Хэдэн жилийн өмнө Кембрижийн их сургуулийн мэргэжилтнүүд манай улсад ирж уг сургалтыг манай улсад нэвтрүүлж болох эсэх талаар судалж байв. Тухайн үед “Танайд маш их мэдлэгийн цуглуулга болсон хүүхэд хэрэгтэй юү, эсвэл байгаа мэдлэгээ зөв ашиглаад амьдралдаа хэрэгжүүлдэг хүүхэд хэрэгтэй юү” гэж асууж байсан гэдэг. Тэр бүү хэл танай улс хүүхдүүдийг хичээлийн агуулгаар их дарах юм. Хүүхдүүд эхний агуулгаа цээжилж амжаагүй байхад дараа дараагийнхыг нь оруулж ирээд ачааллаад байна. Хүүхдүүдийн танин мэдэхүйн хамгийн хэрэгтэй цаг болох бага ангид байхад нь маш хүнд агуулгаар хичээл заагаад байна. Бага ангийн хүүхдэд их мэдээлэл өгөх нь чухал биш. Өгсөн мэдээллийг нь хэрхэн ашиглах, суралцах арга барил суулгах нь чухал. Мөн анги дэвших тусам хүүхэд бойжилтоороо ачаалал даадаг болно. Тэр үед нь ачааллыг нь нэмэх ёстой хэмээн зөвлөж байжээ. Энэ бол манай улсад хэдхэн хоног саатсан гадны хүмүүсийн боловсролын тогтолцоонд өгсөн үнэлэлт байв. Тиймээс БСШУЯ энэхүү дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгддөггүй, хаана ч үнэлэгддэггүй боловсролын тогтолцоонд цэг тавьж, ерөнхий боловсролын сургалтын стандартыг Кембрижийн стандартад нийцүүлэхээр том үсрэлт хийж, нэвтрүүлж чадсан билээ. Үүгээрээ хүүхэд залуустаа дэлхийн аль ч сургуульд нүүр бардам суралцах боломжийг нь олгосон гэхэд болно. Түүгээр ч барахгүй хувийн сургуулиудын хэдэн мянган ам.доллараар олгож, боломжтой нь чанартай боловсрол эзэмшдэг гэсэн тогтолцоог халж чадсан юм. Гэвч дээр дооргүй л Кембриж гэж ярьж байгаа ч энэ талаар ойлголттой хүн маш цөөн байгаа юм. Тиймээс энэ удаад Кембриж стандарт гэж яг юуг хэлээд байгаа юм, ямар сургуулиудад хэрэгжиж, ямар арга барилаар хичээлээ заадаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр зорилоо.
Кембрижийн стандартын онцлог
Дэлхий дээр Женевийн болон Кембрижийн гэсэн боловсролын хоёр том стандарт бий. Кембрижийн стандартын онцлог нь үндэсний боловсролын тогтолцоог хүлээн зөвшөөрдөг бол Женевийнх зөвхөн өөрийн тогтолцоог тулгадаг аж. Мөн Кембрижийн стандарт нь үндэсний тогтолцоон дээр гадаадын зарим тогтолцоог нэмэх боломжтой гэнэ. Бас нэг онцлог нь дунд сургуулийн дөрөв дэх жилдээ гэхэд нэмэлт түргэвчилсэн хичээл, тав дахь жилд нь ерөнхий эрдэм болон нэмэлт мэдлэг зэргийг үздэг аж. Мөн хичээлүүдээ англи болон тухайн сонгосон орны хэл дээр давхар үзэх боломжтой юм байна.
Олон улсын гурван лаборатор сургуульд 320 хүүхэд сурдаг
Өнөөдрийн байдлаар манай улсад олон улсын хөтөлбөрөөр хичээллэж буй “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван лаборатор сургууль үйл ажиллагаа явуулж байна. “Шинэ эрин” сургуулийн хувьд 160 сурагчтай бол “Шинэ эхлэл” 120, “Монгол тэмүүлэл” 40 сурагчтай юм билээ. Гэхдээ нэг ангид 20-иос илүүгүй сурагчтай байх нь Кембрижийн стандарт юм. Хамгийн гол нь Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн хувийн сургуулиуд ангиасаа хамаараад 5000-8000 ам.долларын төлбөртэй байдаг бол энэхүү гурван төрийн өмчит сургуулийн сурагчид нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй суралцаж буй.
Хэл соёлоо өвлөхийн зэрэгцээ олон улсын төвшинд суралцана
Олон улсын хөтөлбөрөөр шалгалт өгөх 11 төрлийн хичээлээ англиар заадаг байна. Жишээлбэл, математик, хими, физик, биологийн хичээлээ англиар заадаг аж. Өөрөөр хэлбэл, эдгээр хичээлээ англи хэлээр, олон улсын хөтөлбөрөөр, гадаадын сурах бичгээр үздэг гэсэн үг юм. Харин Монголын газар зүй, монгол хэл, монгол бичиг, түүх, уран зохиол нийгмийн хичээлүүдээ монгол хэлээр заадаг юм билээ. Тиймээс үндэсний хэл соёлоо өвлөхийн зэрэгцээ олон улсын төвшинд суралцах нь Кембрижийн хөтөлбөрийн гол онцлог нь гэж ойлгож болох нь. Харин тухайн сурагч өөрөө олон улсын шалгалт өгөх 11 хичээлээс зургаа хүртэлхийг нь сонгох эрхтэй. Мөн эмч болохоор шийдсэн хүүхэд хими, биологийн хичээлээ түлхүү үзэх боломжтой аж.
Заах арга нь юугаараа ялгаатай вэ
Сурагчдын хувьд үздэг хичээлээ л үзнэ. Ялгаатай зүйл нь сурагч төвтэй сургалт гэдэг ойлголт руу л шилжих юм. Эцэг, эхчүүдэд ойлгомжтойгоор тайлбарлахын тулд жишээ авъя. “Дэлхийн нэгдүгээр дайныг хэн эхэлсэн бэ” гэдэг асуултад өмнө нь багш нь тэр улс эхлүүлсэн гээд хариултыг нь хэлчихдэг байсан шүү дээ. Одоо бол хүүхдүүдийг өөрсдөө бод. Герман Оросыг эхлүүлсэн гэж хэлдэг, Орос болохоор Германыг эхлүүлсэн гэдэг. Чиний бодлоор аль нь эхлүүлсэн байна вэ гээд хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлж, өөрөөр нь дүгнэлт хийлгэж байгаагаараа давуу хэмээн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр энгийн боловч тодорхой хариулт өгөв.
Хичээл нь хэрхэн явагддаг вэ гэж үү
Магадгүй уншигчид маань хичээлээ хэрхэн заадаг талаар сонирхож байж болох. Тиймээс “Шинэ эрин” сургуулийн захирал Б.Амартүвшин Монголын түүхийн хичээл хэрхэн зааж байсныг нь сонирхуулъя. XIII зууны үеийн түүхийг заахын тулд тэрээр ном уншиж, ярьж танилцуулаагүй юм. Компьютерт суулгассан программаас Их Монгол Улсын байлдан дагууллын үеийн киноны хэсгээс харууллаа. Цахим дэлгэц дээр ажиллаж байсан учир багш хөдөлмөрийн багаж зэвсэг болох самбар, шохой, шугам хэрэглэсэнгүй. Ийн бодит байдлыг сурагчдад үзүүлснээр хичээлийг сонирхолтой болгох, багшийн ажлыг хөнгөвчлөх зэрэг давуу талтайг харуулж байсан юм. Харин химийн хичээл дээр төрөл бүрийн томъёо бичүүлэх биш бодис найруулж урвал үүсгэх туршилт хийдэг байна. Мөн байгалийн ухааны хичээл дээрээ холбогдолтой туршилтуудаа интернэтээс шууд татаад үзчих жишээтэй.
Олон улсын болон Үндэсний лаборатор сургуулийн ялгаа
Зарим хүн Кембриж хөтөлбөр гэдгийг нь ч ойлгож амжаагүй байхад Олон улсын лаборатор сургууль, Үндэсний лаборатор сургууль гэж яриад толгой эргүүллээ гэдэг. Тэгэхээр энэ хоёр сургууль хоорондоо ямар ялгаатай болохыг нь сонирхуулъя.
Үндэсний лаборатор сургууль гэдэг нь монгол хэлээр хичээллэж байгаа хөтөлбөрүүдийг Кембрижийн стандартад шилжүүлж, үүнийг бусад сургууль, багш нарт зааж сургаж байгааг хэлж буй. Өнөөдрийн байдлаар аймаг тус бүрт нэг, Улаанбаатарт ес, нийтдээ гучин сургууль байгуулахаар болсон. Тиймээс Архангай аймгийн нэг сургуулийг Үндэсний лаборатор сургуулиар сонгосон байлаа гэхэд тэнд бусад сургуулийнх нь багш нар ирж, шинэ заах аргаас нь суралцах юм. Сурсан багш нар нь 2014 он гэхэд өөрийн сурагчдад шинэ аргаараа хичээлээ зааж эхэлнэ. Гэхдээ дээрх 30 сургуулийг шалгаруулахын тулд тодорхой шалгуур тавьж сонгосон гэнэ. Тэр бүү хэл аймаг, дүүрэг нь менежментийн шинэ арга туршлага хүлээж авах сонирхолтой эсэх, сургуулийн амжилт, сурлагын дундаж дүн зэргийг нь харгалзан үзжээ. Эдгээр сургуульд сурахыг хүссэн хүүхэд бүр харьяаллынхаа дагуу суралцах боломжтой. Харин Олон улсын лаборатор сургууль нь үндэсний хөтөлбөрөө хүүхдэд заахаас гадна дээрээс нь Кембрижийн хөтөлбөрөөр нэмэлт хичээл орно. Тодруулбал, одоо үйл ажиллагаа явуулж буй гурван Олон улсын лаборатор сургуулийн хүүхдүүд хос хэлний боловсролтой болж төгсч гарахаас гадна үндэсний болоод Кембрижийн гэсэн хоёр гэрчилгээ гардах юм.
