Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “Хасын хүлэгүүд” клубын гүйцэтгэх захирал, багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт, ивээн тэтгэгчид болон тамирчдын төлөөлөл байлцав. Багийн дасгалжуулагч О.Баярцогт “Монгол Улсын Ерөнхийлөгч Та бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд гүнээ талархаж байна. Манай баг Үндэсний лигийн тэмцээнд 2008, 2009, 2010 онд дараалан түрүүлж түүхэн амжилт тогтоосон. Мөн бид энэ онд түрүүлж, түрүүлсэн баг тамирчид нь улсынхаа төрийн тэргүүнтэй уулздаг АНУ-ын жишгийг Монголд тогтоох зорилготой энд хүрэлцэн ирлээ” гэв.
“Хасын хүлэгүүд” клубын ивээн тэтгэгч “Хас” банк, SB Logistics компанийн төлөөлөгчид багийн санхүүжилтийн талаар танилцуулав. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочидтой дурсгалын зураг татуулж, баг тамирчдад алдарт Майкл Жорданы гарын үсэгтэй бөмбөг бэлэглэв.