Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жэй-Зи: ЭЭЖДЭЭ БАЙШИН АВЧ ӨГӨХДӨӨ Л ӨӨРӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН

Тэр 13 настайдаа кокайн зардаг хүү байлаа. Харин 30 насандаа хип хопын домог болсон юм. Энэ гайхалтай намтар түүхээ тэрээр “Граммаас Грэмми хүртэл” гэж товчхон дүгнэдэг. Энэ бол хип хопын хамгийн баян рэпперүүдийн нэг Жэй-Зигийн түүх билээ. Хип хопын ертөнцөд 1990-ээд оноос од болон танигдсан тэрээр 50 сая цомог борлуулж, рэпперүүд дундаа санхүүгийн хувьд хамгийн өндөр амжилтад хүрсэн юм.  Жэй-Зи өдгөө зөвхөн хип-хопоор хязгаарлагдахгүй олон салбарт амжилттай бизнес эрхэлж яваагийн дотор шоу бизнес тэр дундаа продюсерийн чиглэлээр өндөр амжилтад хүрч, Рианнагаас эхлээд олон одыг гаргаж ирсэн билээ. Өөрийнх нь бүтээж, буй болгосон энэ ертөнцийг чимэх бас нэгэн зүйл байдаг нь түүний эхнэр Бионсе юм. “Destiny’s Child” хамтлагийн экс гишүүн,  дуучин Бионсетэй олон жил хамтран амьдарсны эцэст 2008 онд даруухан гэгч нь хуримаа хийсэн Жэй-Зигийн гэр бүл энэ оны эхээр Блю Айви Картер хэмээх бяцхан охинтой болсон.  
Ингээд рэппер Жэй-Зигийн Опрагийн ток шоунд өгсөн ярилцлагыг хүргэе.


-Хүн бүрт хүүхэд нас­ны арилж гээгддэггүй, мартаг­дашгүй дурсамж гэж байдаг. Таны хүүхэд насны хамгийн сайхан гэгээн дурсамж юу вэ?
-Анх дугуй сурч байсан маань санаанд орж байна. Намайг дөрөв билүү таван настай байхад авга ах маань нэг унадаг дугуй авч өгсөн юм. Гэхдээ хөл маань дөрөөндөө хүрэхгүй. Их том дугуй байсан л даа. Дугуй унаж явахын бөөн хүслэн болсон би рамныхаа төмөр дээр хөлөө тавьж байгаад л жийж өгдөг байлаа. Тэр дугуйныхаа ачаар би гудамжныхаа хамгийн алдартай хүүхэд болсон доо.

-Намайг туйлын ядуу зүдүү амьдралд өссөн гэд­­гийг та мэднэ. Харин та хүүхэд байхдаа ядуу амьд­ралын хатуу хөтүүг мэдэрдэг байсан уу?
-Үгүй ээ. Гэхдээ сургуульд орсныхоо дараа шинээр гарсан сникерс авах гээд мөнгө хүрэхгүй үед сэтгэл гонсойдог байсныг санаж байна. Намайг бага байхад манайх дандаа л тахиа иддэг сэн. Тахианы мах хямдхан болохоор бүх л хоол маань тахиа. Ялгаа нь далавч, мөч, гуя гэдгээрээ л өөр байсан байх. 
 
-11 настай байхад аав тань гэрээ орхиж явсан гэдэг. Тэр үед бяцхан хүүгийн дотор юу болж байсан бол?
-Бөөн уур хилэн. Өсч яваа хөвгүүдийн хувьд аав гэдэг супер баатар нь байдаг шүү дээ. Гэтэл тэр супермэн байх ёстой хүн нь чамайг орхиод явчихвал яах вэ. Тэр сайхан бахархал үүрд үгүй болж, дахиад хэзээ ч ийм муухай мэдрэмж амсахгүй гэсэн хатуу бодол төрдөг юм билээ. Аавыг явснаас хойш би маш дуугүй, хүйтэн хөндий хүүхэд болж хувирсан. Хэнийг ч өөртөө ойртуулах дургүй. Тэр хүйтэн мэдрэмжийг би дахин  аавтайгаа уулзах хүртэл дотроо тээж явсан.

-Эцэг эх нь салсан олон хүнтэй би өмнө нь ярилцаж байсан. Тэгэхдээ тэд яагаад хоёр тийшээ болж байгаагаа хэзээ ч үр хүүхдүүддээ тайлбарладаггүй. Нэг л өглөө сэрэхэд нь яваад өгсөн байдаг. Энэ бол хамгийн аймшигтай алдаа. Танд бас ийм зүйл тохиолдсон уу?
-Ээж аав маань салах гэж байгаагаа бидэнд хэлсэн л дээ. Гэхдээ яагаад гэдгээ тайлбарлаагүй. Ааваас илүү ээж минь л биднийг сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах гэж их хичээж байсан.

