Монгол орон зэсээр баялаг гэдэг. Геологичид 1.2 тэрбум тонн цэвэр зэсийн нөөц бий хэмээн таамаглаж байна. Одоогийн байдлаар 36.3 сая тонн нөөц тогтоогдоод байгаа. Эдүгээ Монголд хайгуул хийсэн 11 орд, их хэмжээний нөөц байж болох 90 гаруй илрэл бий.
Манайд умард, төв, өмнөд, дорнод, баруун бүс нутагт зэсийн хүдэр их байдаг аж. Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын нутгийн заагт Оюу толгой, Эрдэнэтээс дутахгүй нөөцтэй зэсийн орд илрүүлсэн. Энэ бүс нутагт зэсийн хүдэржилт ихтэй ажээ. Монгол орны нутаг дэвсгэрт 1960-аад оноос геологийн судалгаа эрчимжсэн. Энэ үеэс л нүүрс, алт, зэсийн томоохон орд нээгдэх болсон юм.
Орхон, Сэлэнгэ мөрний сав газрын урт 500, өргөн нь 150 км. Энэ нутгийг зэсийн хүдрийн хойд муж хэмээдэг. Учир нь, зэс, төмрийн хүдрийн нөөцөөр баялаг. Тухайлбал, Эрдэнэт, Борц уулд зэсийн нөөц бий. Геологичид Монгол орны хойд нутагт Идэр, Эрдэнэт, Ханхөхийн нуруунд зэсийн хүдрийн бүлэг илэрц байгааг тогтоосон. Эдгээрээс хамгийн их судлагдсан нь Эрдэнэтийн хүдрийн зангилаа байдаг. Энэ нутагт зэсийн хүдэр баруун хойноос зүүн урагшаа чиглэн хуримтлагдсан ажээ. Үүнээс гадна уг сав газрын зүүн хэсэгт алт, төмрийн хүдрийн нөөц их бий.
Монголын зүүн хилээс Дундговиор дайрч Говь-Алтайн Шаргын говийн хотгор хүртэлх 1000 км урт, 150-300 км өргөн нутгийг зэсийн хүдрийн төв муж хэмээн нэрлэдэг. Энэ мужид зэсийн нөөц багатай ч, олон илэрц байдаг. Өнөөгийн байдлаар хайгуул хийсэн, илрүүлсэн орд алга. Харин Улаан, Цав, Төмөртийн-Овооны холимог металлын орд бий. Цаашид хайгуул хийх шаардлагатай бөгөөд нөөц өсөх боломж байгаа ажээ.
Сайншандаас Аж богдын нуруу хүртэлх 700 км урт, 200 км өргөн нутгийг зэсийн хүдрийн өмнөд муж хэмээн нэрлэдэг. Энэ мужид геологийн судалгаа харьцангуй сайн хийж зэсийн томоохон ордууд илрүүлсэн. Тухайлбал, Цагаансуварга, Хөнгөөт, Нарийнхудаг, Хармагтайн зэсийн ордууд бий. Цагаан суваргын зэс молибденийн орд стратегийн ордын нэг. Эдүгээ тус ордыг ашиглах бэлтгэл ажил хийж буй. Тус орд 141.5 сая тонн зэсийн хүдэртэй. Зэсийн нөөц нь 568.6 мянган тонн гэдэг. Мөн 4.2 тонн алтны нөөц байдаг аж. Уг ордыг ашигласнаар жилд 70 мянган тонн зэс үйлдвэрлэх тооцоо байна.
Цэвэр зэс хэзээ үйлдвэрлэдэг болох вэ
Өнөөдөр уул уурхайн салбар тэр дундаа зэс манай улсын орлогыг тодорхойлогч билээ. Дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ өчигдрийн байдлаар 8600 ам.доллар байна. Энэ нь өсч байна гэсэн үг. Учир нь, энэ сарын эхнээс эхлэн зэсийн үнэ аажмаар унаж байсан юм. Манай улсын төсвийг бүрдүүлэгчийн нэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр л зэсийн баяжмал экспортолж буй. Тус үйлдвэр жилд 534 орчим мянган тонн зэсийн баяжмал экспортолдог. Энэ нь 122 мянган тонн цэвэр зэс болох ажээ. Эрдэнэтийн овоо орд өнгөрсөн жилийн байдлаар нэг сая гаруй тонн зэсийн хүдрийн нөөцтэй байв. Үүнээс 4.6 сая тонн зэс үйлдвэрлэх юм. Мөн молибденийн нөөц нь 125414 тонн ажээ. Хойд хөрш манайхаас зэсийн баяжмал авах сонирхол их бий. Угтаа, Уралын зэс хайлах үйлдвэр нь түүхий эдээр цангаж буй аж. Иймд Монгол, Казахстан улсаас зэсийн баяжмал импортлох нь. Энэ намраас Оюу толгой ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орно. Тус орд 3.3 сая гаруй тонн хүдрийн нөөцтэй бөгөөд 31.1 сая тонн зэс ялган авах бололцоо бий. Мөн 1.3 тонн алт, 7.6 тонн мөнгө олборлох юм. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 2013 онд 111 мянган тонн цэвэр зэс ялган авах хэмжээний баяжмал үйлдвэрлэх тооцоо байдаг. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадал нь өссөөр жилд 775 мянган тоннд хүрэх төлөвлөгөө байна.
Ийнхүү зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсөх тул түүнийг боловсруулж цэвэр зэс ялган авах үйлдвэр байгуулах болсон. Одоогоор Эрдэнэтийг түшиглэж жилд 90-120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл судалгаа хийж буй аж. Уг үйлдвэр зэсээс гадна мөнгө ялган авах бололцоотой. Үүнээс гадна Сайншандад 250-500 тонн цэвэр зэс жилд үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл бий. Уг үйлдвэр Оюу толгой, Цагаансуваргын зэсийн баяжмалыг боловсруулах юм. Мөн алт, мөнгө бас ялган авах ажээ. Гэвч зэс хайлах үйлдвэр ашиглалтад орох хугацаа өнөөдөр тодорхойгүй л байна.
Зэсийн хэрэглээ өсч эрэлт нэмэгдсэн тул үнэ улам л өсөх болсон. Уг метал цахилгаан, дулаан сайн дамжуулдаг тул төрөл бүрийн үйлдвэрлэл, барилгад ашигладаг. Хүн төрөлхтөн 10 мянган жилийн тэртээгээс зэсийг ашиглаж эхэлсэн. Энэ металаар сав, гоёлын зүйлс, зэвсэг хийж иржээ. Зэсийн бал нь ургамал, амьтанд чухал тэжээл болдог боловч хордуулах бас аюултай. Америк тивд орших Андын нуруу тэр чигээрээ зэсээр баялаг юм. Иймээс Чили, АНУ зэсийн хамгийн их нөөцтэй ажээ. Тухайлбал, Чили улс 140 сая орчим тонн зэсийн нөөцтэй хэмээдэг. Зэсийн үйлдвэрлэлээр дээрх хоёр улсаас гадна Австрали, Канад, Перу зэрэг улс тэргүүлдэг. Дэлхийн хэмжээнд ашиглах боломжтой батлагдсан нөөц 470 сая тонн байна. Хүдэр дэх зэсийн агууламж нь 0.3 хувиас илүү байвал ашиглах боломжтой гэж үздэг. Дэлхийн жишигт нөөц нь таван сая тонноос дээш бол маш том, нэг сая тонн бол том, 100 мянга бол дунд зэргийн орд хэмээдэг.