Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
А.Мэргэн: Ахмад тамирчдын асаасан галыг унтраачихгүй авч явна

-Тивийн хэмжээний то­моо­хон тэмцээн учир тодор­­­­­­хой шалгуураар орсон байх?
-Хамгийн хүнд шалгуур гэвэл гэр орондоо очилгүй удсанд л байна. Манай тамирчид бүгд л хоёр сар гаруй бэлтгэл, сургуулилалт хийж байгаад явсан. Оросын Чита хотноо хоёр долоо хоног бэлтгэл хийсэн. Мөн “ГОК”-ын баазад биеийн хүчний бэлтгэл ханган, хоёр сар гаруй байрлаж байгаад шууд л Абу-Даби руу ниссэн. Бэлтгэлийн хажуугаар элдэв тэмцээн уралдаан гэсээр арваннэгдүгээр сараас хойш тасралтгүй зүтгэсээр өнөөдөртэй золголоо. Тиймдээ ч хамгийн том шалгуур гэр бүлийнхнээ санасан сэтгэл байлаа. Харин тэмцээний хувьд нийт 12 багаас хагас шигшээд зургаа нь тунан үлдэж түүнээсээ медальт байруудаа шалгаруулдаг. Үлдсэн зургаан багаас шалгаран шилдэг гурвын нэг боллоо.

-Хамгийн хүчирхэг баг хаанахынх байв?
-Хятадын Тайванийн баг үнэхээр сайн бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүнтэй  байлаа. Мөн хоёрдугаар байрт орсон Арабын баг ч сайн.

-Учраа болгонтой өөр өөр тактикаар тоглосон байх. Тэр бүрт багийн ахлагчийн хувьд та өөрөө төлөвлөлтөө гардсан уу?
-Хоккей бол багийн спорт. Тиймдээ ч бүх л асуудалд нэг хүн байсан ч багийн байр сууринаас хандах нь зөв. Стратеги, тактикаа боловсруулахад хүн бүрийн л хувь нэмэр орсон. Мөн, хоккейн спорт харьцангуй өргөн бүрэлдэхүүн, коммандтай учир гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай манай улсаас хорь гаруй хүн бүрэлдээд, нэгэн цул болоод явна гэдэг их том амжилт.

-Танай хамгийн залуу тоглогч хэдэн настай вэ?
-Хамгийн бага нь 19-тэй.  Дунджаар 24-25 настай л байна даа.

-Бүгд өөр өөр багийн тамирчид гэж сонссон?
-Тийм, ер нь манай лигт зургаан баг байгаа. Дархан, Ша­рын гол, Эрдэнэтийн багаас гадна “Хасын Хүлгүүд”, “Голомт”, “Багануур” гэсэн багаас шигшигдсэн залуус л саяын Азийн цомын багийг маань бүрдүүлсэн дээ. Би өөрөө “Хасын хүлгүүд”-д тогло­­дог. Сая манай багаас дөрвөн хүн Спортын мастер цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Мөн “Багануур”-аас хоёр хүн авсан.

-Энэ удаагийн тэмцээн халуун оронд болсон нь онцлог байлаа. Мэдээж манай тамирчдын бие орга­низм болоод сэтгэлзүйд цаг агаар нөлөөлсөн байх?
-Тэгэхээс ч өөр аргагүй. Халуун оронд очихоор юу юугүй л бие хөөчихөж байгаа юм. Манай монголчууд ер нь хүйтнийг давчихдаг юм байна шүү дээ. Харин халуун л их хэцүү юм байна. Бид хүйтэн нойтонд нь сайн дасан зохицож чаддаг бол халууны аргыг олоход хамаагүй бэрх санагдсан. Гэхдээ биднийг очих үеэр бүр айхтар халууны улирал нь таараагүй. Зочид буудалдаа агааржуулагчаа бараадаад л сууж байлаа /инээв/. Биеийнхээ давс, усыг алдчихгүйг хичээн, тэр тал дээр арга хэмжээ сайн авсан.

-Хойд хөршөөс баг оролцсон уу?
-Орос Евро-Ази тив гэж явдаг ч энэ тэмцээнд оролц­доггүй харин ирэх тавдугаар сард дэлхийн чанартай том тэмцээн хойд хөршийн Минскт болно. Манайх тэр тэмцээнд оролцохгүй.

-Нийт хэчнээн хүний бү­рэл­­дэхүүнтэй яваад ирэв ээ?
-23 тамирчнаас гадна эмч мэргэжилтнүүд нэмэгдээд 27 хүн явсан.