-Аавыгаа яагаад гэрээсээ явсан гэж та боддог байсан бэ?
-Тэд таарч тохирдоггүй бай­сан юм. Дандаа л маргал­ддаг байлаа. Тэр үед би ээжийгээ хамгаалах юм сан гэж их боддог байсан. “Ээж ээ, битгий санаа зов оо, би том болоод бүх зүйлийг сайхан болгоно” гэж хэлдэг байсан. Тэр үед би бушуухан өсч том болохыг л хүсдэг байлаа.

-Таныг 12 настайдаа ахын­хаа мөр рүү буудаж бай­сан гэж сонссон. Магад­гүй аав тань орхиж явсан нь үүнд холбоотой юу?
-Тийм ээ. Би тэр үед дандаа л уурлаж явдаг хүүхэд байлаа. Гэр бүлээ хамгаалах эр хүн гэж өөртөө том үүрэг хүлээлгэчихсэн. Тэгээд ах маань болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд яваад байсан учраас тийм юм болсон.

-Ах чинь хэдэн настай байсан бэ?
-16-тай. Тэр хар тамхины хэрэг­тэй их орооцолддог бай­сан юм. Би гэр бүлээ хамгаалах гэж л тийм юм хийсэн.

-Та ч бас хар тамхи наймаалдаг байсан биз дээ?
-Тийм ээ. Энэ бол манай тэндэхийн амьдралын нэг хэв маяг, бидний хувьд ердийн зүйл болоод байсан. Хар тамхины наймаачид гоё ногоон өнгөтэй BMW унаж ирээд л нүд унагадаг байлаа. Тэдний тэгж тансаг амьдарч байгаад нь юу ч мэдэхгүй хүүхдүүд сэтгэл татагдаж, өөрийн эрхгүй тэр ертөнц рүү яваад орчихдог.

-Тэр үед та хэдтэй бай­сан бэ?
-13-тай л байсан байх.

-Ингэж яваад амь насанд чинь аюул учирч магадгүй гэж айж байгаагүй хэрэг үү?
-Тийм ээ, үүнийг аюултай гэж ер боддог байгаагүй. Амьдралдаа эрсдэл хийж байна ч гэж мэддэггүй. Миний амьдрал одоо ийм дор байхад үүнээс илүү муу зүйл тохиолдоно гэж юу байх вэ гэж л боддог байсан.

-Дунд сургуулийн сурагч жаал хар тамхи наймаалаад л. Гэхдээ таныг зургадугаар ангид байхдаа 12 дугаар ангийнхны шалгалтыг ядах юмгүй өгчихдөг байсан гэдэг үнэн үү?
-Би үнэндээ ном уншиж, хичээл давтдаг хүүхэд байгаа­гүй. Харин өдөржингөө л мөр­өөдөж суудаг байлаа.

-Юун тухай?
-Сагсан бөмбөг тоглохыг. 

-Сагсан бөмбөгт дуртай Жэй-Зи хэзээнээс хип хоп сонирхож эхэлсэн бэ?
-Есөн настайгаасаа. Гэхдээ тийм ч хүчтэй сонирхдог байгаагүй л дээ. Учир нь, тэр үед рэпперүүд тэгтлээ хү­чээ авч, амжилтад хүрээгүй бай­сан юм. Харин хар тамхины наймаачид л миний хамгийн их харж дуурайдаг хүмүүс байлаа. Харин хип хоп хөгжихийн хэрээр хар тамхины наймаачид байсан хүмүүс үглэж, DJ хийдэг болж эхэлсэн.

-Таны хүүхэд насанд үлгэрлэн дуурайх хүн бай­гаа­гүй юу?
-Тийм хүн гэвэл ээж маань л байлаа. Хоёр давхар ажил хийдэг ээж минь бидний төлөө бүхнээ зориулдаг байсан.

-Багадаа тэгтлээ хип-хопт дурладаггүй байсан болол­той. Тэгээд рэпийг өө­рийн­хөө карьер болгоё гэж хэзээ шийдсэн юм бэ?
-Тийм ээ, эхэндээ рэппер байна гэдэг миний хувьд боломж­гүй мэт санагддаг бай­сан. Харин Жаз /Жэй-Зигийн зөвлөх байсан менежер/ надтай гэрээ хийхийг санал болгох үед “Хөөх, би бас рэппер болж болох юм байна” гэж анх бодсон. Тэгээд Жаз намайг Лондон руу авч явж, анхны цомгийг маань бичүүлсэн. Тэгж л Мэрси хэмээх харуудын хорооллын нийтийн байранд өссөн би гэдэг хүн анх Лондоны орон сууцанд хоёр сар амьдарч үзсэн.

