Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаярын санаачлагаар экстрим спортын “Ажнай” клуб байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэллээ.
“Ажнай” клуб нь уулын спорт, ханан хад, уулын цана, дугуй гээд экстрим спортын төрөлд мэргэжлийн тамирчин бэлтгэж, олон улсын хэмжээнд өрсөлдөх, энэ төрлийн спортыг сонирхогчдын дунд хөгжүүлэхийн төлөө ажиллах юм. Экстрим спортын тус клубыг үүсгэн байгуулахад Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой” компанийн захирал Р.Сэддорж нар дэмжлэг үзүүлж, өвлийн спортыг мэргэжлийн өндөр төвшинд хүргэж хөгжүүлэхэд сэтгэл гарган дэмжлэг үзүүлж байна.
Шинэхэн байгуулсан “Ажнай” клубын тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Sky resort open” тэмцээнд амжилт гаргалаа. Тухайлбал, “Ажнай” клубын тамирчин Г.Лувсанданзан уулын цанын төрөлд, Б.Батцог сноубордын төрөлд тус тус тэргүүлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Г.Лувсанданзан нь Эверестын оргилыг хоёронтоо эзэлсэн гавьяат тамирчин Г.Өсөхбаярын төрсөн дүү юм. Тэрбээр Японд суралцахын хажуугаар цанын спортоор тууштай хичээллэж уулын цанын мэргэжлийн тамирчин болжээ. Г.Лувсанданзан Монголд оюутны амралтаараа ирсэн байна.