-Та дасгалжуулагчаас гад­на хаалгач. Бас гадаад харил­­цааны ажлаа амжуул­сан гэсэн. Нэлээн ачаалалтай л ажиллаж дээ?
-Яахав ээ, чадах ядахаараа л зүтгэлээ. Дан ганц би ч биш ма­­най шигшээ багийн бүх л та­мирчин, дасгалжуулагч багш нарын хөдөлмөрийн үр дүн гарлаа.

-Сая салбарын яамнаас хү­лээн авч уулзлаа, мөн өв­лийн спортын ордонтой болох тухай баяртай мэдээ ч сонслоо?
-Сэтгэгдэл үнэхээр өн­дөр байна. Өвлийн спор­тыг дэмжих талаас нь зарлиг гаргасан төр, түмнээ толгойлж буй Ерөн­хий­­лөгчдөө баярлалаа. ССАЖЯ-нд өвлийн ордон барина гэсэн зураг тө­сөл нь яригдаж байна. Энэ ажил удахгүй хэрэгжээд эхлэх байх. Хэрэв тэгвэл хүүхдүүдийг уриалан дуудаж спортод дуртай болгох талаас манай холбоо ч хийхээр төлөвлөсөн ажил багагүй бий. Одоогийн хүүхдүүдийг компьютер тоглоом их тоглож байна гэж зэмлэх нь их байдаг. Гэтэл цагийг зөв, боловсон өнгөрөөх нөхцөл боломж нь бүрдээгүй байна шүү дээ. Өвлийн спорт, тэр дундаа хоккейн спортоор багаасаа хичээллэсэн хүн чийрэгждэг, эрүүл саруул байдаг. Ер нь, хоккей бол эр зоригийн спорт юм. Цохиураар цохиж буй шайб 100 гаруй км/цагийн хурдтай байдаг бол тоглогчийн хурд 40-50 байх жишээтэй. Мөсөн талбай дээр жинхэнэ эрчүүд гардагийн хувьд чин шударгаар нударга зөрүүлэх нь ч бий. Тиймдээ ч эр хүнийг жинхэнэ эр хүн болгон хатуужуулдаг спорт.

-Манай тамирчид бие бялдарын хөгжлийн хувьд энэ спорт өндөр хөгж­сөн орны тамирчдаас дутахааргүй санагдлаа?
-Хамаагүй илүү. Бие бялдар, сэтгэлзүй, хурд хүч, гулгалт, шайб эзэмшилт, техни­кийн хувьд манайхан хавь­гүй илүү байдаг. Гэвч, материаллаг бааз хангалтгүйгээс болоод бэлтгэл тасалдах үе их. Тиймдээ ч бид хүрэл дээр буучихаад байх шиг санагддаг юм. Зундаа тоглох боломжгүй учир бидний хувьд энэ спорт улирлын чанартай болчихоод байгаа юм. Угтаа, өвлийн ордонтой бол бид бэлтгэлээ тасалдуулахгүй, форумаа ч алдахгүй шүү дээ.

-Халуун оронд тэр тусмаа сая дэвжээнд нь хүч үзээд ирсэн Абу Дабид энэ спорт хэр хөгжсөн байх юм?
-Мэдээж дулаан орон учир заалтай байж л давуу тал болно шүү. Бидэнтэй харьцуулахад материаллаг баа­зын хангамж сайтай, илүү төв­шинд хөгжиж чадсан нь ха­рагдсан. Халуун дулаан орон учир хүүхэд залуус нь мөс, цастай спортыг ихэд со­нирхдог нь ч анзаарагдсан. Тийм­­­дээ ч энэ удаагийн тэм­­­­­­­­цээнд Арабын баг хоёрдугаарт шалгарсан болов уу. Арабид халуун нь +40 гарч байлаа ч тамирчид нь зааландаа тоглож л байгаа юм. Харин манайх 11-3 сар хүртэл тоглоод л болдог.

-Орост очиж бэлтгэл хийсний учир нь ердөө л энэ байх нь?
-Тийм, Эрдэнэтийн “ГОК”-д байх баазад байрлаж байгаад Оросын Чита руу автобусаар явж тэндээ хоёр долоо хоног бэлтгэл хийсэн.

-Түрүү жил мөн адил хүрэл медаль авч байсан байх аа?
-Тэгсэн, түрүү жилийн Тай­ландад болсон Азийн цо­­­­­­­­­­­­­­­­­­­­моос мөн л хүрэл авсан. Энэ жил амжилтаа ахиулчихъя гэсэн арай л болсонгүй. Гэх­дээ бүгд л амжилтаа ахиулж алхам урагшилна гэж сэтгэл гарган зүтгэсэн. Тэр дундаа ма­най дасгалжуулагч Энхбат хүүх­­­­­­дүүдтэй маш сайн ажилласан.