Казах хүүхдүүд санаа зоволтгүй
Баян-Өлгий аймгийн хоёрдугаар сургууль лаборатор сургуулиар сонгогджээ. Уг сургуульд зориулж тусгайлсан хөтөлбөр гаргах гэнэ. Тус аймагт Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, казах хэлний сектор гэж тусад нь байгуулахаар болжээ. Мөн бага ангийнханд нь өөрийнх нь унаган казах хэлээр нь хичээл заах бол дунд, ахлах ангиас нь эхлээд хичээлийг нь аажимдаа монгол хэл рүү шилжлүүлэх гэнэ. Ингэснээр хүүхдүүд нь төгсч гарахдаа бусад хүүхдийн адилаар ЭЕШ өгөх чадвартай болно гэж салбарын удирдлагууд нь үзсэн байна.
Манай улс тэнцэх эсэх нь анхдагчдаас шалтгаалах нь
Манай улс Кембрижийн сургалттай танилцаад удаагүй байна. Ямартай ч стандартад нь тэнцэх эсэх нь одоо сурч буй анхдагч сурагчдын хичээл зүтгэл, авьяас чадвараас шалтгаалах гэнэ. Тэдний хувьд зургадугаар сард олон улсын хөтөлбөрийн хичээлээр шалгалтаа өгөх юм билээ. Харин дүн нь есдүгээр сард гарах аж. Энэ шалгалтад тэнцэж чадвал манай улс анх удаа Кембрижийн их сургуулийн сүлжээнд төрийн өмчийн сургуулиа бүртгүүлнэ гэсэн үг. Түүгээр ч барахгүй гадаадын их, дээд сургуулиудын бэлтгэл сургуульд орох боломж нь нээгдэх юм байна. Мөн манай улс 2017-2018 оны хичээлийн жилд Кембрижийн их сургуулиас улсын хэмжээнд энэ систем рүү шилжиж чадах уу гэсэн үнэлгээ хийгдсэний дараа тэнцсэн тохиолдолд ерөнхий боловсролын гэрчилгээ нь Кембрижийн IJS-ийн шалгалттай дүйх гэсэн бичиг хэрэглэх эрхтэй болж, дэлхийн 4000 гаруй их, дээд сургуульд шууд элсэх эрхтэй болох нь.
Энэ жилийн элсэгчдийн шалгалтыг наймдугаар сард авна
Хамгийн эхний лаборатор сургуульд ес дүгээр ангиас нь хүүхдүүд авч сургаж байсан билээ. Энэ нь бэлтгэгдсэн багш нарын нөөц бага байсантай холбоотой гэдэг. Одоо бол “Монгол тэмүүлэл” ес дүгээр ангиас нь, нөгөө хоёр сургууль нь долдугаар ангиас эхлэн элсүүлж буй аж. Гэхдээ олон улсын лаборатор сургуульд элсэх анги доошилсоор дөрөвдүгээр ангиас нь авдаг болно хэмээн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр ярив. Энэ жил элсэх сонирхолтой хүүхдүүдэд дуулгахад англи, монгол, математикийн хичээлээр наймдугаар сард шалгалт авахаар төлөвлөжээ. Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулж их, дээд сургуулийнхтай адил шалгалт авах аж. Гэхдээ хүүхдүүдийн нэрээр биш хувийн дугаараар нь, авсан оноогоор нь жагсаалт гаргаж тэнцсэн нэгэн нь дээрх сургуулиудад сурна гэсэн үг юм. Ямартай ч “Ямар нэгэн ар өврийн хаалгаар хүүхүүдийг оруулдаггүй, хэрвээ ийм байдал бий болбол туршилт маань өөрөө нурчихна шүү дээ” хэмээн салбарын сайд нь учирлаж байна билээ.