Одоогийн Манчестрын их сургууль албан ёсоор 2004 онд шинэчлэгдэн байгуулагдсан боловч үндэс суурь нь тэртээ 1824 оноос эхтэй. Тэр үед байгуулагдсан Механикийн институт нь 1880 онд Манчестрын Виктория их сургууль болон өргөжин тэлжээ. Английн анхны иргэний сургууль болох Манчестрын Виктория их сургуулийг 2004 онд Манчестрын Шинжлэх ухаан Технологийн институттэй нэгтгэснээр улсынхаа хэмжээнд хамгийн том сургууль болон өргөжсөн юм. Одоо Манчестрт 500 гаруй академик хөтөлбөрөөр 40 гаруй мянган оюутан суралцаж,10 мянга орчим эрдэмтэн багш ажиллаж байна. Тус сургуульд элсэх гэсэн өргөдөл жил бүр 60 мянга давж байна.
Шинжлэх ухаан, судалгааны талдаа дэлхийд нэртэй энэ сургууль 2011 оны Дэлхийн их сургуулиудын академик рейтингээр 38-д, Европтоо зургаад, Их Британид тавд бичигдэж буй учраас элсэхийг хүсэгчдийн тоо ямагт ийм өндөр байдаг юм. 2015 он гэхэд дэлхийн 25 шилдэг их сургуулийн тоонд багтах зорилго тавиад байгаа Манчестрын их сургууль Их Британидаа бол Кэмбриж, Оксфордын хамгийн хүчтэй өрсөлдөгч. Энэ гурван сургууль олон арван үзүүлэлтээр өмнө, хойноо орж эрэмбэлэгдсээр ирсэн. Тухайлбал эрдэм шинжилгээ, судалгааны талдаа Манчестр дээрх хоёрын араас гуравт бичигддэг юм. Мөн нэг хичээлийн жилд дунджаар 800 сая фунтын орлого олж байгаа нь Кэмбриж, Оксфордын дараа гуравт орох үзүүлэлт.
Манчестр нь Их Британийн хамгийн том их сургууль боловч дөрөвхөн факультетэд хуваагддаг. Харин факультет нь дотроо анагаахын, хими, инженерийн, түүх, нийгэм, хүмүүнлэг, хуулийн гэсэн олон арван сургууль болон задардаг юм. Манчестрын их сургуулийн бас нэг онцлог бол бусад томоохон сургууль шиг хотхон хэлбэрээр зохион байгуулаагүй, хичээлийн байрууд нь хотын өөр өөр хэсэгт тархсан байдаг.
Дэлхийн хэмжээний томоохон сургуулиудыг нэр хүндийг илтгэх нэг зүйл бол баялаг номын сан байдаг. Тэгвэл Манчестрын их сургуулийн номын сан Жон Райландс нь электрон эх сурвалжийн баялаг сангаараа Их Британидаа тэргүүлдэг. Харин академик номын сангаараа бол Оксфорд Кэмбрижийн араас гуравт ордог юм. Манчестрын номын сангаас гадна музей нь ч арвин үзмэр цуглуулгатай. Энд нийтдээ 4.25 сая эд өлгийн зүйл хадгалагдаж байдаг.
Манчестрын их сургуулийн хамгийн том бахархал бол эндээс төрөн гарсан эрдэмтэн мэргэд, амжилтад хүрсэн төгсөгчид нь юм. Одоо Манчестрт Нобелийн шагналт дөрвөн эрдэмтэн ажиллаж байгаагийн зэрэгцээ энэ сургуулиас Нобелийн шагналт 25 эрдэмтэн төрснөөс цөөн хэдийг нь дурдвал орчин үеийн атомын онолыг үндэслэгч Жон Далтон, XX зууны нэртэй философичдын нэг Людвиг Уиттгенштейн, химийн инженерчлэлийн үндэслэгч Жорж Дэвис, радио астрономын пионер Бернард Лоувел нарыг нэрлэж болно. Энэ мэт эрдэмтэн судлаачдаас гадна Белизе, Исланд, Тринидад Тобаго, Израилийн Ерөнхийлөгч, Их Британи, Малайз, Канад, Сингапурын Ерөнхий сайд нар ч бас Манчестрын их сургуулийн төгсөгч юм.