө мөнгө маань танагдаад таван сая болчихож байгаа юм.
-Хувцаснаас гадна нийт зардал мөнгө чинь хэд болж байгаа вэ?
-Нийт гэвэл нэлээн их тоо гарна шүү. Хамгийн багаар тооцоолоход л 70 гаруй сая төгрөгийн төсөв шаардаж байгаа юм. Энэ бол эрхийн төлөөх тоглолтын зардал шүү дээ. Олимп, дэлхийн аварга гэвэл үүнээс ч их гарна. Ер нь, багийн спорт чамгүй хөрөнгө мөнгө шаарддаг учир албан байгууллагууд төвөгшөөх нь их байдаг. Тэр ч бүү хэл бид өөрсдийн групп, нийгмийн даатгалын мөнгийг он дуустал урьдчилаад авчихсан тэмцээндээ зарцуулах гээд сууж байх жишээтэй. Холбоо байлаа гээд ямар ч ашиг орлогогүй учир бидэнд тус болчихоор юм байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй урлагийнхан тоглолт хийгээд мөнгө олчихдог. Харин бид хэчнээн тэмцээн уралдаан зохион байгуулаад ч энэ их мөнгийг олж чадахгүй шүү дээ.
-Танай холбоо хэзээ байгуулагдсан юм бэ?
-Анх Суугаа волейболын холбоо гэдэг нэрээр 1989 онд байгуулагдсан. Параспортын холбоод дотроо анхдагч нь юм. Хамгийн анхны тэмцээн маань 1991 онд “Буяны цом” нэртэйгээр Улаан-Үүдэд болж байлаа. Үүнээс хойш үзүүлсэн амжилт гэвэл цөөнгүй бий. 1994 оны Бээжинд болсон Азийн наадамд шагналт байранд орж байлаа. Мөн 1998 оны Тайландад болсон наадмаас мөнгөн медаль авч байсан. Энэ бол ердөө эмэгтэй шигшээ багийн амжилт. Манай эрэгтэйчүүд ч гэсэн өндөр амжилт үзүүлдэг. Одоо шинэчилсэн хуулиар томоохон тэмцээн уралдаанд байр эзэлбэл санхүүжилт өгдөг болсон нь бидний хувьд том давуу тал болж байгаа юм. Гэвч явъя, тив дэлхийн чанартай тэмцээнд оролцъё гэхээр хөрөнгө санхүүгийн асуудал чөдөр, тушаа болоод байна.