-Азийн цомын аварга хок­кейн спортдоо зэрэглэ­лээ­­­­­­­­­­­рээ нэлээн дээгүүрт орох байх?
-Өндөр зэрэглэлтэй тэмцээн. Ер нь, оролцож байгаа орны тоо ч сүүлийн жилүүдэд олширч байна. Тэр ч бүү хэл халуун орны тамирчид, Кувейт, Араб, Катар гээд Азийн улс орнуудыг нэрлэж болно. Дулаан уур амьсгалтай гэвэл Хонконг, Сингапур, Малайз гээд бүгд байна. Тиймээс өвлийн улиралтайн хувьд манай оронд энэ спортыг орхигдуулж хэрхэвч болохгүй. Манайд тийм ч шинэ спорт биш. Үүсэл хөгжлөөр нь авч үзвэл 1960-аад оноос эхлэлтэй. Тухайн үеийн ахмад тамирчдын асаасан галыг одоо хүртэл унтраачихгүй авч явна. Цаашид улам хөгжүүлэх талаас нь хамтран ажиллах хэрэгтэй гэж боддог.

-1960-аад оноос үүсэлтэй гэлээ. Үүсэл хөгжлийн түүхэндээ хамгийн оргил гэж хэлж болохуйц үе нь хэзээ байсан юм бол?
-1990 оноос хойш нийгэм цаг үе солигдсоноос хойш буюу 1998-2003 оны хооронд хоккейн спорт тэр чигтээ унтарсан гэж хэлж болно. Тоглосон ч хүн байхгүй, тоодог ч хүн байхгүй байж. Угаасаа, улс орны эдийн засгийн байдал ч ямар байлаа даа. 2003 оноос хойш аар саархан явж байгаад сая 2011-2013 оны хооронд ид хүчээ авч жинтэйхэн хөгжиж эхэлж байна. Бусад улс орны тамирчид нэлээн шоконд орсон. Монгол Улсыг Азийн наадмаас хоёр ч удаа хүрэл медалийг нь зулгаачихна гэж хэн ч төсөөлөөгүй.

-Битүү морь байж дээ?
-Яг л тийм, битүү морь байсан гэж болно. Тийм удаан хугацаанд унтаа, унтарчихсан байсан спортын төрлөөр гэнэт цойлсон болохоор битүү морь гэхээс өөрцгүй.

-Хоккейн спортын та­мир­чид гар зөрүүлдэгээрээ алдар­тай. Энэ удаагийн тэм­цээнд тийм зүйл хэр их тохиолдов?
-Мэдээж эрчүүд болохоор тийм юм бололгүй л яахав. Мөргөлдөж түлхэлцэхээс аваад зодолдох нь цөөнгүй. Хам­­гийн сүүлд манай нэг тог­­логч зодолдсоноосоо бо­лоод талбайгаас хөөгдсөн тохиол­дол ч гарсан. Энэ нь өрсөлдөгчөө бэртээж гэмтээе гэсэн санаагаар бус ерөөсөө л байр суурь, эрх дарх, зангарагаа илтгэж буйн хэлбэр. Энэ хүрэл медалийн төлөө, Монгол Улсынхаа төлөө хийж байгаа бидний ажил юм. Хоккей их шар хөдлөхөөр контакт их үүсдэг спорт.

-Ямартай ч, эх орны­хоо төлөө мөсөн дээр спортоороо ч тулалдаж?
-/инээв/ Тиймээ, энэ бол их спортод байдаг л зүйл. Тэм­цээний үеэр бэртэл гэмтэл гар­сангүй, хүүхдүүд сайн ч тоглосон.

-Залуу тамирчдын цаа­шид хөгжиж дэвжих чиг ханд­лагыг хэрхэн харж байна?
-Сайн сайн, манай залуухан шижигнэсэн тамирчид үнэхээр сайн байгаа. Хүүхэд залуус ч их сонирхож байна. Аймаг, сум бүрийг өвөлд нь котоктой болгох аян ч өрнүүлж байгаа. Саяхан л улсын хэмжээнд дөрвөн багтай байсан бол одоо 11 болчихсон байна шүү дээ.

-Та энэ спортоор хэзээ­нээс хичээллэж эхлэв?
-Миний хувьд хар багаа­саа л шайбтай хоккейд дур­лаж, хичээллэж эхэлсэн. Одоо хамгийн ахмад тамир­чин­­­даа орж байх шив дээ.

-Нууц биш бол та хэ­дэн настай вэ. Хоккейн тамир­чид харьцангуй орой спортоо орхидог шүү дээ?
-38-тай. Хоккейн спортын хувьд харьцангуй ахмаддаа орно. Ер нь, 30 гарч яваа тамирчныг “харьж яваа” гэх нь ч бий . Миний хувьд энэ спор­тод элэгтэй, үнэхээр хайртай учир л өнөөг хүртэл тоглосоор ирлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан