Монгол Улсын шайбтай хоккейн шигшээ баг Азийн цомын аварга шалгаруулах VI наадамд гутгаар байр эзэлж хүрэл медалиар энгэрээ мялааж эх орныхоо нэрийг өндөрт өргөөд өчигдөр гэртээ ирлээ. Ази тивийн мөсөн дэвжээнд аваргуудтай хүч үзэн алт биш ч хамгийн их үнэ цэнээр олддог хүрэл медаль хүртсэн тамирчдыг ирсэн даруйд нь ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотноо гуравдугаар сарын 16-22-нд болсон 30 дахь удаагийн Азийн цомын аваргад нийт 12 орны баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай баг алтан медалийн эрхийн төлөөх тоглолтод Арабын багт 3:1-ийн харьцаатай хожигдон хүрэл медалийн болзол хүртсэн аж. Юутай ч, аливаа спортын амжилтын үндэс материаллаг бааз, хангамж, хөрөнгө оруулалтаас шалтгаалах нь бий. Бүтэн жилийн дөрвөн сард нь л бэлтгэл хийж байсан ч тив, дэлхийн тэмцээнд тэргүүлэн оролцсоны хувьд манай шигшээ багийн тамирчид баатрууд билээ. Баатруудаас гадна хэний ч төсөөлөөгүй Монголын шигшээ Азийн цомын аваргаас хоёр жил дараалан хүрэл медаль хүртсэн нь олон ч улс орны тамирчин, мэргэжилтнүүдийг гайхшруулсан сурагтай. Ийм л “битүү морь” өвлийн дөрөвхөн сардаа гадаа талбайд бэлтгэл хийн тивийн хэмжээний томоохон дэвжээнээс хоёр ч удаа медаль хүртсэн нь бахдам амжилт. Цаашдаа ч хоккейн спортын хөгжлийг дэмжиж тэтгэвээс дэлхийд цахиур хагалах буй заа.
Баатруудыг салбарын яам нь хүлээн авч нэр бүхий зургаан хүнд Спортын мастер цол тэмдэг олголоо. Энэ үеэр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хэлсэн үгэндээ “Манай улсад өвлийн спорт өндөр хөгжих боломжтой. Тиймдээ ч бид битүү дээвэртэй өвлийн спортын ордонтой болох саналыг Засгийн газарт өргөн барьж, концесын гэрээгээр бүтээн байгуулахаар болсон. Эхний ээлжинд газраа шийдсэн. Харин одоо зураг төслийн ажлыг нэг мөр болгохоор ажиллаж байна. 2016 он гэхэд бид ямар ч байсан ордонтой болно” хэмээн мөсөн спортынхонд чихний чимэг болсон сайхан мэдээ дуулгасан юм. Мөн багийн ахлах дасгалжуулагч, хаалгач А.Мэргэний их спортод оруулсан хувь нэмрийг үнэлж ССАЖЯ-ны Хүндэт жуух бичгээр шагнасан. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.