Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэж...

“Манай хүүхэд энэ жил их сургууль төгсөх юм. Хонхны баяр тэмдэглэхийн тулд бараг сая төгрөг хэрэгтэй гээд өдөр бүр уйлан дуугардаг боллоо. Хүний хүүхдээс юугаар нь дутаах вэ гээд нөгөө нэхээд байгаа мөнгийг нь өгөх гэхээр хэдэн сарын маань цалин явчих гээд байдаг. Одоо бүр цалингийн зээл авах дээрээ тулчихаад явж байна. Өөр яалтай ч билээ. Ямар хонхны баярт чинь оруулахгүй гэлтэй нь биш. Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд мөнгөний үнэ цэнэ гэдгийг мэдэхээ байчихжээ. Амьдрал дээр гараад мөнгө яаж олох талаар ямар ч ойлголтгүй байгаа хүүхдүүд арга ч үгүй юм уу даа” хэмээн хажуу айлын эгч маань толгой сэгсрэн ярьж байв. Түүний бас нэг охин нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгааг ч дуулгав.

Үнэндээ тэрээр хэдэн жилийн өмнө ханиа алдсан болохоор хоёр хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй, борви бохис хийлгүй ганцаараа ажиллаж өдий зэрэгт хүргэсэн нэгэн. Сувилагчийн цалин тийм ч их биш. Гэсэн хэдий ч хоёр идэхгүй, хоосон хонолгүйхэн шиг хоёр хүүхдээ өсгөсөн түүнд одоо хүүхдүүдийнх нь хонхны баярт хэрэглэгдэх сая таван зуун мянган төгрөг хэрэгтэй болж буй юм. Яахав, цалингийн зээл нь бүтлээ гэхэд энэ айл нэг л өдөр баярлаад үрчихсэн мөнгөнийхөө төлөөсөнд хэдэн сар хоосон хонох болох нь.

Өнөөдөр иймэрхүү асуудалд орчихоод буй эцэг, эх олон бий. Ямар сайндаа “Биднийг арван жилийнхээ сургуулийг төгсч байхад өнөө зуугийн ундаагаа уугаад боов, боорцгоо идээд л өнгөрөөчихдөг байсан шүү дээ. Тэгээд ч гоё ганган хувцастай нь биш оюун ухаантай нь л сайхан харагддаг байлаа. Одоогийн хүүхдүүд оюун ухаанаа цэнэглэе гэж бодохоосоо илүү, гоёж гангалахаа л урьтал болгож байна” гэж халаглав суух вэ дээ. Үнэндээ тэдний үг оргүй биш. Удахгүй болох шалгалт шүүлгээсээ илүүтэйгээр гоёж, гангалахаа урьтал болгоод байгаа нь хэн бүхний нүдэнд ил. Сүүлдээ ч бүр хонхны, эрдмийн баяр нь баян, хоосны ялгааг харуулж бэл бэнчинтэй нь мөнгөөр зодож, ядуус нь хуйхаа маажихад хүргэж буй жишээ дээрхээс авахуулаад олон бий.

Тэгэхээр мөнгөнд захирагдаж биш сайхан дурсамжтай хийдэг байвал яасан юм бэ. Бээжин, Хайнан явж тэмдэглэнэ гэж хөөрцөглөж байхын оронд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг байя. Хэнээс, хаанаас тэр их мөнгийг олох вэ гэж толгойгоо гашилгаж байхаар аль болох зохион байгуулалтдаа анхаарч “Өглөө нь хонхны баяр, өдөр нь лонхны баяр, орой нь хонгоны баяр” гэдэг нэрнээсээ салж,  цэвэрлэцгээх цаг нь болсон юм биш үү, залуус аа. Нэг ч гэсэн дарамтаас нь салгавал эцэг, эхчүүд чинь баярлах нь дамжиггүй.