-Та угаасаа л үглэх авь­яастай байсан уу?
-Энэ бол надад өгсөн бурх­ны бэлэг гэж би боддог.

-Лондонд очсоныхоо да­раа хар тамхины ертөн­цөөс холдохоор шийдсэн үү?
-Үгүй ээ. Яагаад гэвэл хөгжмөөр яваад тийм ч их амжилтад хүрэхгүй байх гэж боддог байсан юм. Тийм болохоор амьдралаа авч явах мөнгө олохын тулд хажуугаар наймаагаа хийсээр л байлаа. Тэгээд ч Жазтай хийсэн эхний цомог маань бүтэлгүйтэж, би эргээд л Мэрси хороололдоо ирсэн. Уг нь, тэр үед өөр нэг бичлэгийн студиэс надтай гэрээ хийхийг хүссэн ч Жаз л намайг анх ийш нь татаж оруулсан учраас тэдэнтэй хамтарвал урвасан хэрэг болно гээд татгалзаж байсан.
 
-Тэгээд хэзээ энэ бүхнийг жинхэнээсээ орхин явахаар шийдсэн бэ?
-Эргэн тойронд маань байгаа хүмүүсийн зарим нь шоронд орж, зарим нь амиа алдаж байгааг хараад л ингэж яваад сайн юманд хүрэхгүй нь гэж бодох болсон. Тэгээд л хөгжмөө хөөж эхэлсэн.

-Тэр үеийг одоо эргээд харахад харамсдаг уу?
-Тийм ээ, харамсдаг. Гэхдээ тэр үед хожим нь ингэж харамсахаа ч мэдэхгүй явдаг байв. Үнэнийг хэлэхэд хар тамхи наймаалсан мөнгөөрөө машин, үнэт эдлэл авдаг үрэлгэн амьдралын хэв маяг намайг өөртөө татаж, бараг донтуулах шахаж байсан. Тэр үед би 20 л гарч байсан байх. 

-Гэхдээ тэр үед хийсэн “Reasonable Doubt” цомог тань амжилт дагуулснаар хөгжимдөө үнэнчээр зүтгэх болсон байх, тийм үү?
-Тийм ээ. Миний амьдралын бүхэл бүтэн 26 жил түүн дотор багтсан. Миний хэлэхийг хүссэн, дотор бачуурч бугларсан юм бүхэн энэ цомгоор гарсан.

-Амжилтад хүрснийхээ дараа аавтайгаа эргэж уулз­сан уу?
-Тийм ээ. Ээж маань бид хоё­рыг уулзуулсан.

-Тэр уулзалтын тухай яриач?
-Аавтайгаа уулзсан нь амьдралыг минь их өөрчил­сөн. Түүнтэй уулзсанаас хойш би хүйтэн цэвдэг хүн бай­­­хаа больж, өөр бусад хү­нийг амьдралдаа оруулж эхэл­­сэн. Өмнө нь би өөртөө хана босго­чихоод хэнийг нэвтрүүл­дэггүй, үргэлж хаалттай амь­дар­даг байсан.

-Тэгвэл аав, хүү хоёрын уулзалт их сэтгэл хөдлөм байжээ?
-Ээж маань л биднийг уул­зуу­лах гэж их хичээсэн. Намайг хахир муухай ааштай хүн болж байсан учраас л сэтгэлийн минь шархыг эдгээх гэж аавтай уулзуулсан юм билээ. Эхэндээ би аавтай уулзахыг хүсээгүй. “Ээж ээ, би одоо насанд хүрсэн эр хүн. Надад одоо аав хэрэггүй. Тэгээд ч тэр ирэхгүй” гэж хэлсэн. Гэвч тэр зөрсөөр байгаад намайг авч явсан боловч үнэхээр миний хэлснээр аав ирээгүй. Гэвч тэр дахиад л хоёр дахиа уулзаад үзье гэсэн.

-Аав тань ирсэн үү?
-Ирсэн. Тэр өдөр би түүнд жинхэнэ лекц уншиж өгсөн л дөө. Түүнийг явсны дараа надад ямар хэцүү байсныг бүгдийг нь уудалж ярьсан. Тэр ч өөрийнхөө бурууг хүлээсэн.

-Тэр та нараас хол амьдарч байсан уу?
-Хамгийн эмгэнэлтэй нь, тэр биднээс ердөө 10 минут яваад л хүрэх зайд ээжийнхээ байранд амьдарч байсан.

-Тэгээд яагаад та нарыг орхиж явснаа тайлбарласан уу?
-Намайг есөн настай бай­хад аавын маань дүү хүнд хут­га­луулж нас барсан юм. Тэр явдлаас хойш аав сэтгэлээр их унаж, хар тамхи татаж эхэл­сэн. Мансууруулах бодист донтсо­ноосоо болоод өөр хүн болж хувирсан. Дүүг нь хөнөөсөн хү­нийг байнга эрж хайдаг, хэ­зээ ч хамаагүй буу аваад гараад явчихдаг байв. Үүнд нь ээж дургүйцэж, тэгээд л тэд маргалддаг болсон.

-Тэр уулзалтаас хойш аав хүү хоёрын харилцаа сэргэсэн үү?
-Тийм ээ, гэвч харамсалтай нь удаан үргэлжлээгүй. Бид­нийг эргэн уулзах үед элэгний өвчин нь маш хүндэрсэн бай­сан. Архи уусаар байвал удаан амьдрахгүй гэдгээ мэдсээр байсан ч өөрийгөө хорьж ча­даа­гүй. Ердөө хоёр сар л амьдарсан. Би түүнд нэг тавил­гатай байр л авч өгсөн. Түүний төлөө өөр зүйл хийж амжаагүй дээ.

-Та сүсэг бишрэлтэй юу?
-Би хувь тавиланд итгэдэг. Бусдад юу хийсний чинь үр дагавар үргэлж өөрт чинь ирнэ гэдэгт итгэдэг.

-Амьдралын сайхан нь цуцатлаа хөдөлмөрлөснөөр хэмжигдэхгүй. Харин хам­гийн жаргалтай сайхан мө­чүү­­дээр л хэмжигдэх байх. Таны хувьд юу хамгийн их баяр баясгалан өгдөг вэ?
-Эргэн тойрны минь хүмүүс аз жаргалтай байх нь. Жишээлбэл, би Италийн Каприд анх очоод тэндэхийн шпагетти идэж үзлээ. Тэр бол энгийн хэрнээ маш сайхан амттай шпагетти байсан. Би шууд л найзууд руугаа утасдаж, хурдан ирж энэ сайхан шпагеттинаас хуваалцахгүй юм уу гэж дуудсан л даа. Найзууд маань зарим нь онгоцоор, галт тэргээр, бүр завиар ирж, надтай цуг хооллосон. Ийм л агшнууд намайг жаргалтай болгодог.

-Та хэнд хамгийн хайр­тай вэ?
-Би хүн болгонд хайртай, хүн болгон надад хайртай. /инээв/

-Тийм ээ, хүн болгон танд хайртай. Тэд бас таныг маш ухаалаг гэж үнэлдэг. Харин та өөрийгөө хэр ухаантай гэж боддог вэ?
-Би ер нь яриа хүн биш. Харин бодож тунгаах дуртай. Надад өндөр хэмжээний боловсрол байхгүй л дээ. Гэхдээ би амьдрал мэддэг, бас төрөлхийн зөн совинтой хүн гэж өөрийгөө боддог.

-Тэгвэл өөрийгөө сайн бизнесмэн гэж боддог уу?
-Тийм ээ, яагаад гэвэл би бод­сон зүйлээ хэрэгжүүлж чад­­даг.

-Та хэзээ өөрөөрөө хам­гийн их бахархсан бэ?
-Гэр бүлээ авч явах чадал­­тай болсон үедээ. Энэ бол бяцхан хөвгүүн бүрийн мөрөө­дөл, тийм биз дээ. Ээждээ байшин авч өгнө гээд л.

-Таны эргэн тойронд өссөн хөвгүүдээс ихэнх нь шоронд орж, зарим нь шороонд булагдсан. Харин та тэднээс өөр байсны учир нь юунд байна вэ?
-Бурхны л хайр хишиг байх. Тэр бүхнээс амьдралаа татаж авъя гэсэн ухаан бодол надад хайрласанд талархаж явдаг.

-Одоо танд хийхийг хүсч буй зүйл бий юу?
-Хип-хоп урлагийг хүмүүст эергээр ойлгуулахыг хүсч байна. Өнөөдөр манай гэр бүлийн хэн нь ч идэх хоолныхоо төлөө санаа зовохоо болих хэмжээнд хүрлээ. Хип-хоп л намайг өдий зэрэгт хүргэсэн. Тийм учраас одоо эргээд энэ урлагийн төлөө би юм хийх ёстой. Дараа үеийн хүүхэд багачуудын төлөө илүү сайхан орчин бүрдүүлж өгөхийг хүсч байна.

-Би рэпперүүдтэй нэг л зүйл дээр санал нэг­дэж чаддаггүй. Тэр бол хараа­лын үг. Хип хоп дуу заавал хараалын үгтэй байх ёстой юм уу?
-Заавал байх албатай юм биш л дээ. Гэхдээ энэ бол бидний харилцааны нэг хэсэг. Бидний үеийнхэн ингэж л ярьдаг байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан