Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАРВАРД ТӨГССӨН, ОСКАРЫН ШАГНАЛТ Натали Портман

Тэр одоо 29 настай ч кино ертөнцөд хөл тавиад аль хэдийнэ 15 жилийг үджээ. Энэ хугацаанд тэрээр адал явдалт /Star Wars/, инээдмийн /Garden State/, романтик / My Blueberry Nights/ , түүхэн /The Other Boleyn Girl/ сэтгэлзүйн аймшгийн /Black Swan/ гээд төрөл бүрийн кинонд тоглож, анхны киногоо ч /Eve/ найруулж амжжээ.



Энэ бүх уран бүтээл нь түүнд кино ертөнцийн хамгийн хүндтэй шагнал болох “Алтан бөмбөрцөг”, “Оскар”, БАФТА-гийн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авчирч, Каннын кино наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан хамгийн залуу жүжигчин болгосон юм. Кино урлагт олсон энэ өндөр амжилтын хажуугаар Харвардын их сургуулийг сэтгэлзүйч мэргэжлээр амжилттай дүүргэсэн, дээр нь франц, япон, герман, араб хэлээр ярьдаг нь алдар нэрийн хойноос хэт хөөцөлдөж, жаргалдаа ташуурсан Холливудын зарим одтой харьцуулшгүй өндөр боловсрол гэж хэвлэлийнхэн үнэлдэг. Тэрээр боловсролтай байхыг эрхэмлэдэг учраас анх Харвардад суралцах гэж байхад нь гарч байсан “жүжигчний карьераа үгүй хийлээ” гэсэн үзэгчдийн шүүмжлэлд “Би кино од байхын оронд боловсролтой байхыг илүүд үзнэ” гэж хариулж байв.

Натали өндөр боловсролоороо еврей үндэстэн оюун ухааны өндөр чадвартай гэдгийг баталсан юм. Наталигийн эцэг нь еврей хүн, тэр өөрөө ч Израильд төрсөн юм. Хэдийгээр тэрээр гурван настайдаа АНУ-д ирсэн ч Израилийг эх орноо гэж боддог. Тиймдээ ч одоо хүртэл хоёр улсын давхар иргэншилтэй хэвээр байгаа гэнэ.  Тэрээр еврейн шашин, соёлдоо ч маш үнэнчээр ханддаг бөгөөд хүүхдээ ч бас төрөлх шашнаараа хүмүүжүүлэхээр зэхжээ.

Натали бүр багаасаа кино урлагт хөл тавьсан ч “Оддын дайн”-д тоглох хүртлээ  жүжигчин болно гэдэгтээ итгэлтэй байгаагүй гэнэ. Анх 11, 12-тойдоо та бидний сайн мэдэх “Леон” кинонд тоглохдоо л жүжигчин байх нь сонирхолтой л юм гэж бодож, хобби мэтээр санаж байснаас ингэтлээ кино ертөнцөд дурлана гэж төсөөлөөгүй явсан гэдэг. Харин энэ кинонд тоглосноор кино ертөнцтэй холбохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ. Натали Портманыг “Леон” кино олон нийтэд таниулж өгсөн ч тэр бүр үүнээс өмнө урлагтай холбогдсон байжээ. Дөрвөн настайгаасаа бүжгээр хичээллэж эхэлсэн түүнийг 10 настай байхад нь гоо сайхны “Revlon” компани модель болох санал тавьсан ч тэр жүжигчний ажилдаа илүү татагдаж, өдрийн ихэнх цагийг сургуулийнхаа театрт өнгөрүүлдэг байсан гэдэг.