Эрдмийн баярын зардал хонхны баярынхтай дүйх нь

Их, дээд сургуулиудын хонхны баяртай зэрэгцэн ерөнхий боловсролын сургуу­лийн төгсөх ангийнхан эрдмийн баяраа хийж буй. Хэдэн жилийн өмнө сурагчийн дүрэмт хувцсаа өмсч баяраа тэмдэглэдэг байсан бол сүүлийн үед  заавал дээл хийлгэж өмсөнө хэмээн эцэг, эхээ зовоох болсон. Энэ хэрээр тэдний баярын зардал нь өсч их, дээд сургуулийнхтай бараг дүйх болов.
Саяхан нэг сургууль эцэг, эхийнхээ хурлыг хийж хүүхдүүдийнхээ хонхны баярыг хэрхэн хийх талаараа ярилцаж, 200 гаруй мянган төгрөгөөр тэмдэглэхээр тогтжээ. Үүнд нь анги удирдсан багш, хичээл заадаг бүх багшид цэцэг бэлэг дурсгалын зүйлс авах, ресторанд өдрийн хоол идэх, автобусны үйлчилгээнд, баярын бичлэгийг CD дээр бичүүлж хүүхдүүдэд өгөхөд, оройн амралт хоол, унаа, тоглоомд гээд тус тусад нь мөнгө төсөвлөжээ. Түүгээр ч барахгүй нэг хүүхэд багадаа халаасны мөнгө гэж 10 мянган төгрөгтэй байвал зүгээр хэмээн эцэг, эх нь санал гаргасан байгаа юм. Тэгэхээр бидний халаасыг сэгсэрч гүйцлээ хэмээн гомдоллох болсон эцэг, эхчүүд өөрсдөө ч гэсэн нэгийг бодож хоёрыг тунгаах цаг нь болж.

Хонхны баярын халдвар авсан цэцэрлэгийнхэн

Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүд хонхны баярын синдромд автаад хэдэн жилийн нүүр үзлээ. Хотын багачуудын моод гэгдэж байсан ч эцэстээ орон нутгийнхан ч халдварыг нь авчээ. Харамсалтай нь, нийгмийн гаж үзэгдэл, баярт дуртай монголчуудын зан хэмээгдэж буй ч үүнд хяналт тавих газар өнөөдөр манайд алга. Хариуцсан яамных нь хууль, тогтоомж, дүрэм журамд нь “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ахлах бүлгийнхэн хонхны баяр хийж болно” гэх утгатай өгүүлбэр үзээд өгье гэсэн ч алга байна билээ.
Харин холбогдох мэргэжилт­нүүдээс нь энэ талаар лавлавал “Бидний зүгээс хонхны баяр хийж болохгүй гэж хориглох боломжгүй. Эцэг, эхчүүд л хяналт тавих эрхтэй шүү дээ. Тэгээд ч цэцэрлэгүүд хонхны баяр хийгээд байна гэсэн гомдол ирээд байдаггүй. Учир нь, багш эцэг, эхчүүд нь харилцан тохиролцсоны үндсэн дээр л хонхны баяр тэмдэглэдэг” гэлээ. Харин цэцэрлэгийн багш нарын хувьд “Эцэг, эхчүүдийн сайн дурын үндсэн дээр ийнхүү бяцхан баяр хийдэг юм. Гэхдээ хүмүүс хонхны баяр гээд хэтэрхий их дөвийлгөж ойлгоод байна гэдэг гомдлыг хэлдэг. Тэгэхээр цэцэрлэгийн хүүхдүүд хонхны баяр тэмдэглэж буйг эцэг, эхчүүд нь өөрсдөө өөгшүүлэх биш хяналт тавьдаг болчихвол хэн нэгнийхээ бярыг шалгах хэрэггүй болно. Тэгээд ч хонхны баяр хийх шаардлагагүй гэж хэлэх эрх нь эцэг, эхчүүдэд бий шүү.

1 Сэтгэгдэл
Найз хэрэггүй
Хамгийн их уншсан