“SBL Хасын Хүлэг” клуб, сагсан бөмбөгийн улсын шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогттой ярилцлаа. Энэ жил 10 насны ой нь тохиож буй тус баг NBA-гийн алдартай тоглогчийг урихаас эхлээд цөөнгүй үйл ажиллагаа зохион байгуулж, багаа ч клубын системд шилжүүлж, сагсан бөмбөгийн спортод шинэчлэл эхлүүлээд байгаа юм.
-Супер лигт дөрөв дэх удаагаа түрүүлээд буй танай багийнханд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Гурван ч жил завсарласны эцэст лигийн аварга болсондоо баяртай байна. Лигт түрүүлснийхээ дараа хөгжөөн дэмжигчдийнхээ хамт парад хийлээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай багийнхныг хүлээн авч уулзаж, сагсан бөмбөгийн хөгжлийн талаар ярилцсан. Ерөнхийлөгч Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн Зүүн Азийн наадамд оролцсон амжилтыг сайшааж, бидэнд эрч хүч өглөө. Мөн цаашид сагсан бөмбөгийн холбоотой хамтрах талаар ч ярьсан. Бид 10 жилийн ойгоороо өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулаад, одоо өндөрлөх шатандаа ор оод байна.
-Ойгоо тохиолдуулж NBA-гийн домогт тоглогч Аллен Айверсоныг урьсан гэсэн. Хариу нь ирсэн үү?
-Уг нь, бид түүнд нэлээн боломжийн үнэ санал болгосон юм. Гэтэл гэнэт үнэ мөнгөө гурван дахин нэмчихсэн. Тиймээс энэ удаад түүнийг Монголд авчрах боломжгүй боллоо.
-Тэгвэл А.Айверсноос өөр тамирчныг урих уу?
-“Хасын Хүлэг” клуб Майкл Жорданы академитай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил тус академи Монголоос таван хүүхэд авч сургана гэж байснаа энэ жил 20 болж нэмсэн. Энэ мэтчилэн хамтын ажиллагаа, харилцаа холбоотой учраас Майкл Жорданыг Монголд урьсан. Хараахан хариу нь ирээгүй л байна. Энэ домогт тамирчныг Монголд иртэл нь тууштай хөөцөлдөнө.
-Танай клуб өсвөрийн эмэгтэй багтай болоод удаагүй байна. Тамирчдынхаа ур чадварыг хэр хөгжүүлж байна вэ?
-Уралдаан тэмцээнд оролцуулж, туршлага суулгаж л байна. Тэмцээнд оролцсоноор тамирчид өөрсдөө цаашид юун дээр анхаарах хэрэгтэйгээ мэдэж авдаг. Одоогийн 16, 17 настай өсвөрийн тамирчид ирээдүйн Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийг тодорхойлно. Тиймээс өсвөрийн тамирчдыг бүх талаар дэмжиж ажиллах хэрэгтэй.
-Улсын шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд сагсан бөмбөгийн спортын өнөөгийн хөгжлийн талаар дүгнээд хэлэхгүй юу?
-Монголын сагсан бөмбөг нэг үеийг бодвол хөгжиж байна. Тамирчдын ур чадвар жил ирэх тусам ахиж сайжирч байна. Супер лигийн тоглолтыг нэг үе хүүхэд залуус бараг л үзэж, сонирхдоггүй байлаа шүү дээ. Харин одоо тоглолт бүр спортын ордон дүүрэн үзэгчтэй болж болж байна. Энэ бол сагсан бөмбөгийн спорт хөгжиж байгаагийн нэг илрэл.
Гэхдээ энэ спортыг улам өндөр түвшинд хөгжүүлэхийн тулд манай багууд клубийн системд шилжих хэрэгтэй. Яагаад гэвэл клубээр дамжуулан хүүхэд, залуучууд мэргэжлийн түвшинд энэ спортоор хичээллэх үүд хаалга нээгдэнэ. Клубууд идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар ирээдүйн сайн сагсан бөмбөгчид төрж гарна.
-Клубын системд шилжсэн баг манайд байгаа юу?
- Хүлгүүд л байна даа. Бид “Хас” банктай удаан ярилцаж шийдсэний үр дүнд өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор клуб болж, тамга тэмдгээ гардаж авсан. Ингэснээр өсвөр, ахмад, дээд лигийн гээд бүх л насны багуудтай боллоо. Тодорхой хэмжээний уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргаад байна.
-Манай сагсан бөмбөгийн шүүгч, дасгалжуулагчдын ур чадварын тал дээр хааяа шүүмжлэл сонсогдож байдаг. Тэдэнд чиглэсэн сургалт, семинар цөөхөн байдаг юм шиг?
-Монголд дасгалжуулагч, шүүгчдийн ур чадварыг ахиулах сургалт цөөхөн л дөө. Манай баг АНУ-ын академитай хамтран ажилладаг гэж дээр дурдсан. Энэ дагуу АНУ-д болсон 12 орны дасгалжуулагч хамарсан сургалтад оролцсон. Зүгээр нэг юм сураад гардаг биш, түүнийгээ баталдаг, хамгаалдаг сургалт. Сайн хамгаалвал улс оронд нь хөнгөлөлттэй үнэ төлбөрөөр сургалт зохион байгуулж өгдөг юм. Манай багийн Чинзориг бид хоёр 2012 онд энэ сургалтад сууж, амжилттай хамгаалсан. Ингээд Монголд хот, хөдөө орон нутгийн сургуулиудын 150 гаруй багш, дасгалжуулагчийг хамарсан сургалт зохион байгуулсан.
-Сагсан бөмбөгийн хоёр холбоо нэгдэх талаар дуулдаж байгаад эцэст нь одоогийнхоороо үлдэх шийдвэр гаргажээ. Ямар шалтгаанаар больсон юм бол?
-Яагаад нэгдээгүйг сайн мэдэхгүй байна. Хувь хүмүүстэй л холбоотой байх. Гурван сая хүн амтай улсад нэг спортын хоёр холбоо байх нь зөв үү, буруу юу гэдгийг хүн бүр өөрсдийн байр сууринаас тодорхойлох байлгүй дээ.