Өнгөрсөн он Натали Портманы карьер, хувийн амьдралын аль алиных нь хувьд оргил үе байлаа.  Тэрээр “Хар хун” кинонд жүжигчний уран чадвар шаардсан дүрд тун чадварлаг тоглосноор барууны кино наадмуудын хамаг шагналыг хүртсэн билээ. Тэрээр Оскарын шагнал хүртсэнийхээ дараа “Энэ шагналыг авсан минь нэр төрийн хэрэг. Гэхдээ тоглосон кино маань үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, ямар нэг мэдрэмж, сэтгэгдэл үлдээх л жүжигчин хүний хувьд хамгийн сайхан баяр” гэж хэлсэн нь алдар, нэр хүндээс илүүтэй жүжигчний ур чадварыг чухалчилдаг болохыг нь харуулсан юм.

 “Хар хун” кино түүнд Оскарын шагналаас илүүтэй сүйт залуу, хүүхэд бэлэглэсэн учраас гарцаагүй хамгийн хайртай бүтээл нь болсон биз ээ. Тэрээр кинонд тоглох үеэрээ Бенжамин хэмээх франц залуутай учирч, сүй тавин, киногоо дуусмагц бие давхар болсон юм. Хэрвээ та санаж байгаа бол киноны нэг хэсэгт “чи энэ бүсгүйтэй унтахыг хүсч байна уу” гэхэд “өө, үгүй ээ” гэж хэлдэг нэг залуу гардаг шүү дээ. Тэр бол Бенжамин. “Хар хун” киноны бүжиг дэглээчээр ажилласан Бенжамин  Наталитай хамтдаа бүжиглэж, дасгал сургуулилт хийж байхдаа бие биедээ татагдан дурлажээ.

 “Хар хун” Наталигийн мөрөөдлийн дүр нь байжээ. Учир нь, тэр багадаа 12 хүртлээ балетаар хичээллэж байгаад кино урлаг руу урвачихсан учраас бага насныхаа мөрөөдлийг биелүүлж, бүжигчин хүний дүрд тоглохыг хүсч явдаг байж. Харин найруулагч Даррен Аронофскийд энэ гайхалтай киноны санаа төрснөөр түүний мөрөөдөл биеллээ олжээ. Гэхдээ тэрээр мөрөөдлөө биелүүлэх гэж чамгүй хүнд сорилтыг давж гарсан юм. Түүнтэй хамт бүжгийн багш, дасгалжуулагч, бүжиг дэглээч гээд бүхэл бүтэн баг ажиллаж, киноны зураг авахаас жилийн өмнө зургаан сарын турш өдөр бүр хоёр цагаар бүжгийн үндсэн бэлтгэл хийжээ.  Харин дараагийн зургаан сард нь өдөрт таван цагаар хичээллэж, киноны зураг авч эхлэхээс хоёр сарын өмнө жинхэнэ балетын хөдөлгөөнөө заалгаж, өдөрт найман цаг дасгал сургууль хийдэг болсон байна. Натали “Хар хун”-д мэргэжлийн балетчины дүрийг гаргахын тулд ингэж бүтэн жил шаргуу хөдөлмөрлөсний хүчээр киноныхоо хамгийн хүнд элементүүдтэй хэсгээс бусдад нь өөрөө бүжиглэж, бас 10 килограмм туржээ. Тийм болохоор ч киноны найруулагч нь Наталиг “Турсны ачаар Бенжамин чамайг тоосон байх шүү” гэж хошигнодог гэнэ.

Натали нууцлаг байдлаараа Холливудын оддоос ялгардаг. Тэрээр хувийн амьдралаа ямагт хэвлэлээс нууцалж, кинонд тоглохоос бусад үедээ маш эгэл даруухан амьдардаг.  Цагаан хоолтон болоод 20 жилийн нүүр үзэж байгаа тэрээр нүүрээ будаж, гоёж гоодох ч дургүй, элдэв чимэггүй, энгийн байдалдаа дуртай. Тэр хэдий өнөө үеийн Холливудын хамгийн алдартай оддын нэг ч гэлээ анхаарлын төвд байх дургүй учраас Холливудын оддын хотхонд амьдардаггүй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан